Аян замын тэмдэглэл

Монголчуудад ойрхон Солонгос орноор-1

Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХХК-ийн Боинг 737 онгоцоор гурван цаг нисээд БНСУ-ын Инчон нисэх буудалд газардлаа.

Аян замын тэмдэглэл-1

БНСУ-ын агаарын тээврийн нэвтрэх гол хаалга нь Инчон гэдгийг таван тивийн улс гүрнээс чөлөө завгүй ирэх зорчигч тээврийн олон онгоц, ажил, аяллаар ирсэн зорчигчдын урт дарааллаас түвэггүй ойлгож болно. Дамжин өнгөрөх төдийд хэдэн зуун зорчигч хэсэгхэн хугацаанд бөөгнөрч байснаа удалгүй паспорт дээрээ зөвшөөрөл даруулан тал тал тийшээ таран одов.

Онгоцны буудал  жилдээ 25-40 сая хүртэлх тооны зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай бөгөөд өдөрт хэдэн зуугаар тоолох зорчигчийг саадгүй нэвтрүүлнэ. Биднийг хилийн бүсээс гарахад зураач Ким Жин Хёг тосож хөтөч хийн Тэгү хотыг зорих автобусанд хамтдаа суулаа. Зам зуур түргэн хоолны газар түр саатаж цайлав. Түргэн хоолны газрууд нь бүгд эмх цэгцтэй, түргэн шуурхай үйлчилгээтэй төдийгүй бие засах газар шаардлага хангасан байгаа нь энэ бүс нутагт аялал жуулчлал хэрхэн хөгжсөнийг илтгэнэ.

Бид хурдны замаар дөрвөн цаг орчим довтолгож явсаар зорьсон газраа ирлээ. Хөтчийн яриагаар орчин үеийн Тэгү хотын онцлох зүйл нь дүрслэх урлаг, уран зураг, загварын шоу, олон улсын дуурийн төв, мэдээллийн технологийн салбар ажээ.

Тэгү хотод хэд хонох хугацаанд цөөнгүй газраар явж нутаг орны онцлогийг сонирхлоо. Хотын Урчуудын эвлэлийн хорооны дарга асан Ким Ир Хуан биднийг дагуулан хотын зарим хэсгээр явав. Наян нас дөхөж яваа энэ хүн Монголд өмнө ирж Хөвсгөлийн хөвч тайгаар хүртэл аялж байжээ. Монгол, солонгос хүмүүст адил төстэй зан чанар цөөнгүй байгааг ч хошигнон ярина.

Тэгү хотын нэр өргөн уудам гэсэн утгатай

Түүний хэлснээр Тэгү хотын нэр нь өргөн том, уудам тэгш газар гэсэн утгатай аж. Солонгосын нийт газар нутгийн 70 орчим хувь нь уул, дов толгод байдаг бөгөөд Тэгү орчмын газар хамгийн тэгш, уудам байдаг тул хотын нэрийг ийн нэрлэжээ. Энэ хугацаанд Тэгү хотыг агаараас дурандаж амжив. Зураг дээр Тэгү хотын нэг хэсэг харагдана. Газар зүйн хувьд урдуураа Абсаан хэмээх үргэлжилсэн их уул сүндэрлэж, ар хэсгээрээ мөн л уул нурууд дүнхийнэ.

Тэгү хот хоёр том уулын дунд нам дор газар байрладаг нь хотод салхи шуурганы нөлөө бага, далайн чийглэг уур амьсгалаар дүүрэн байдаг нь хүмүүсийн таатай амьдрах нөхцөл болдог байна.

Өвөлдөө цас ордоггүй хэдий ч зарим үед их хүйтэрч, зундаа хамгийн их халдаг онцлогтой. Тэгү хот нь Кёнсан аймгийн нийслэл бөгөөд засаг захиргааны хувьд долоон дүүрэг, нэг хошууг хамаардаг байна.

Газар нутгийнхаа хэмжээгээр улсдаа нэгдүгээрт ордог, гурван сая гаруй хүн амтай. Тус улсын нутгаар дөрвөн том гол урсдаг бөгөөд үүний хамгийн том нь болох Нагдун гол Тэгү хотыг дайран 700 гаруй км урт замыг туулна. Тэгү хот хөгжлөөрөө Сөүл, Бусан, Инчон хотын дараа жагсдаг байна.

Тэгү хотоос эхтэй Солонгосын хөгжил

1960-аад оны үед Солонгосын гурав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан генерал Паг Жон Хи улс орноо хөгжүүлэх зорилго бүхий  “Шинэ хөдөө” хэмээх хөдөлгөөнийг орон даяар дэвшүүлж, солонгос хүн бүрийг уриалан дууджээ. Энэхүү  санаачилгад Тэгү хотын захын дүүрэг Чунду тосгоны иргэд нийтээрээ мод тарьж, зам засаж, улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцож эхэлсэн байна. Тиймээс Тэгү хотыг Солонгос Улсын хөгжлийн анхны шанг татсан газар хэмээн Ким Ир Хуан онцолсон юм.

