ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Салхин станцыг ирэх оны аравдугаар сард ашиглалтад оруулна

Монгол Улсын зүүн өмнөд бүсийн хилийн аймаг Дорноговьд нарны болон салхины эх үүсвэрээр эрчим хүч гаргаж авах хоёр томоохон төсөл хэрэгжиж эхэллээ. Сайншандаас зүүн зүгт таван км-ийн зайд, Улаантолгой гэх газарт Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Данийн экспортын хөгжлийн агентлагийн нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Сайншандын салхин парк” төслийг барихаар албаныхан төлөвлөжээ.

Салхин станц нь 55 мв-ын хүчин чадалтай байх бөгөөд 50 гаруй мянган өрхтэй хоёр ч аймгийг жилдээ цахилгаанаар хангах боломжтой төдийгүй нүүрс хүчлийн давхар ислийг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг  олон боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.

Сайншандын салхин парк төслийн нээлт “АСЕМ” Вилла цогцолборт болсон бөгөөд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, ХБНГУ-аас Монгол суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Элизабет Барсак, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, “Сайншанд Салхин парк” компанийн гүйцэтгэх захирал Томас Папазов, төслийн удирдагч Р.Давааням болон хөрөнгө оруулагчид оролцжээ.

Салхин парк төслийг Монголын талаас “Сайншанд салхин парк” компани Францын “ENGIE”, Германы төсөл хэрэгжүүлэгч “Ferrostaal” компани, Данийн Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан хамтран хэрэгжүүлэх бөгөөд ирэх оны 10 дугаар сард ашиглалтад оруулах аж.

Харин нарны эх үүсвэрийг ашиглаж “Дезерт солар пауэр вуан” ХХК  Сайншанд сумын зүүн талд морь барианы газрын орчимд 30 мвт-ын нарны цахилгаан станц барих ажлыг эхэлж барилгын шавыг энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд тавьсан.
Нарны эх үүсвэрээр цахилгаан  эрчим хүч үйлдвэрлэх энэхүү төсөл нь “Багануур” ЗӨБЦТСК-ийн эх үүсвэрээр тэжээгдэж байгаа  Сайншанд болон Замын-Үүд зэрэг томоохон сууринд шаардлагатай эрчим хүчийг дахин хуваарилах, нөөц эх үүсвэрийг бий болгох,  эрчим хүч экспортлох зорилготой. “Дезерт солар пауэр вуан” ХХК  аймгийн Засаг даргатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу нийт 40-50 ажлын байрыг орон нутгаас хангажээ. Нар, салхины дээрх цахилгаан станц  ашиглалтад орсноор Дорноговь аймаг  эрчим хүчний  хос хөдөлгүүртэй болно.   


 



Салхин станцыг ирэх оны аравдугаар сард ашиглалтад оруулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0