ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-09-19
Бүтээн байгуулалтын ажлыг чанартай гүйцэтгэж, хугацаанд нь ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Сайншанд суманд энэ жил 1000 хүний суудалтай спорт цогцолбор, IV багт 300 метр хатуу хучилттай авто зам, III, IV багт Иргэдийн хөгжлийн төв, Хамарын хийд хүртэлх 6,8 км авто зам, цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Сайншанд суманд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж цаашид ажлыг түргэн шуурхай, чанартай гүйцэтгэх, тогтоосон хугацаанд ашиглалтад оруулах талаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

 

Сайншанд сумын III, IV  багт Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орно 

 

Орон нутгийн төсвийн 398 сая  төгрөгийн хөрөнгө оруулалтаар дөрөвдүгээр багт Иргэдийн хөгжлийн төвийг “АЙСУЙ ХӨГЖИЛ” ХХК барьж байна. Нэг давхартаа өрхийн эмнэлэг байрлах бол хоёрдугаар давхарт дөрөвдүгээр багийн Ажлын алба байрлаж төрийн үйлчилгээ үзүүлнэ.

Одоогоор ажлын гүйцэтгэл 75 хувьтай байгаа бол үлдсэн ажлыг гэрээний дагуу дуусгаж 10 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж компанийн ерөнхий инженер Г.Урнаа ярилаа. Харин Сайншанд сумын гуравдугаар багт баригдаж байгаа Иргэдийн хөгжлийн төвийг 378 сая төгрөгийн өртгөөр “Энержи парагон” ХХК гүйцэтгэж буй.

Ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бөгөөд есдүгээр сарын 15-н гэхэд ашиглалтад хүлээлгэн өгнө гэж компанийн менежер М.Амартүвшин ярив.

Одоогоор 215 орчим сая төгрөгийг зарцуулаад байгаа аж. Өнгөрсөн 2017, 2018 онд Сайншанд сумын I, II, VI, VII багт “Иргэдийн хөгжлийн төв” ашиглалтад оруулаад байна.

Сайншанд сумын тохижилт бүтээн байгуулалтын ажилд “ДЭЛГЭР БАЯСАХ” ХХК тендер сонгон шалгаруулалтаар шалгарч хэд хэдэн ажлыг гүйцэтгэж байна.

 

“ДЭЛГЭР БАЯСАХ” ХХК-ийн захирал Ш.Эрдэнэбаатар:

 Бүтээн байгуулалт, тохижилтын ажил хэвийн явж байна

 

Манай компани энэ жил хэд хэдэн сонгон шалгаруулалтад тэнцэж нийт 800 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж байна.

Үүнд төмөр замын 123, 125 дугаар байрны гадна тохижилт, нэг, хоёрдугаар 58 айлын гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, Цагдаагийн газраас Нэгдсэн эмнэлэг хүртэлх явган хүний зам барих зэрэг ажлыг гүйцэтгэлээ.

Мөн  дөрөв, долдугаар багийн иргэдэд зориулсан “Буянт-Ухаа” цэцэрлэгт хүрээлэнг 120 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр тохижуулах ажлыг эхлээд байна.

Цэцэрлэгт хүрээлэнг усан оргилуур, сандал, сүүдрэвчтэй, ногоон байгууламжтай, хүүхдийн тоглоомын талбайтай, хүн амарч суухад тохилог орчин болгон тохижуулахаар ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгнө.

 

Бага сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай

 

 

Сайншанд сумын дөрөвдүгээр багт барьж байгаа 320 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилга угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй.

Сургуулийн барилгыг улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өгөөмөрөн шанд” ХХК барьж буй бөгөөд 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй талаар барилга хариуцсан захирал Т.Батчулуун ярив.

 

Од

оогоор барилгын засал, гадна тохижилтын ажил үлджээ. Сайншанд сумын дөрөвдүгээр багийн ерөнхий боловсролын III сургууль 400 орчим хүүхдийн багтаамжтай хэдий ч багтаамж хоёр дахин ихэсч 800 гаруй хүүхэд сурч байна. Бага сургуулийг ашиглалтад оруулснаар ачаалал багасч өдөрт хоёроос гурван ээлжээр хичээллэдэг байдал үгүй болж хэвийн хичээллэх боломж бүрдэх аж.

