Ковид-19Онцлох мэдээ

Бүх нийтийн бэлэн байдлын улаан түвшиний хугацааг 5 дугаар сарын 08-ныг хүртэл сунгалаа

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын Онцгой комиссоос энэ сарын 10-наас эхлэн 25-ныг хүртэл Улаанбаатар хотод хөтуу хөл хорио тогтоож байгаа.

Дорноговь аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн улаан түвшиний хугацааг 5 дугаар сарын 08-ныг хүртэл сунгаж буй талаар  аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

12 дугаар ангийн сургалтын үйл ажиллагааг эхэлнэ

Аймгийн Онцгой комиссоос ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сургалтын үйл ажиллагааг эхлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ жил Дорноговь аймгийн хэмжээнд 682 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлдэж байгаа аж. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2 дугаар сарын 15-наас  эхлэн цахимаар явагдаж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ирэх тавдугаар сарын 15-ныг хүртэл бүртгэлийн хугацааг сунгасан аж.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сургалтын үйл ажиллагааг  БШУ-ны сайдын хичээл сургуулийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай 2021 оны гуравдугаар сарын 26-ны А/120 дугаар тушаалын дагуу явуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал  танхимд 15-аас ихгүй сурагч өдөрт 4-5 цаг хичээллэх, 18-20 цагийн үед өдөр үзсэнээ бататгах цахим сургалт зохион байгуулах зэргээр хичээллэхээр болсон байна.

Банкууд тогтоосон хугацааны дагуу ажиллана

Харин аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд өмнөх журмаараа хэвийн ажиллах бөгөөд дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн өглөө 09.00-13.00 цаг хүртэл хугацаанд зөвхөн арилжааны банкууд ажиллана.

Банкууд нийт талбайнхаа 30 хүртэлх хувьд иргэдэд үйлчлэх бөгөөд ариутгал халдваргүйтгэл хийх, иргэд хоорондын зайг барих зэрэг тогтоосон дүрэм журмын дагуу ажиллана. Аж ахуйн нэгжүүдийн  хоол хүргэлтийн үйл ажиллагааг үдшийн 22.00 цаг хүртэл сунгажээ.

Аж ахуй нэгжүүд Сайншанд сум болон Цагдаагийн газарт хандаж машиныхаа дугаарыг бүртгүүлж зөвшөөрөл авна.

Дорноговь аймагт 2021 он гарснаас хойш корона вирусний нийт  27 тохиолдол илрээд байгаа бөгөөд тэдний 23 нь эдгэрч гэртээ иржээ. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 17, дам хавьтлын 19 хүнийг хяналтад авсан бол гэрийн хяналтад 376 хүн байгаа аж.

Уул уурхайн чиглэлээр болон бусад албаны ажлаар ирж байгаа хүмүүсийг “Маргад” зочид буудалд хүлээн авч тусгаарлаж буй бол газрын тосны чиглэлээр ажиллахаар ирж байгаа иргэдийг “Их говь” жуулчны баазад тусгаарласан байна.

Дорноговь аймагт нийслэл болон бусад аймгаас зөөвөрлөгдсөн халдвар сүүлийн өдрүүдэд гараагүй бөгөөд зөөвөрлөгдөж болзошгүй халдварын тохиолдлыг Дорноговийн нутаг руу оруулалгүй пост, хяналтын цэг дээр илрүүлж  Улаанбаатар руу буцаасан аж.

Дархлаажуулалтын хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 27-ноос эхэлнэ

Дархлаажуулалтыг гуравдугаар сарын 29-нөөс эхэлж хийсэн бөгөөд энэ хугацаанд өссөн дүнгээр аймгийн хэмжээнд 12286 хүнийг дархлаажуулалтад хамруулж нийт татаж авсан вакцины 99.7 хувийг зарцуулжээ.

Харин хоёр дахь тун буюу 12298 тун вакциныг дөрөвдүгээр сарын 25-ны дотор татан авч дөрөвдүгээр сарын 27-ноос Замын-Үүд суманд, Сайншанд суманд тавдугаар сарын 02-ноос эхлэн тус тус хийж эхлэхээр төлөвлөжээ.

Цаашид нийслэл болон бусад аймгаас халдвар зөөвөрлөгдөн ирэх эрсдэл  өндөр байгаа тул корона вирусний халдвараас урьдчилан сэргийлж иргэн бүр гараа угааж, хөл хорионы дэглэмийг сайтар хангаж дархлаагаа дэмжиж, гэртээ хүн урихгүй байх, шаардлагагүй тохиолдолд эмнэлэгт очихгүй утсаар зөвлөгөө авахыг анхаарууллаа.

“Ковид-19” халдварын шинж тэмдэг нь хоолой сэрвэгэнэх, бага зэрэг ханиах, халуурах шинж тэмдэгээр илэрч байгаа тул ийм зовиур илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж буй.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button