Б.Ганзориг: Иргэний нийгмийн байгууллагуудтай түлхүү хамтарч ажиллана

0
49
-Шинээр бүрдсэн ИТХ-ын бүтэц бүрэлдэхүүн болон өмнөх хурлаас ялгаатай тал нь юу байна вэ?
-Энэ удаагийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоонд өөрчлөлт орсон. Сайншанд суманд 8 дугаар баг шинээр байгуулагдсантай холбоотойгоор төлөөлөгчдийн тоо 33 болж нэмэгдсэн. Хуучин бол 31 төлөөлөгч байсан шүү дээ. Өмнө ажиллаж байсан 5 хороо тооны хувьд хэвээрээ боловч бүтэц өөрчлөгдсөн.
-Дэд бүтэц, үйлдвэржилтийн бодлогын хороо
-Санхүү эдийн засаг, төсвийн бодлогын хороо
-Байгаль орчин, хөдөө аж ахуйн бодлогын хороо
-Нутгийн захиргаа, хууль эрх зүйн бодлогын хороо
-Нийгмийн бодлогын хороо гээд 5 хороо ажиллахаар болсон. Өмнө нь Олон нийттэй харилцах хороо гэж байсныг Нутгийн захиргаа, хууль эрх зүйн хороотой нэгтгээд, шинээр Дэд бүтэц, үйлдвэржилтийн хороог байгуулсан.
Энэ ямар учиртай вэ гэхээр Зүүнбаян-Тавантолгойн төмөр зам,түүнчлэн Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр зам гэдэг ч юм уу, ингээд төмөр замын асуудлууд мөн нефтийн үйлдвэрийн дагалдах боловсруулах үйлдвэрүүд, төмрийн үйлдвэр, ган ширмийн үйлдвэр, коксжуулах үйлдвэр гээд олон үйлдвэрүүд баригдах төлөвлөгөөтэй байгаа учраас үйлдвэржилтийн бодлогын хороог нэмж шинээр оруулж ирсэн.
-2016-2020 онд ажилласан ИТХ үйл ажиллагаагаа ил тод нээлттэй байлгаж, иргэдийг маш сайн сонсдог байх зарчмыг түлхүү баримталснаа дурдсан байсан. Тэгвэл энэ удаагийн ИТХурал ямар зарчмыг барьж ажиллах вэ?
-Хууль тогтоомж, дүрэм журамдаа ч аливаа төрийн байгууллага иргэдэд нээлттэй, ил тод байх тухай заасан үндсэн зарчим бий. Өнөөгийн нийгмийн шаардлага ч ийм байна. Тэгэхээр энэ зарчмыг баримтална.
ИТХурал болон тэргүүлэгчдийн хурал мөн хурлын ажлын албанаас зохион байгуулж байгаа бүх төрлийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод хүргэнэ. Цахим орчинд http://dornogovi.khural.mn/ гэсэн сайт байна.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хоёр телевиз болон бусад сонин сайтууд гээд хэвлэл мэдээллийн бүх байгууллагуудтайгаа 2021 онд бүгдтэй нь үйл ажиллагааныхаа хэмжээний хүрээнд гэрээ байгуулан мэдээлэл өгөөд хамтарч ажиллана. Мөн фэйсбүүк, цахим хуудсаараа дамжуулан үйл ажиллагаагаа иргэдэд хүргэнэ. Тийм учраас мэдээлэл бол олон нийтэд хүртээмжтэй нээлттэй байна гэж ойлгож болно.
-Энэ удаагийн ИТХуралд шинээр сонгогдсон төлөөлөгчид нэлээд хувийг эзэлж байгаа. Төлөөлөгчдийг чадавхжуулах талын ямар ажлууд хийгдэх вэ?
-ИТХ-ын 33 төлөөлөгчөөс 19 нь анх удаа сонгогдсон төлөөлөгчид байна. Тийм учраас төлөөлөгчдийг чадавхжуулах чиглэлээр нэлээд ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн. Уг нь 11 дүгээр сарын 28, 29-нд сургалт хийхээр төлөвлөж байсан ч өндөржүүлсэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулаад сургалтыг хараахан хийж чадсангүй. Гэхдээ төлөвлөгөөнд байгаа.
