ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Дорноговь аймагт нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулахаар болов

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Тянь Юн, БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа дэд консул Ван Жюнь, Эрээн хотын худалдааг дэмжих газрын дарга, орчуулагч Шилийнбаатар тэргүүтэй төлөөлөгчид Дорноговь аймагт  зочлов.

 

Зочдыг Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүлээн авч аймаг орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

 

Дорноговь аймаг Эрээн хот хооронд аялал жуулчлал, худалдаа арилжаа, боловсрол, эрүүл мэнд зэрэг өргөн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг.

 

Энэ удаа талууд аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчин хүлээн авах маршрут, газар нутгийн байдалтай  танилцах, Сайншанд суманд бүтээн байгуулалт хийх зэрэг томоохон боломжийн талаар харилцан ярилцаж, тодорхой шийдэлд хүрсэн байна. Ажил хэргийн уулзалт энэ сарын 10-нд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болов.

 

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин: Гадаадын аялал жуулчлалыг  татсанаар эдийн засгийн чадамж нэмэгдэнэ.

 

 

Монгол Улс,БНХАУ олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай. Улс хоорондын харилцаанаас гадна аймаг, хот хоорондын харилцаа өргөн хүрээнд өргөжин тэлж байгаа.

 

Өнөөдөр Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хооронд хамтын ажиллагааны дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Тянь Юн болон албаны хүмүүс Дорноговь аймагт айлчилж байна.

 

Дорноговь аймгийн Засаг даргаас санал болгосны дагуу Хятадын  талаас хөрөнгө санхүүг бүрэн дааж Бээжин болон Хөх хотын эмч нарыг Сайншанд хотод урьж нүдний өвчлөлийг бууруулах, болор суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийнэ.

 

Мөн нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимын засварын ажлыг гүйцэтгэх, аймгийн төвийн гэрэлтүүлгийг иж бүрнээр шинэчилж суурилуулах, Сайншанд хотын төвийн “Алтан говь” худалдааны төвийн өмнөх талбайг иж бүрнээр засварлаж тохижуулах  зэрэг нийт нэг тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг  гүйцэтгэхээр боллоо.

 

Бид удахгүй Эрээн хотод өргөн бүрэлдэхүүнтэй очиж аялал жуулчлалын ажлынхаа нээлтийг зохион байгуулж, нутаг орныхоо сурталчилгааг хийхээс гадна бизнес эрхлэгчдийн форум, урлагийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Ойрын хугацаанд Дорноговь аймгийн аялал жуулчлал эрхэлдэг компаниудтай уулзаж аялал жуулчлалын чиглэлийн үйлчилгээ, журам дүрэм,  стандартыг мөрдүүлэх талаар ажиллах болно.

 

Мөн ОХУ-ын Улаан-Үд хотоос жуулчин авах чиглэлээр ярилцаж байгаа. Өмнөд хөршөөс бүлэг жуулчин хүлээн авах визний асуудлыг хил дээр шийдвэрлэхээр болсон. Гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлснээр орон нутгийн дэлгүүр хоршоо, зочид буудал, хоолны газрууд, бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдэж улмаар эдийн засгийн чадамж нэмэгдэх болно.  

 

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Тянь Юн: 

Амралт сувилал, эрүүл мэндийн чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгаа

 

 

Монгол Улсын Дорноговь аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хооронд аялал жуулчлал, худалдаа арилжаа, боловсрол, эрүүл мэнд зэрэг өргөн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан.

 

Хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын Т.Энхтүвшингийн урилгаар Дорноговь аймагт айлчилж байна.Бид Замын-Үүд-Сайншанд-Хамарын хийд-Их нартын байгалын нөөц газрын чиглэлд зорчиж аялал жуулчлалын маршрутыг үзэж сонирхлоо.

 

БНХАУ-аас Дорноговь аймгийн дээрх бүс нутагт жуулчин аялуулах боломжтой гэж үзлээ. Ялангуяа амралт сувиллын, эрүүл мэндийн чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлж хамтран ажиллах боломж байна.

 

Бид олон жилийн түүхэн хамтын ажиллагаатай. Хот тохижилт болон эрүүл мэнд, бусад бүтээн байгуулалтын чиглэлээр энэ удаа Дорноговь аймагт тодорхой тусламж дэмжлэг үзүүлэхээр болсон.

 

Сайншанд хотын Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн өрөө тасалгааг засварлах, говийн иргэдэд нүдний хагалгааг үнэ төлбөргүй хийх зэрэг томоохон ажлуудыг гүйцэтгэнэ.

 

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлцлийн дагуу бидний хамтын ажиллагаа цаашид төмөр зам, авто зам зэрэг томоохон салбарт өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй  байна гэв.

 

Мөн Эрээн хотоос хоёр ширхэг био 00-ыг Дорноговь аймагт хүлээлгэн өгсөн бол үүнийг Хамрын хийдийн орчимд  байрлуулахаар болжээ. Эрээн хотын төлөөлөгчид Дорноговь аймагт үзүүлж буй дээрх хөрөнгө  оруулалтын ажлаа  ирэх долдугаар сарын 01-н гэхэд дуусгаж, хүлээлгэн өгөхөөр болов.



Дорноговь аймагт нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулахаар болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0