 

Хатуу хучилттай замыг дахин хучихыг даалгав

 

Сайншандын дөрөвдүгээр баг буюу төмөр замын сууринд Иргэдийн хөгжлийн төв, 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, Өрхийн эрүүл мэндийн төв баригдаж байна.

Цогц байдлаар баригдаж байгаа бүтээн байгуулалтын эргэн тойрныг тохижуулах ажил хийгдэж буйгаас гадна авто машин зорчих боломжийг бүрдүүлэх үүднээс төв замаас зүүн тийш дээрх бүтээн байгуулалт хүртэлх 0,3 км хатуу хучилттай авто замыг шинээр барих ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Дорноговь АЗЗА” ТӨХК гүйцэтгэж буй.

Долдугаар сард эхэлсэн зам засварын ажлын гүйцэтгэл тааруу, чанар муу байгаа аж. Тиймээс ажлын чанарыг сайжруулах, дахин хучилт хийж 09 дүгээр сарын 04-нд дуусгаж хүлээлгэн өгөхийг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин холбогдох албаныханд даалгалаа.

Замын ажлын гүйцэтгэлийн талаар “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн  ХААБ-ын инженер Н.Нандинхүүгээс тодруулахад “Манай компани Замын сангийн 290 орчим сая төгрөгийн хөрөнгөөр 0.3 км замыг ажлыг гүйцэтгэж байна.

Одоогоор ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байгаа” гэв. Тус компани Хүүхдийн ордны өмнөх талбайн замын ажлыг ч чанаргүй гүйцэтгэжээ.

 

 "СИЗҮ" ХХК -ийн захирал Н.Гантулга:

Барилгын ажлыг хугацаанд нь дуусгаж хүлээлгэн өгнө

 

Сайншанд сумын дөрөвдүгээр багийн нутагт баригдаж байгаа 20 ортой хүн эмнэлгийн барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай.

Нийт 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилттай барилгын ажлыг "СИЗҮ" ХХК  гүйцэтгэж буй бөгөөд гэрээт хугацааны дагуу ирэх аравдугаар сарын 31-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Барилгын ажлын талаар захирал Н.Гантулга "Бүтээн байгуулалтын ажил хэвийн явж байгаа ч зураг төсөв хийсэн компанийн алдаатай зургаас болж хүндрэлтэй байдал гарсан.

Тухайлбал, барилгын зураг төсөвт тодорхойлсон гэрлийн монтажийн шийдэл, дээврийн зураг төслийн тодорхойгүй байдал зэрэг асуудлууд гарсныг зураг төсөв хийсэн компанид санал тавьж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Хаа хаанаа ойлголцож ажиллах шаардлага байгаа. Одоогоор барилгын ажил бүрэн дуусч  гадна, дотнох зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэж байна" гэв.

 

Харин аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, “Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын чанарт анхаарах, эмнэлгийн машины орох гарах гарц, зогсоол, зам талбай, ус зайлуулах хоолойг стандартын дагуу барьж гадна орчныг тохижуулах, ил далд  байгаа гэрлийн монтаж, барилгын бусад шийдлийг зураг төсөв хийсэн компанитай ярилцаж шийдвэрлэх, алдаатай зүйлийг тухай бүрт нь засаж залруулж барилгын ажлыг хүйт орохоос өмнө 10 дугаар сарын 01-ний дотор гүйцэтгэж хүлээлгэн өгөхийг үүрэг чиглэл өгөв. Гүйцэтгэгч компани 10 дугаар сарын 01-нд ажлыг дуусгаж хүлээлгэн өгөхөөр болов.

Дөрөвдүгээр баг эмнэлэгтэй болсноор Нэгдсэн эмнэлэгт үйлчлүүлэгчдийн ачаалал багасах төдийгүй иргэд оршин суугаа газартаа эмнэлгийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ.

