ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-15
Зүүнбаянд нефтийн үйлдвэрийн 70 жилийн ой тохиож байна

Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаян тосгон, Нефть үйлдвэр байгуулагдсаны 70 жилийн ой наймдугаар сарын 24-нөөс 25-нд болж байна.

Сайншанд сумын ЗДТГ, Зүүнбаян тосгоны захирагчийн Ажлын албанаас тосгоны өнгө үзэмжийг сайжруулах, гэр хороолын гудамж талбайг цэгцлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, тохижуулах зорилгоор “Хамтдаа тохижуулъя” аяныг зарлаж дүнгээ гаргасан аж.

Ойн баярын үеэр Монголын анхны, хамгийн том задгай усан бассейныг засварлаж, нефтийн дурсгалын хөшөөний нээлтийг хийлээ. Мөн баярын хурал болж, "Саран хөхөө" театрын уран бүтээлчид хүндэтгэлийн концерт тоглосон бол эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ахмадууд, залуу дунд үеийнхнийг төрийн дээд одон медаль, салбарын болон аймаг орны шагналаар шагнаж урамшуулав.

Наадмаар хязаалан, шүдлэн, даага, соёолон насны морь уралдсан бол шагай, сурын харваа, хүчит бөхийн барилдаан болж байна. Зүүнбаян 1949 онд нефтийн үйлдвэрийг түшиглэсэн  Монголын анхны хүнд үйлдвэрийн төв  болон хөгжих эхлэлээ тавьсан  байдаг.

Нефтийн үйлдвэрийн 70 жилийн ойн баярт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр болон нефтийн үйлдвэрт ажиллаж байсан ахмадууд, зочид төлөөлөгчид, наадамчин олон, нутгийн иргэд оролцож байна.



Зүүнбаянд нефтийн үйлдвэрийн 70 жилийн ой тохиож байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0