Залуу үеОнцлох мэдээ

Хүүхдүүд хөл хорионы үеэр юу хийж байна вэ?

Цуврал сурвалжилга-1

Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр хүүхдүүд  гэртээ юу хийж, цаг хугацааг хэрхэн өнгөрүүлж буй талаар манай сайт олон нийтэд цуврал сурвалжилга хүргэж байна.

Сайншанд сумын II багийн иргэн О.Алтансүхийн гэрт очиход тэрээр бага хүүтэйгээ барилдаж байсан юм. Тэднийх дунд сургуулийн зургаагаас 11 дүгээр ангийн дөрвөн хүүхэдтэй айл аж. Том охин, хүү хоёр нь  ажил хийж байгаа тул гэртээ байсангүй.

Эхнэр, бага охин, хүү нь байлаа. Алтансүх дунд сургуульд жижүүрийн ажилтай, бөх сонирхдог нэгэн аж. Эхнэр Энхтунгалаг олон жилийн өмнөөс хуримтлал цуглуулж түүгээрээ дэлгүүр ажиллуулж байсан ч ковид цар тахлаас болоод дэлгүүрээ түр хугацаанд хаажээ. Шандынхан “Зайрмагны Тунгаа” гэхлээр анддаггүй. Бид хэсэгхэн хугацаанд хууч дэлгэв.

Бага хүү Түвшинбаяр нь Сайншандын тавдугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч. Бөх болох сонирхолтой тул аавтайгаа заримдаа хөлс гаргах энүүхэнд. Олимпын аварга Түвшинбаярыг Бээжинд аварга болох үеэр мэндэлсэн тул Монголын анхны олимпын аваргын нэрийг хайрлажээ.

Сургууль, нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээ гээд олны хамарсан үйл ажиллагаа зогссон тул гэртээ барилдахаас өөр аргагүй гэж гэрийн эзэн ярив. Аав хүү хоёр заримдаа гэрээ нураачих шахах нь энүүхэнд.

Теле хичээл  үзэхэд ойлгомжгүй зүйлүүд олон байдаг

Түвшинбаяр теле хичээлийн талаар  ойлгомжгүй, дээрээс нь гэнэт л өөр өөр хичээл заагаад эхэлдэг гэж ихэд дурамжхан өгүүлсэн юм. Тэднийх одоохондоо телевизгүй тул теле хичээлийг гар утсаар үзэж даалгавраа багшдаа явуулдаг байна.

Харин бага охин Түвшинжаргал гэрийнхээ ажлыг хийхийн сацуу ээждээ тусалдаг. Заримдаа айлын хүүхэд харах нь ч бий. Тэрээр зарим айлын хүүхэд дүү нараа хайхардаггүй.

Дүү нь газар  уйлаад хэвтээд байхад нь шоолоод суугаад байдаг. Том болоод цэцэрлэгийн багш эсвэл өөр мэргэжил эзэмшиж биеэ даасан хүн болно гэсэн юм. Мөн л теле хичээлийн талаар ойлгомжгүй олон зүйл байдгийг  хэлсэн.

Тухайн хичээлийн талаар асууж лавлах боломжгүй, эргэх холбоо байхгүй, гэнэт л өөр хичээл заагаад эхэлдэг гэж Түвшинжаргал шиг олон хүүхэд ийн боддог байж болох юм.

Том охин Түвшинжаргал мөн л айлын хүүхдийг гэрээр нь очиж хардаг байна. Ядаж хүнд тустай ажил хийгээд хөдөлмөрийн үнэ цэнийг мэддэг болох нь ирээдүйд хэрэгтэй гэж эцэг эх нь хэлж байсан юм. Бага ч гэсэн өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгө амттай гэв.

Том хүү Түвшинсанаа тавилгын үйлдвэрт ажиллаж байна

Харин том хүү Түвшинсанаа нь тавилгын цехэд ажиллаж байна. Гарын ур дүйгээр юм хийгээд сурчихвал хожим амьдралд нь хэрэгтэй гэсэн. Хүмүүс яаж амьдарч байгааг өөрийн биеэр үзэхээр хүүхдүүдийн амьдралыг харах өнцөг нь өөрчлөгддөг.

Мөнгөний үнэ цэнийг өөрсдөө мэдрээд эхлэхээр олсон мөнгөө ариг гамтай зарцуулж, өөрсөддөө хэрэгтэй зүйлээ авч сурдаг гэж зочилж очсон гэрийнхэн ярьсан юм. Хөдөлмөр хүнийг голох биш хөдөлмөрлөж чадвал сурсан юм багадахгүй гэж монголчууд хэлдэг үнэн билээ.

 300 мянган төгрөгийн дэмжлэг олон хүүхэдтэй айлд томоохон дэмжлэг боллоо

Бидний ярианы сэдэв  төр засгаас иргэдэд шилжүүлсэн гурван зуун мянган төгрөгийн эргэн тойронд өрнөв.  Гэрийн эзэгтэй хэлэхдээ, “Засгаас хүн бүрт 300 мянган төгрөг олгосон. Зарим нь бэлэн мөнгө тараалаа гэж ярьцгааж байна. Олон ам бүлтэй айлд том дэмжлэг боллоо.

Сард хүүхдийн 100 мянга авчихна. Мөнгийг гамтай зарцуулж үржүүлдэг хүнд маш том боломж юм. Манайх зургаан ам бүлтэй. Хүн бүрийн 300 мянга буюу 1.8 сая төгрөгийг жижиг сажиг юманд зарцуулалгүйгээр хувийн бизнестээ хэрэглэхээр шийдсэн.

Зөв хооллолтын клуб ажиллуулдаг. Үүнийхээ эргэлтийн санхүүжилт болгож зарцуулсан. Гэтэл зарим хүмүүс хүүхдүүдээ дэлгүүрт дагуулж ирээд үр ашиггүй худалдан авалт хийж мөнгөө үрчихдэг.

Ковидын үед төр засгаас бизнес эрхлэгчдийн зээл төлөх хугацааг хойшлуулж, цахилгаан эрчим хүчийг тодорхой хугацаанд төрөөс дааж байгаа нь дэмжлэг юм. Харин  хавтгайруулсан халамжийн бодлогыг цэгцлэх ёстой.

Халамж авахын тулд хүүхдүүдээ өвчтэй болгодог, гэр бүлтэй байж өрх толгойлсон эмэгтэйн нэрээр халамж авдаг ажил хийх дургүй залхуу хүмүүс  олширчээ. Засгаас өгсөн 300 мянгаар хүмүүс цахилгаан бараа авч,  хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж байна.

Зургаан ам бүлтэй  нэг өрх гэр худалдан авсан ” гэлээ. Ковид бол их хэмжээний зээлтэй аж ахуй нэгжүүдэд хүнд тусч байгаа. Харин  бусад хүмүүст харьцангуй гайгүй болов уу гэсэн юм. Хоромхон хугацаанд өрнөсөн бидний яриа өндөрлөв.

Нийгэмд өрнөж буй үйл явдлын талаар өөрсдийн бодол санаа, ажил амьдралаа илэн далангүй ярьсан О.Алтансүхийн гэр бүлд амжилт хүсье.Тэднийх өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдралаа цогцлоож байгаа Монголын мянга мянган гэр бүлийн нэг юм.

Ковид бол хүүхдүүдэд шинэлэг хэлбэрээр сурах, шинэ боломж хайх, амьдралын хэв маягаа өөрчлөх зэрэг шинэ сорилт бүрийг шаардаж байна. Удахгүй  өөр нэгэн өрх айлын хүүхдүүд юу хийж байгааг сурвалжлан хүргэх болно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button