 

Зуун хүний багтаамжтай кино театрын барилга
 

 

Сайншанд суманд сүндэрлэх 100 гаруй хүний багтаамжтай кино театрын барилга угсралтын ажлыг “Энержи парагон” ХХК гүйцэтгэж байна. Нийт нэг тэрбум гаруй санхүүжилттэй  барилгын ажлын доод суурь бүтэц үргэлжилж буй бөгөөд тогтоосон хугацаанд нь ашиглалтад оруулна гэж компанийн удирдлага мэдээлэв.

 

Мянган хүний суудалтай спорт цогцолборын барилга

  

Сайншанд сумын хоёрдугаар багийн нутагт  1000 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажлыг “Болор аграмба” компани гүйцэтгэж байна.

Улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж  буй спорт цогцолборын барилгын ажлыг 12 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй ч цаг агаарын нөхцөл байдал, бусад шалгаанаас үүдэж ажлын гүйцэтгэл төлөвлөсөн хугацаанаас 20 гаруй хоногоор хоцорч байгаа аж.Гүйцэтгэгч компани одоогийн байдлаар 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. 

Хамгийн гол нь аймгийн иргэд, хүүхэд, залуучуудад стандартад нийцсэн, чанартай барилгыг ашиглалтад оруулах, дулаан хангамж, зам талбай, гаднах тохижилтыг бусад ажил хариуцсан байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж чанартай гүйцэтгэх талаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин үүрэг чиглэл өглөө.

Он дамжуулалгүйгээр ажлаа шуурхай гүйцэтгэх хэрэгтэй. Ажлыг дуусгаж хугацаанд нь ашиглалтад оруулснаар санхүүжилтийг ондоо багтааж шийдвэрлүүлэхээр Сангийн яам болон холбогдох газартай ярилцсан гэж аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ярив.

Спорт цогцолбор ашиглалтад орсноор  Сайншандчууд стандарт спорт заалтай болж, бөх, бокс, гимнастик, аэробек, шатар, даам, теннис зэрэг олон төрлийн дугуйлан секц хичээллэх танхимууд  нээгдэнэ.

 

Төрөх эмнэлгийн барилгын ажил дуусчээ

 

Одоогоос найман жилийн өмнө Сайншанд суманд 50 ортой төрөх эмнэлгийн барилга барихаар Эрүүл мэндийн яамны харьяанд зарласан тендерт “Мон Инж Бар” ХХК шалгарч улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дээрх эмнэлгийн барилгыг барьж эхэлсэн боловч хугацаанд нь ашиглалтад оруулаагүй өдийг хүрсэн байдаг.

Энэ хугацаанд барилгын ажлын суурь, бетон хийцэд өөрчлөлт гарч цементийн хатуулаг болон бат бөх чанарын хувьд шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргажээ.

Чанарын хувьд шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллага гаргасан тул  орон нутгаас 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах зорилтыг тусгаж, холбогдох салбарын яаманд хүсэлт гаргасны дагуу “Баярс констракшн” ХХК 2017 оноос эхлэн барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэснээр ашиглалтад оруулахад бэлэн болжээ.

Тавин ортой эмнэлгийн барилга ашиглалтад орсноор Дорноговийн эхчүүд шаардлага хангасан тохилог эмнэлэгт амаржих боломжтой болно. Харин хуучин барилгын  асуудал Шүүхийн шатанд байгаа аж.

Дээрх бүтээн байгуулалтаас гадна дөрөвдүгээр багт баригдаж байгаа "Мандах наран" хорооллын дулаан, цэвэр бохир усны шугам,  эмнэлэг хүртэлх явган хүний зам, эмнэлгийн 27 айлын дээвэр, гаднах фасадны ажлыг гүйцэтгэгч компаниуд хийж буй бөгөөд нийт бүтээн байгуулалтуудын ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.



Бүтээн байгуулалтын ажлыг чанартай гүйцэтгэж, хугацаанд нь ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0