ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Ноён Хутагт зөгнөж хэлсэн нь:

 Говийн Догшин Ноён хутагт Данзанравжаа өөрийн шавь нарын хамт өнөөгийн Сайншандын  баруун этгээдэд заларч явжээ.

 

Хошуу хутагтын адуун сүрэг одоогийн Сайншандын баруун хойд дүүрэгт байсан ДалайСайншандаас  ундаалдаг байв.

 

Ноён хутагт Сайн-Усны зүүн урд дахь захын өндөр довон дээрээс /хуучин холбоо байсан дэнж/ хараад мөн ч олон амьтан ундлан амьдрах далайн сав шинжтэй, есийн тоо хэлбэртэй газар байна гэснээ, нам бэлээсээ ямар байх нь вэ хэмээн явж хүүхдийн больниц байсан байшингийн зүүн урд дахь хадан дээрээс хараад ирээдүйд орд хүрээ байгуулагдаж олон хэлийн амьтан тэгш жаргах газар юм гэжээ.

 

Ингээд хойчийн төвшин жаргалыг нь тогтоох газартай болгож өгье гээд “Равнай” /амь оруулах гэсэн утгатай төвд үг/ өргөсөн гэдэг.  Тэгээд худгийн нэрийг  Далай Сайншанд, баруун хойд хөтлийг Шамбалын үүд, баруун урд дахь уулыг Эрдэнийн хаалга гэж бэлгэдэн нэрлэжээ.

 

Энэ түүхийг одоогоос 15 жилийн өмнө Чойлингийн хурлын гороонд төрж өсөөд 1937 он хүртэл  тэнд амьдарсан Ц.Балдансамбуу гэх өндөр настнаас зохиолч, яруу найрагч, судлаач Мээрэн овогт Дамдиндоржийн Баатар гуай тэмдэглэн авч “Оршихуйн цаглашгүй мандал” номдоо буулгасан байнам.

 

Харин Далайсайншандын баруун  хөтлийг Далайн хөтөл хэмээн нэрлэдэг аж. Учир нь Ноён хутагт хөтлийн эхэнд дэр олбогоо тавьж суугаад Салан цавчиг  уншлагаа айлдсан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Одоо тэр газарт нь тэмдэгт нэгэн чулуу буй гэнэ.

 

Тийм ч учраас өөд бологсдыг Далай хөтлөөр эцсийн замд үдэхдээ сайн төрөлд нь мордууллаа гэж хүмүүс сүсэглэдэг ажгуу.

 

Эдүгээ говийн Догшин ноён хутагтын зөгнөж өгүүлсэн Далай Сайншанд өрнөөс дорныг холбосон их хөлийн газар, хүн зоны амьдрах дуртай хот болон өргөжин тэлсээр байна.



Ноён Хутагт зөгнөж хэлсэн нь:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0