Ер нь бол төлөөлөгч нарт гурван чиглэлээр сургалт хийхээр төлөвлөсөн. Удирдлагын академиас сум аймаг, дүүрэг нийслэлийн төлөөлөгч нарт зориулсан үндсэн модул сургалтыг зохион байгуулдаг юм билээ.
Тэгэхээр Удирдлагын академийн сургалтын албатай ярьж тохироод байгаль орчин, уул уурхайн чиглэлээр нэг сэдэвт сургалт, төсөв санхүү, худалдан авах орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр нэг багц сургалт, мөн нутгийн захиргаа, хууль эрх зүйн чиглэлээр гээд багцалсан гурван модул сэдэвт сургалтыг авахаар ярьж тохирсон.
Энэ өвчин зовлон гайгүй болж хорио цээрийн дэглэм буурахаар төлөөлөгч нартаа сургалт хийнэ гэсэн чиглэлтэй байна.
-Цөөнхтэйгөө хэрхэн хамтран ажиллах вэ? Тэдний үзэл бодлыг хурлын шийдвэрт тусгах талаар?
-Ардчилсан намаас сонгогдсон дөрвөн төлөөлөгч, нэг бие даагчтай нийлээд таван хүн байгаа. Ер нь бол миний бие анхдугаар хуралдаан дээр хэлсэн. Цөөнхийнхөө дуу хоолойг сонсож, санаа бодлыг тусгаж хамтран ажилланаа гэдгээ илэрхийлсэн. Тэр зарчмаа баримтална.
Зөв зүйтэй зүйлийг нь бол дэмжээд, цөөнхийнхөө дуу хоолойг сонсоод, тэднийхээ санаа бодлыг хүндэтгэж, төлөөлөгчийн бүрэн эрхийнх нь хүрээнд үзэл бодлыг нь чөлөөтэй илэрхийлүүлж, тавьсан санал хүсэлтийг нь бас олонхынхоо зарчмаар шийдүүлнэ. Ер нь ИТХурал бол өөрөө төлөөллийн байгууллага, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тийм учраас хамтын байдлаар шийдвэрээ гаргаад цөөнхөө хүндэтгэж ажиллана гэдгээ анхдугаар хуралдаан дээр илэрхийлсэн. Цаашдаа ч тэр байр сууриндаа байх болно.
-ИТХ-ын хоёрдугаар хуралдаан саяхан болж өнгөрлөө. Хурлаар ямар асуудлууд хэлэлцэн шийдвэрлэв?
-ИТХурлын хоёрдугаар хуралдаан 12 дугаар сарын 3, 4-нд хуралдсан байгаа. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад хуралдааны дэгд цахим хуралдах өөрчлөлт оруулаад цахим хэлбэрийг танхимтай хослуулж хийлээ.
Аймагт байгаа төлөөлөгчид бол хоорондын зайгаа бариад танхимаар хуралдаан хийсэн. Хуралдаанаар Дорноговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дуусч байгаатай холбогдуулан тухайн хөтөлбөрийн биелэлтийг үнэлж дүгнэлээ. 2020 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг бас үнэлж дүгнэсэн.
ИТХ болон тэргүүлэгчдээс 37 дэд хөтөлбөр баталсан байдаг юм байна. Энэ хөтөлбөрүүдээс хоёр жилээс дээш хэрэгжилттэй байгаа дэд хөтөлбөрүүдэд мөн үнэлэлт дүгнэлт өглөө.
Ерөнхийдөө энэ жил хурлаас дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулж аймгийн Засаг дарга дээр 350 сая төгрөгийн зардлыг баталсан. Зардалтай учраас хөтөлбөрүүд хэрэгжих боломжтой болсон.
Энэ оны 5 дугаар сард “Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль” шинэчлэгдсэн. Үүний дагуу аймаг нийслэлийн таван жилийн үндсэн чиглэл гэж батлагддаг болсон. Улсынх мөн таван жилийн үндсэн чиглэл гэж батлагдсан, түүнтэй уялдуулаад аймгийн эдийн засаг нийгмийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа.
Дунд хугацааны бодлогын бичиг баримт болж зорилго зорилт тал руугаа томъёолсон арга хэмжээнүүдийг оруулсан үндсэн чиглэл батлагдсан. 2020-2024 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн төлөө хамтдаа-2” гэж мөрийн хөтөлбөрийг бас хэлэлцсэн.
Дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр бол үндсэндээ арга хэмжээ үйл ажиллагаа тал руугаа тусгагдсан.
