ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-22
“Малчид бид хамдтаа” малчдын нэгдсэн өдөрлөг болж байна

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж энэ сарын 17-нд “Малчид бид хамдтаа” малчдын нэгдсэн өдөрлөгийг “Саран хөхөө” театрт зохион байгуулж байна. Сайншанд сум 2016 оны мал тооллогын  дүнгээр 94 мянга гаруй толгой мал тоолуулжээ.

 

Долоон багийн хэмжээнд нийт 246 малчин өрх буй.  Харин өдөрлөгт 170 гаруй малчин өрх оролцохоос 110 орчим малчин  хүрэлцэн иржээ. Өдөрлөгийн үйл ажиллагааны талаар Сайншанд  сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

 

Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр: Мал аж ахуй салбарыг эрсдэлгүй хөгжүүлэх бодлого баримталж ажиллаж байна

 

 

Өнөөдөр ЗДТГ-аас санаачилж малчдынхаа санаа бодлыг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, малчдын талаар төрөөс баримталж  буй бодлого, үйлчилгээ, тогтоол, шийдвэрүүдийг танилцуулах зорилгоор “Малчид бид хамдтаа” малчдын нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж байна.

 

Үдээс өмнө  малчдад зориулж нийгмийн даатгал, жижиг дунд бизнесийн зээл, малын хулгайтай тэмцэх гээд  ажил хариуцсан алба хаагчид тодорхой мэдээлэл хийж малчдын тулгамдсан асуудлыг сонсож, асуулт хариулт өрнүүлж ажиллаж буй. Үдээс хойш малчдаа орон нутаг судлах музейгээр зочлуулж, эмнэлгийн үзлэгт оруулж, малчдынхаа дунд буухиа тэмцээн  зохион байгуулах гээд ажлуудыг төлөвлөсөн.

 

Дорноговь аймгийн хамгийн том суурин болсон Сайншанд хотын малчид нэг дор цугларч асуудлаа ярилцаж, жаргал зовлонгоо хуваалцаж, хоорондоо туршлага солилцож, биесээ танин мэдэх боломжийг олгож байгаа нь хамгийн чухал.

 

Сүүлийн жилүүдэд Сайншанд суманд малын бэлчээр хомсдсон, худаг ус ховор, мал маллах иргэдийн тоо цөөрсөн, малчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, нийгмийн хамгааллын асуудал бүрэн шийдэгдээгүй зэргээс шалтгаалан мал маллах иргэдийн тоо цөөрч, ялангуяа залуу малчдын тоо цөөрч төв суурин газар бараадаж, амьдрах сонирхол нэмэгдсээр байна.

 

Эдгээр асуудлыг харгалзан үзэж малчиддаа ноос ноолуурын урамшуулал олгох,  ботгоны урамшуулал олгох, малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон талт ажлуудыг төр засгийн хэмжээнд авч хэрэгжүүлж байна.

 

Сайншанд сумын ЗДТГ-аас төрийн бодлого зорилгод нийцүүлэн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг ханган, хөдөө аж ахуй салбарыг зах зээлийн чиг хандлагад тохируулан хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалсан, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлж, мал аж ахуй салбарыг эрсдэлгүй хөгжүүлэх бодлого баримталж ажиллах зорилт тавьсан.

 

Мөн малчдын талаар төрөөс баримтлах бодлого, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Сайншанд сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон хөдөө аж ахуй, малчдын амьжиргааг дээшлүүлэх бодлого зорилтыг танилцуулж байна.

 

Сайншанд сумын IV багийн малчин С.Отгонбат: Малын бэлчээрийг шийдвэрлэх хэрэгтэй байна

Би дал гаруй адуу, дөчөөд үхэр, цөөн тооны бог малтай. Сайншанд сумын ойролцоо амьдардаг болохоор  малын түүхий эд, арьс шир, мах цагаан идээгээ борлуулахад дөхөмтэй байдаг.

 

Дөнгөж сая төрөөс малчдын талаар авч  буй арга хэмжээ, нийгмийн даатгалын мэргэжилтнүүдийн мэдээллийг сонслоо. Сайншанд сумын малчдыг нэг дор уулзуулж, асуудлыг нь сонсож  байгаад малчин хүний хувьд цагаа олсон чухал арга хэмжээ болж байна.

 

Бидэнд хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудал малын бэлчээр. Сайншанд сум малын бэлчээргүй болсон. Энүүхэн хойно Цагаан хаалга хүрээд Алтанширээ сумын нутаг  залгадаг. Баруун хойшоо хуучнаар Найрамдал хотхон хүрэхгүй Сайхандулаан сумын нутаг залгадаг.

 

Зүүн урагшаа  дөнгөж хөдлөөд л  Өргөн сумын нутаг болчихдог. Тэгэхээр Сайншанд сумын газар нутгийг эргэн тойронд нь  30 км тэлээд  томсгоод өгвөл  малчин бидэнд хамгийн чухал шийдвэр болно.



“Малчид бид хамдтаа” малчдын нэгдсэн өдөрлөг болж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0