Ковид-19НийгэмОнцлох мэдээ

Халдварын тархалтын улбар шар түвшинд шилжүүлэхээр шийдвэрлэлээ

Дорноговь аймгийн Онцгой комиссын  ээлжит 17 дугаар хуралдаанаар аймгийн хэмжээнд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын улаан түвшиний хугацааг энэ оны тавдугаар сарын 08-ны 06.00 цагаас зургадугаар сарын 02-ны 00.00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, халдварын тархалтын “Улбар шар түвшин”-д шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Дээрх шийдвэртэй холбогдуулан аймгийн хэмжээнд 16 төрлийн үйл ажиллагааг хязгаарлав. Үүнд, жагсаал, цуглаан, уралдаан, тэмцээн, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт, бүх төрлийн баар, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх шатны боловсролын байгууллагын болон сургалтын төвийн үйл ажиллагаа, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, алжаал тайлах, чийрэгжүүлэх үйл ажиллагааг хориглоно.

Мөн бялдаржуулах төвийн үйл ажиллагаа, саун, бассейн, зочид буудал, шашны зан үйл, сүм, хийдийн нийтэд үйлчлэх үйл ажиллагаа, биеийн тамир, спортын арга хэмжээ, ресторан, цайны газар (хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрнө, танхимын дүүргэлт 30 хувьтай байх), хүүхдийн тоглоомын бүх төрлийн талбай (сагс, хөл бөмбөгийн талбай гэх мэт), амралт, жуулчны бааз, нийтийн бүжиг, бүжгийн клубын үйл ажиллагааг хориглох жагсаалтад хамааруулжээ.

Мөн Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолын дагуу зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд аймгаас орох, гарах, сум хооронд зорчих иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өглөөний 06:00 цагаас 05 дугаар сарын 22-ны  00:00 цаг хүртэл хязгаарлалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдааны төв, аж ахуйн нэгж, байгууллагаас иргэдэд үйлчлэх цагийн хуваарийн хязгаарыг 20:00 цаг болгож сунгажээ.

Сумдын нутаг дэвсгэрт иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд 22:00 цагаас бүрэн зогсооно.

Хязгаарласнаас бусад зөвшөөрөгдсөн худалдаа, үйлчилгээний газруудад нийт талбайн 30 хувиас хэтрэхгүй хэмжээнд үйлчлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх, нэг дор арваас дээш хүн цуглахгүй байх, хүн хоорондын зайг барих, зэрэг зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлж ажиллахыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, төсвийн шууд захирагч нарт чиглэл өглөө.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд, сурагчдыг гудамж талбай, тоглоомын талбай, олон нийтийн газар зорчуулахгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээг боловсролын байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлж хяналт тавьж ажиллах, иргэд мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг чиглэл болголоо.

Хилийн боомтуудаар экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг тасалдалгүй нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх боломжийг бүрдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сумын Засаг дарга нарт үүрэг болгов.

Уул уурхайн болон бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилчид дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаж 14 хоног болсоны дараа аймаг руу нэвтрүүлэх болон ээлж солилцуулахаар боллоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button