ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-09-26
Г.Мэндсайхан: Тусгай зөвшөөрөл олгох болон сунгах эрх ИТХ-д байхгүй

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд уул уурхайн ашиглалтын зөвшөөрөл  хавтгайруулж олгосноор байгаль орчин, ус, мал амьтны амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байна гэх мэдээлэл цахим сайтад гарсны дагуу тус сумын ИТХ-ын дарга Г.Мэндсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Даланжаргалан сумын ИТХ хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хавтгайруулж  олгоод буй гэх мэдээлэл байна. Энэ үнэн юм уу?
-Манай суманд ашиглалтын болон хайгуулын нийт 108 орчим зөвшөөрөл бий. Үүнийг хоёрхон жилийн хугацаанд олгосон юм шиг яриад байгаа. Энэ бол олон жилийн хугацаанд олгосон зөвшөөрөл. Хамгийн сүүлд сумын хурлаар нүүрс угаах хоёр үйлдвэр, шахмал түлшний нэг үйлдвэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн тогтоол баталсан. Шахмал түлшний үйлдвэр нь Хятадын хөрөнгө оруулалттай.  Иргэдийн төлөөлөгчдийн хурал зөвхөн дэмжсэн тогтоол баталсан. Зөвшөөрөл олгох эрх нь  тухайн салбарыг хариуцсан төрийн төв байгууллагад бий.
-Компаниудын лиценз эзэмшсэн газрынх нь эрхийг сунгах, эзэмших эрх олгох шийдвэрийг сумын ИТХ-ын төлөөлөгчид олонхиороо түрж шийдвэр гаргаад байна гэж танай ИТХ-ын төлөөлөгч н.Болдбаатар хэвлэлд ярьсан?
-Тусгай зөвшөөрөл сунгах эрх ИТХ-д байхгүй. Нэг ч газрын зөвшөөрлийг сунгаагүй. Хурал аливаа шийдвэрийг олонхоороо дэмжиж баталдаг. Төлөөлөгч н.Болдбаатар ч мөн адил гар өргөж заримыг нь дэмжиж л байсан. Бид ирэх долдугаар сард сумын ИТХ-ын төлөөлөгчдийн өдөрлөгийг баг бүрт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ арга хэмжээний үеэр тухайн багийн газар нутагт хэчнээн лиценз олгосон, ямар компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээллийг олон нийтэд хүргэнэ.
Ер нь уул уурхайн лицензтэй холбоотой мэдээллийг ил болгож цахимд байршуулахаар ажиллаж байна. Сумын ИТХ ямар компанийг дэмжиж шийдвэр гаргасан, ямарыг нь дэмжээгүй гэдгийг олон нийт үзэж танилцах нь  хардлага сэрдлэгэд хариу өгөх зөв шийдэл байх.
-Газрыг хятадуудад эзэмшүүлж  эрх олгоод байна гэсэн?
-н.Болдбаатар өөрөө сумын ИТХ-ын төлөөлөгч. Албан ёсоор хүсэлтээ гаргаж Ажлын хэсэг байгуулж нягтлах хэрэгтэй. Тэрнээс бус таамгаар ярьж болохгүй л дээ.
-Сумын нийт газар нутгийн хэдэн хувь нь лизэнтэй талбай эзэлдэг вэ?
-Одоогоор шууд хэлэхэд хэцүү. Албан ёсны мэдээллийг тоо баримт харж хэлэх нь зөв байх. Сумын нийт нутгийн 70-80 хувь нь уул уурхайн лицензтэй гэсэн худал мэдээлэл байдаг. Тиймээс сумын газар нутагт хэдэн оноос эхэлж хэчнээн лиценз олгосон талаарх судалгааг гаргаж иргэд олон нийтэд удахгүй нээлттэй хүргэнэ.
-Сумын хэмжээнд уурхайгаас болж уудаг ус багассан. Мөн Алаг чулуу гэдэг газарт компаниуд газраа хашаалж малын бэлчээрийг үгүй хийж байна гэсэн мэдээлэл байна?
-Монгол орны газар бүрт л усны нөөц хомсдож байгаа. Манайд ч ажиглагдаж л байна. Харин  уул уурхайн нөлөөллөөс болж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллага тогтоох байх. Газрын нэрийг андуурсан юм болов уу. Манай суманд  нинжа нар бужигнаж өнгөт чулуу гар аргаар олборлож байсан үе бий. Нинжа нараас ямар ч хариуцлага нэхээд нэмэргүй. Тухайн газрыг албан ёсоор ашиглаж газрыг нөхөн сэргээх зорилгоор нэг компаниас хүсэлт ирүүлснийг хурал дэмжсэн. Учир нь хариуцлага нэхэх үүднээс ийм шийдвэр гаргасан. Нинжа нараас хамгаалж тухайн компани газраа хашаалсан гэж сонссон. Би очиж үзээгүй. Малчдаас тухайн компанитай хоблоотой гомдол одоогоор ирээгүй.
 -Уул уурхайн чиглэлээр сумын ИТХ цаашдаа ямар бодлого баримталж ажиллах вэ?
-Улс орны эдийн засаг, орон нутгийн хөгжил дэвшилд хэрэгтэй төсөлд бид айхтар хязгаарлаад байхгүй. Гол нь компаниуд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бичиг  баримт бүрдүүлж, үйл ажиллагаа явуулахдаа ямар нэгэн зөрчил гаргахгүй байх нь чухал.

 



Г.Мэндсайхан: Тусгай зөвшөөрөл олгох болон сунгах эрх ИТХ-д байхгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0