ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-15
Т.Энхтүвшин: Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол компанийн үйл ажиллагааг цуцлуулах санал тавина

Азийн хөгжлийн банкны 3.7 сая орчим долларын хөнгөлөлттэй зээлийн төслөөр Сайншанд сумын хоёрдугаар багт хоногт 3000м3 хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж барих барилга угсралтын ажил эхэлсэн.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр Туркийн “Эйч Эн Си” ХХК шалгарч тавдугаар сард ажлаа эхлээд буй. Энэ асуудлаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин холбогдох албаны хүмүүстэй хамт газар дээр нь ажиллажээ.

Т.Энхтүвшин: Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол компанийн үйл ажиллагааг цуцлуулах санал тавина

Олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бүтээн байгуулах цэвэрлэх байгууламжийн тендер шалгаруулалтыг анхнаасаа хийхдээ техник, тоног төхөөрөмжийн шаардлага хангаагүй, ажиллах хүчний нөөцгүй компани шалгаруулсан байх магадлал байна.

Одоогоор ажлын гүйцэтгэл нь 80-90 хоногийн хоцрогдолтой. Есдүгээр сар гарч байхад нэг ч барилгыг бариагүй сууж байна. Компанийн удирдлагууд, төслийн нэгжийнхэн анх уулзахдаа өмнө нь ажил гүйцэтгэж байсан туршлагатай компани байгаа, түркууд барина гэж хэлсэн атал өнөөдөр газар дээрээ нэг л турк, хэдхэн монгол байж жишээтэй.

Орон нутгаас компанийн ажиллах бүх нөхцөл боломжийг олгоод, хяналтаа тавиад ажиллаж байгаа.Техник тоног төхөөрөмжөө төвлөрүүлж, ажиллах хүчнээ нэмээд ажлаа гүйцэтгээч гэсэн шаардлага тавихаар удахгүй хийнэ гэсэн хариу өгч байна. Нэг үеэ бодоход орон нутгийн компаниуд барилга барих туршлагатай болчихсон.

Мөн орон нутгийн компаниуд бүтээн байгуулалтын ажилд хамтран оролцох хүсэлт, санаачилга гаргасан ч Туркийн гэх энэ компани санал хүлээн авдаггүй. Гэтэл ажил нь урагшилдаггүй ийм компанитай боллоо. Бид  нутгийн компаниудыг оролцуулж ажлаа түргэвчлэх талаар шаардлага тавьсан.

Хэрэв тавьсан шаардлага хангаж, ажлаа шуурхайлан хугацаанд гүйцэтгэж чадахгүй бол бид энэ асуудлыг салбарын яам, холбогдох албаныхан, Азийн хөгжлийн банкны төслийнхөнд тавьж компанийн ажлыг цуцлуулах санал тавина.

Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээл бол тусламж биш бид эргэн төлөх учиртай тул гүйцэтгэгч компанийг шахаж ажлыг шуурхайлуулж, гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай. 

Туркийн “Эйч Эн Си” ХХК-ийн төслийн менежер Ali Gokmen Menekse:

Гэрээнд  заасан хугацаанд барилгын ажлыг дуусгана 

Барилгын ажилд хамтран оролцох саналаа орон нутгийн компаниудаас ирүүлээгүй. Хамтран ажиллах компани олдохгүй байна.Гэрээнд  заасан хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг дуусгана гэсэн "бүдэг" хариу өгөв.    

Тавдугаар сард эхэлсэн цэвэрлэх байгууламжийн ажлын гүйцэтгэл тааруу, дөнгөж суурь бүтцийн ажлыг эхэлсэн, техник тоног төхөөрөмж хомс, ажиллах хүчний нөөц дутагдалтай байгаа нь ажлын явцаас харагдаж байлаа. Одоо барилгын ажил дээр арваадхан хүн ажиллаж байна. 

Орон нутгаас “Чандмань-Илч” ХХК болон нэр бүхий компани төслийн ажилд оролцох хүсэлтээ ирүүлсэн ч тодорхой хариу өгөөгүй удсан аж. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар Туркийн “Эйч Эн Си” компани өдрийн 35 мянган төгрөгөөр хүн авч ажиллуулдаг хэдий ч унаа хоолны мөнгө өгдөггүй, ажлын нөхцөл нь хүнд тул хүмүүс тэр бүр ажилладаггүй гэх мэдээлэл байна.

Дорноговь аймгийн төв Сайншанд хот ар, өвөр  гэх хоёр сууринтай. Байгууламжийг барихдаа зөвхөн Сайншанд хотын бус арын төмөр замын суурингийн бохирын асуудлыг хамтад нь шийдвэрлүүлэхээр орон нутгаас санаачилга гаргаад байгаа юм.



Т.Энхтүвшин: Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол компанийн үйл ажиллагааг цуцлуулах санал тавина

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0