Онцлох мэдээ

Ээж охин хоёрын эхэлсэн бизнес эрэлт ихтэй байна

Ээж охин хоёрын эхэлсэн бизнес Сайншандад эрэлт ихтэй байна. Оёдлын бизнес хаа газар түгээмэл байдаг ч  урлагийн хувцасных тоотойхон байдаг нь энэ чиглэлийн оёдол нарийн хатгаас, ур дүй шаарддагтай холбоотой аж.

Д.Түвшинбаяр гэдэг эмэгтэй тогооч мэргэжилтэй ч өөрийн хүсэл сонирхлоор 2011 оноос эхлэн хувцас оёж эхэлжээ. Тухайн үед оёдол, эсгүүрийн чиглэлээр  Улаанбаатарт сургалтад  хамрагдаж ирээд 2022 он хүртэл Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын Хувцасны фондын эрхлэгчээр ажилласан байна. Түүнийг урлагийн хувцас оёдог болохоор театрын бүжгийн багш нар нь  ихэд олзуурхан урлагийн хувцас тэр тусмаа бүжгийн хувцас  захиалж эхэлжээ.

Олон удаа урлагийн хувцас оёж байсан тэрбээр 2022 онд ажлаасаа гарч охинтойгоо  компани байгуулан оёдлын үйлдвэрлэл эхэлж байсан бол одоо хоёр туслах оёдолчинтой  үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллаж байна.

Оёдлын үйлдвэрээ охиныхоо нэрийн үсгийг оруулан “Chimulei”  хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нэрийн бренд бүтээгдэхүүнтэй болох нь ээж охин хоёрын  хүслэн аж.Одоо охин нь компаниа удирдан авч явдаг аж. Өнгөрсөн онд  “Бест” хөтөлбөрөөс зарласан төслийн уралдаанд төсөл бичин оролцож 10 сая төгрөгийн дэмжлэгийг авсанаар шуумагны машин, кноп хадагч, эсгүүрийн машин, хэрээсний машин, индүүний  ширээ, хатгамлын машин зэрэг шаардлагатай тоног төхөөрөмж авч дутагдах юмгүй  ажиллаж  байгаа талаар тэрээр өгүүлсэн юм.

Сайншандад оёдлын үйлдвэр, цех цөөнгүй ажилладаг ч тэднийх шиг урлагийн хувцасаар дагнасан үйлдвэр одоогоор байхгүй тул эрэлт хэрэгцээ, захиалга тасардагггүй гэсэн. Тухайлбал захиалагч тал материалаа гаргаж бүжгийн малгайтай хувцас хийлгэлээ гэхэд нэг хувцсын оёдлын хөлс нь  200 мянган төгрөг болдог байна. 

Эх сурвалж МОНЦАМЭ Дорноговь

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button