ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-07-12
Дорноговьд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийж байна
2020-03-14 15:49:51

 Дэлхий нийтэд тархаад байгаа ”Covid 19 буюу шинэ төрлийн корона вируснээс урьдчилан сэргийлэх ажил ямар байгаа талаар аймгийн Онцгой комиссоос өдөр бүр хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байна.  Гуравдугаар сарын 14-нд өгсөн аймгийн Онцгой комиссын мэдээллээс тоймлоё.

 

Ажиглалтад байгаа хүмүүсээс сорьц авч ХӨСҮТ-д хүргүүлжээ

 

Энэ оны гуравдугаар сарын 13-ны байдлаар автозамын хяналтын постоор 168 автомашин, 220 зорчигч аймаг руу нэвтэрсэн бол 303 автомашин, 592 зорчигч аймгаас гарсан байна. Мөн аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн зөрчлийн дуудлага мэдээлэл ирээгүй, эрүүлжүүлэхэд хүнгүй тайван хоножээ.

Дорноговь аймгийн хэмжээнд гуравдугаар сарын 14-ний байдлаар ажиглалтад 107 хүн байна. Үүнээс “Бадрах Энержи” ХХК-ийн кемп дээр 58 хүн, аймгийн МСҮТ-ийн ажиглалтын байр, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл сумын эмнэлэгт нийт 35 хүн байгаа бол нэг жирэмсэн эхийг гэрт нь хянаж байгаа аж.

Гуравдугаар сарын 13-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн 13 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажитны бүрэлдэхүүнтэй баг ажиглалтын байрнуудад очиж зохих шинжилгээ авч Улаанбаатар хот руу ХӨСҮТ-д хүргүүлжээ. Ажиглалтад байгаа эдгээр хүний биеийн байдал хэвийн байгаа талаар аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг мэдээлэв.

Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд өвчин анх гарсан цаг үеэс эхлэн 13 сэжигтэй тохиолдлыг бүртгэсэн бол дээрх хугацаанд 436 хүнийг тусгаарлаж ажиглалтад авчээ.

Тус аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй бөгөөд дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлсэд АШУҮИС-ийн Дорноговь дахь анагаах ухааны сургууль, ерөнхий боловсролын сургуулийн эмч нар баг болон ажиллаж байна.

Өвчний дэгдэлтийн хугацаанд иргэд маскаа байнга зүүх, гараа тогтмол угаах, бээлий өмсөх, дэлгүүр хоршоо олон нийтийн газраар явахгүй байх, аяга тавгаа холихгүй, гэр орондоо халдваргүйтгэлийг байнга хийж байх нь чухал гэдгийг санууллаа.  

 

Дорноговьд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийж байна

 

Шинэ төрлийн корона вируснээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сайншанд сумын Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоол, гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, муу усны нүхийг ариутгах ажлыг хийж байна.Өнөөдрийн байдлаар ариутгал халдваргүйтгэлийн ажил 68.3 хувьтай байна.
Гэр хорооллын гудамж талбай, нүхэн жорлонг ариутгах ажлыг сумын ЗДТГ, аймгийн Мал эмнэлгийн газар, Сайншанд сумын "Вет шанд" ХХК хувийн мал эмнэлэг ариутгаж буй бөгөөд багийн ажлын албад, "Тохижилт Сайншанд" хот тохижилтын газар, хамтран зохион байгуулж буй.

 

 Хүнс барааны нөөц хэвийн байна

 

Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэмийг мөрдөж байгаатай холбогдуулан гаргасан шийдвэр хэрэгжилт ямар байгаа талаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин махны дэлгүүр болон зарим худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцаж худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн санал сэтгэгдлийг сонссон.

Мөн Сайншанд суманд хийж буй ариутгал халдваргүйтгэлийн ажил болон 24 цагийн авто замын хяналтын постуудын үйл ажиллагаатай танилцлаа. Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг зах худалдааны төв, аймгийн төвд хийгдэж буй ариутгал халдваргүйтгэлийн ажил болон 24 цагийн авто замын хяналтын постуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Монголд импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний худалдаа хэвийн хэмжээнд ямар ч хориг саадгүй үргэлжилж байна. Аймгийн Онцгой комиссоос мэдээлснээр Дорноговь аймаг нэг сарын хүнсний нөөцтэй бөгөөд цаашид үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад анхаарч таваас зургаан аж ахуй нэгжтэй хүнс татан авах талаар гэрээ байгуулжээ.

Гуравдугаар сарын 14-ний байдлаар аймгийн хүнс худалдаа, бараа бүтээгдэхүүний тээвэр хэвийн явж байгаа бөгөөд том оврын авто машиныг саадгүй нэвтрүүлж иргэдийн хүнсний хэрэгжээг хангаж байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлсэн.

 

Нөөцийн мах худалдаалж эхлэв

 

Дорноговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сайншнд, Замын-Үүд зэрэг суманд энэ сарын 12-ноос нөөцийн мах худалдаалж эхэллээ. Нөөцийн махыг Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Суман зурхай” ХХК нийлүүлж байгаа бөгөөд нэг кг үхрийн махыг  7500, хонины махыг 8500 төгрөгөөр тус тус худалдаалж буй.

Шинэ төрлийн корона вируснээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж орон нутаг тодорхойгүй хугацаагаар  зорчигч тээврийн хөдөлгөөнийг хааснаас үүдэж Дорноговь аймгийн төв Сайншандад махны нийлүүлэлт багасч үнэ өссөн юм. Энгийн худалдаачид үхрийн махыг 14000, хонины нэг кг махыг 9500 орчим төгрөгөөр худалдаалж байсан.

 

Сумдад өвс тэжээл хүргэж байна

 

 

Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим суманд өвс тэжээл хүргэх ажил эхэллээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хаваржилт хүндэрсэн, цаашид хүндэрч болзошгүй сумдад малчин өрх, малын тоо, отор нүүдэл, бэлчээрийн даац зэргээс хамааруулан нийт 190 тонн өвс, 260 тонн тэжээл өгөхөөр аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэсэн байна.  Сумдад өвс тэжээл хүргэхээр 18 машин замд гарчээ.

Одоогийн байдлаар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн Мандах, Даланжаргалан Иххэт Алтанширээ, Дэлгэрэх зэрэг суманд өвөлжилт хүндрээд байгаа юм.  

 



Дорноговьд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0