Тухайн үед үйлдвэрлэгч орон болох зорилт тавьж анх удаа барилгын материалын цементийг үйлдвэрлэж эхэлсэн нь цаашид улс хөгжих бүтээн байгуулалтын эхлэлийг тавьжээ.

Паг Жон Хиг БНСУ-ыг үйлдвэрлэгч орон болгож эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг авчирсан хүмүүсийн нэг гэж үнэлдэг байна.

Тэгү хот дахь агаарын метро

Тэгү хотын захиргаанаас 1985 онд хотын авто замын түгжрэл, дамжин өнгөрөх тээврийг сайжруулах зорилгоор метро барих санал гаргажээ. Удалгүй шинэ метроны транзит барилгын ажлыг хянах хороо байгуулж, ажлаа эхэлсэн байна. Метроны нэгдүгээр шугамын барилгын ажил 1991 онд, хоёрдугаар шугамын барилгын ажлыг 1996 онд эхэлжээ.

Харин гуравдугаар шугамын барилгын ажил 2009 онд дууссан байна. Дээрх гурван шугам тус бүр 30 орчим км-ийн урттай бөгөөд нэг км орчим яваад зогсоол бүрд зогсож зорчигчийг буулгаж, суулгана. Замын түгжрэлийг бууруулах цогц шийдэл бүхий метрогоор хотын иргэд өргөнөөр үйлчлүүлдэг ажээ. Хөнгөн төмөр замын системээр ажилладаг уг шугамыг мөн Sky Rail гэж нэрлэдэг. Ер нь Тэгү хотын авто замын төлөвлөлт, инженерийн шийдлээс санаа авах олон зүйл байна.

Замын урсгалын ачааллыг багасгах зорилгоор томоохон бетонон гүүр, гүүрийг дагасан туслах замууд хийгээд машин орох, гарах гарцыг тодорхой тооцооллоор нарийн төлөвлөн бүтээжээ. Хөтчийн хэлснээр, өдөртөө нэг сая гаруй тооны автомашин замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд энэ хугацаанд огтхон ч түгжрэл үүсэхгүй явж болно. Хурдны зам дээр хурд хэтрүүлсэн тохиолдолд анхааруулах дохио өгдөг.

Тэгү хот Солонгосын хамгийн халуун газар

Хотын иргэдийн дунд “Тэфрика” хэмээх нэгэн хэлц үг өнө удаан жил яригдаж иржээ. Цаг агаарын хувьд дэлхийн хамгийн халуун цэг Африк байдаг. Тэгү хот бол Солонгосын хамгийн халуун газар тул Африк шиг “Тэфрик” гэж дуудаж заншжээ.

“Тэ” гэдэг нь Тэгү хотын нэрний эхний хэсэг бол “Фрика” гэдэг нь Африк тивийн нэрний хэсэг аж. 7 дугаар сарын сүүлчээс 8 дугаар сарын дунд хүртэл цаг агаар хамгийн их халдаг тул цаг агаарын энэ үзэгдлийг хотын иргэд эхний халуун, дунд халуун, сүүлчийн халуун хэмээн нэрлэдэг байна. Халууныг давж гарахын тулд энэ үеэр хүмүүс тахианы битүү шөл ууж стресс, ядаргаагаа тайлдаг төдийгүй амралтаа авч бусад газар луу аялдаг байна.

Төгөлдөр хуурын түүхийг аялал жуулчлалын брэнд болгожээ

Тэгү хотод үзэж харах байгалийн болоод түүх дурсгал, бүтээн байгуулалт хөгжилтэй холбоотой олон зүйл байна. Тэр дундаас Нагдун голын эрэг дээрх түүхэн дурсгалт, аялал жуулчлалын нэгэн газрыг онцлов. БНСУ-ыг өнөөгийн хөгжил дэвшилд хүрээгүй байх үед анхны төгөлдөр хуурыг өрнөдөөс Нагдун голоор тээвэрлэн авчирч байжээ.

Соёл урлагийн түүхэнд эл үйл явдал томоохонд тооцогддог байна. Тухайн үед энд гүүр байгаагүй зэлүүд газар байжээ. Энэ түүхэн үйл явдлыг бэлгэдэж төгөлдөр хуурын хөшөө бүхий аялал жуулчлалын газрыг голын эрэг дагуулан байгуулж эдүгээ тус улсын иргэдийн болон гадаадын жуулчдын сонирхлыг татсан газар болон хувирчээ. Жил бүр энд 100 төгөлдөр хуурчийн фестиваль болдог бөгөөд үүнийг үзэх гэж олон газраас хүмүүс ирдэг байна.

   Үргэлжлэл бий

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button