Таван жилийн үндсэн чиглэл, дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр хоёрын ялгаа бол үндсэн чиглэл нь бодлогын зорилт зорилгын хэмжээнд тавигдаад, үйл ажиллагааны хөтөлбөр нь үйл ажиллагаа арга хэмжээ тал руугаа тусгагдсанд байгаа.
Замын-Үүд боомт шинэчлэлийн хүрээнд засвар хийгдэж байгаагаас шалтгаалаад том тэрэг, ачаа тээвэр Чөлөөт бүсээр зорчиж байгаа. Үүнтэй холбогдуулаад бас орлогоо нэмэгдүүлэх үүднээс татвар хураамжийн асуудлыг хэлэлцсэн. Чөлөөт бүсээр зорчиж байгаа зөвхөн ачаа тээврийн хэрэгслээс мөнгө авахаар тогтоосон.
Мөн Ханги-Мандалын боомтоор нүүрсний экспорт гарч байгаатай холбоотойгоор хуучин авч байсан төлбөрт бас өөрчлөлт оруулсан. Энэ ямар учиртай юм гэхээр Өмнөговиос Гашуунсухайтын боомтоос гадна манай аймгийн нутгаар дамжин Ханги-Мандалын боомтоор нүүрс тээвэрлэх аймаг хоорондын тээвэрлэлтийн ажил явж байгаа учир тэрнээс нь орон нутаг татвараа авах нь зүйтэй гэж үзсэн.
Орон нутгийн тээврийн хэрэгсэл хуучнаараа яваад аймаг хоорондын тээвэрлэлтийнх нэмэгдсэн. Өмнөговь аймгаас нүүрс тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл 40 мянган төгрөг, орон нутгийн тээврийн хэрэгсэл 20 мянган төгрөг байхаар ялгавартайгаар шийдэж татварын хувь хэмжээг тогтоосон шийдвэр гаргасан.
2021 оныхоо төсвийг мөн хэлэлцэн баталсан байгаа. Сангийн яам 2021 оны төсвийн орлогыг нэлээд шахаж өгч баталсан байсан. Боломж бололцоогоо дайчлаад болох хэмжээндээ төсвөө баталлаа.
Монгол улсын иргэнд 2021 онд шинээр өмчлүүлэх болон эзэмшүүлэх газрын байршил хэмжээг тогтоож өгсөн. Бас ИТХурал, тэргүүлэгч, ажлын албанаас 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хэлэлцүүлсэн зэрэг нийтдээ 13 асуудлыг хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан. Энэ удаагийн хурал цахим хэлбэрээр явсан учраас бүх материалыг төлөөлөгч нарт урьдчилан 2 хоногийн өмнө хүргүүлээд нэг бүрчлэн цахим дээр мэдээллийг нь тавиад бүх оролцоог хангаад хуралдаанаа хийсэн.
-Аймгаас 2020 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан ч хоёр шатны сонгууль болон цар тахлын улмаас иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил хангалтгүй байлаа. Тиймээс 2021 онд энэ чиглэлд ямар нэг ажил хийгдэхээр төлөвлөгдсөн зүйл бий юу?
-Ковид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулаад нэлээд олон ажлууд хойшилсон, зарим ажил зогссон чиглэлтэй байгаа. Тийм учраас аль болох 2021 онд иргэдийнхээ орлогыг бууруулахгүй байх ямар боломж бололцоо байна вэ, энэ чиглэл дээр бас анхаарах шаардлагатай гэж үзэж байна.
Ерөнхийдөө бол үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд ажлууд тусгагдаад орчихсон. 2020 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан ч үнэхээр өөрийн чинь хэлснээр хоёр удаагийн сонгууль, ковид цар тахалтай холбоотойгоор бараг бүтэн жил өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй, зарим үйл ажиллагаа хэсэгчилсэн горимоор хаалттай нөхцөл байдалтай явж ирлээ.
Аймгийн Тамгын газраас 2021 оныг ямар жил болгон зарлах вэ гэдэг дээр санал оруулж ирэх байх, үүний дагуу тухайн жилийн төлөвлөгөө гарна. Өнгөрсөн жилүүдэд ч гэсэн аймгийн Засаг даргын захирамжаар тухайн жилийг зарладаг байсан.
