ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Чингэс хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн Дорноговьчуудын хүртээл болов

Энэ сарын 17-нд Дорноговь аймгийн  Музей, сургалт, судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд “Хаадын хаад” нэртэй лааны тосон баримлын үзэсгэлэн нээгдлээ.

 

Үзэсгэлэнд Их монгол Улсын түүхийг харуулсан, эзэн Чингэс хаан, Бөртэ хатны хөрөг баримал, Зүчи, Өгөөдэй, Цагаадай, Толуй зэрэг түүний дөрвөн баатар хөвгүүн, төрсөн дүү Хавт Хасар, их хааны анд Жамух зэрэг түүхэн хүмүүсийн хөргийг бодитоор  дүрсэлж бүтээсэн байна.

 

Монголчуудын дэлхийг донсолгож байсан XIII зуунд их хаан, их хатан, дөрвөн хүү, хийгээд бусад түүхэн хүмүүс яг л ийм  л дүр төрхтэй  байсан болов уу гэмээр сахал үстэй, нүүрний хэв маяг нь бодитой, үнэмшилтэй байх аж.

 

Хүмүүс баримлыг ойртож харж, гар хурууны үе, холбоос, нүүрний үрчлээ, хувцас, хуяг, дуулга зэргийг хараад  яг л амьд хүмүүс морилоод иржээ гэж өөр зуураа ярилцаж байна билээ.   Зөвхөн  толгой, нүүрний сахал үсээс бусдыг монгол урлаачид бүтээсэн гэлцэнэ.

 

Хөрөг баримлыг бүтээхэд түүхэн талаас нь түүхч, профессор О.Сүхбаатар гуай зөвлөхөөр ажилласан бөгөөд түүний хэлж буйгаар XIII-XIV зууны их  Монгол Улсын баатар цэргүүд хийгээд тэдний эдлэж хэрэглэж байсан дээл хувцас, малгай, цэргийн хуяг, дуулга, өвдгөвч, тохойвч, биеийн жин зэргийг архелогийн малтлага, дэлхийн бусад улсад хадгалагдаж байгаа түүхэн зураг, олдворыг судалж,  судалгааны үр дүнд суурилж бүтээсэн  аж.

 

 

Баримлыг бүтээхэд бодит хүний царай төрхөөс хэв авдаг аж. Тухайлбал, эзэн Чингэс хааны хөргийг бүтээхэд Монгол Улсын ардын жүжигчин А.Энхтайван, Хавт Хасарын дүрийг бүтээхэд Олимпын алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын дүр төрхөөс хэв авч бүтээлээ туурвижээ.

 

 Лааны тосон баримал нь дэлхийд 2000 гаруйхан байдаг бол  Монголын урчууд болох соёлын тэргүүний ажилтан Д.Батмөнх тэргүүтэй уран бүтээлчид дөрвөн жилийн өмнөөс эх орондоо лааны тосон урлалыг туурвиж эхэлжээ. Мөн 2014 онд “Чингис хааны вакс галерей”-г байгуулж Чингис хааны түүхийг үзүүлсэн үзмэрээ үзэгчдийн хүртээл болгож байжээ.

 

Дээрх баримлыг тасалгааны зохих стандарт температурт тааруулан хадгалж чадвал 30 гаруй жил шинэ өнгөт зүсээрээ байх боломжтой аж. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүхээ танин мэдэх, өв уламжлалаа хойч үедээ үлдээхэд онцгой ач холбогдолтой эл бүтээлийг Дорноговийн ард иргэдийн хүртээл болгоход аймгийн БОАЖГ санаачилга гаргаж, уран бүтээлчдийг нь орон нутагтаа урьж аймгийн ЗДТГ, Музей сургалт, судалгааны төвтэй хамтран зохион байгуулсан байна.

Тиймээс уран бүтээлчид дээрх албан байгууллагын, санаачилга гаргаж оролцсон мэргэжилтэн, алба хаагчдад талархал дэвшүүлснийг уламжилъя.

 

Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг “Старсофт” ХХК “Дэлхийд танигдсан монголчууд” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийнхөө хүрээнд эл үзэсгэлэнг анх удаагаа хөдөө орон нутагт, Дорноговийн иргэдийн хүртээл болгосон нь энэ юм. Үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд том хүн-3000, хүүхэд 1000 төгрөгөөр  үзнэ.

Сурвалжилсан Х.Эрдэнэбулган



Чингэс хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн Дорноговьчуудын хүртээл болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0