Хурлаас ерөнхийдөө хорио цээр гайгүй болохоор иргэд олон нийт рүү чиглэсэн тодорхой ажлуудыг хийнэ. Олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудтай түлхүү хамтарч ажиллая гэсэн бодолтой байна.
Яагаад гэвэл хурал өөрөө иргэдийн төлөөлөгчдийн байгууллага учраас энэ чиглэл дээр олон нийтийн байгууллага, ТББайгууллагуудын санал санаачлагыг дэмжиж хамтарч ажиллана гэсэн чиглэлтэй байгаа. Ер нь бол иргэдийнхээ орлого, амьдралын түвшинг бууруулахгүй байх, энэ онцгой цаг үеийг аймгийнхаа эдийн засагт аль болох эрсдэл багатайгаар даван туулах бодлогыг барьж ажиллах нь зөв байх.
Тийм учраас орлого олж болох, иргэдийн нуруунд ачаалал бага үүрүүлэх ямар боломж бололцоо байна гэдгийг эрэлхийлж хайж ажиллах нь үндсэн гол ажил болж байгаа гэж харж байна.
-Малын тоо толгойн албан татварын тухай хууль ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжихтэй холбогдуулан тухайн сум дүүргийн ИТХ-аас нэг малд ногдох татварыг малын төрөл тус бүрээр тогтооно гэж заасан. Малын тоо толгойноос хамааран 0 төгрөг байж болох тухай ч бий. Манай аймгийн хувьд энэ тал дээр сумдад чиглэл өгсөн үү?
-Ер нь бол хуулиа бариад сумдууд өөрсдөө татвараа тогтооно. Сумдад эрх нь байгаа юм билээ. Хуулиндаа 0-2000 төгрөгийн хооронд таван төрлийнхөө мал дээр ялгавартай байж болохоор заасан. Өөрт нь эрх нь байгаа учраас сумдын хуралд бид нэг их айхтар хөндлөнгөөс оролцоогүй. Сумдын хурал хуралдсаны дараа тогтсон нэг жишиг гарч ирэх болов уу гэж хүлээж байна.
Ойрын үед хурлаас ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Дээр хэлсэнчлэн хорио цээр гайгүй болохоор шинэ оны эхнээс улиралдаа, хагас жилдээ нэг томоохон олон нийтийг хамарсан ажил зохион байгуулна. Ер нь аймгийн ИТХурал бол сумдын ИТХурлын байгууллагуудад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй.
Ийм учраас бүх сумдаар явж ИТХурлын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ иргэдтэй уулзахаар төлөвлөж байгаа. Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хурлын даргын дэргэд байдаг учраас энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагын санал хүсэлтийг сонсоод тухайн чиглэлд хамтарч ажиллана. Ерөнхийдөө өнгөрсөн 2020 онд сумдаар зөвлөлийн ажлаар тойроогүй юм билээ. Тийм учраас он гараад хэрвээ энэ хорио цээрийн дэглэм буурвал сумдаар ажиллах чиглэл төлөвлөгөөтэй байгаа. Цаашдаа ИТХ-ын зүгээс жилдээ 2-3 удаа иргэд олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ төлөвлөн зохион байгуулъя гэсэн бодолтой байна.
Мөн дээр дурдсан бодлогын таван хороондоо 33 төлөөлөгчөө өөрсдийнх нь мэдлэг мэргэжил, ажлын туршлагыг нь харгалзан хувааж ИТХурлын анхдугаар хуралдаанаар батлуулсан байгаа. Тийм учраас ИТХурлын ажлын албанаас эдгээр бодлогын хороодоо бас чиглэл чиглэлээр нь ажиллуулна.
Хороодыг ажиллах боломж бололцоогоор нь хангах, Тэргүүлэгчдийн хурлаа нээлттэй хийх, иргэд олон нийт рүү хандсан ажлуудыг нээлттэй явуулах ийм чиглэлүүдийг хурлын зүгээс баримталж байгаа гэдгийг хэлмээр байна.
Өмнөх нийтлэл“ДИПЛОМ”-той хамаатнууд, “АЖИЛГҮЙ” сэхээтнүүд
Дараагийн нийтлэлСайншанд суманд тогтоосон хатуу хөл хориог цуцаллаа
Б. Лхагвадорж
"Ялалт" сонины эрхлэгч, сэтгүүлч, яруу найрагч

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here