Онцлох мэдээЯрилцлага

Л.Лхагва: Айраг сумын иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна

Манай сайт Айраг сумын нутаг дахь байгаль орчны асуудлуудын талаар иргэний нийгмийн байгууллага болон төрийн холбогдох албаны төлөөллийн байр суурийг хүргэж байна. 

Айраг сум бол манай улсын уул уурхайн салбарын хөгжилд томоохон нөлөө үзүүлдэг газар бөгөөд  сайн чанарын жоншоороо алдартай юм.

Дорноговь аймгийн Айраг суманд үйл ажиллагаа явуулдаг “Эх орон хамтын хүч” ТББ-ын тэргүүн Л.Лхагватай  ярилцсаныг хүргэе. Тэрээр орон нутагтаа хариуцлагатай уул уурхайг буй болгохын төлөө тэмцэж байгаа  аж.

Айраг сумын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхэд тулгарч буй ямар бэрхшээл байна?

Айраг сум бол Монголын уул уурхайн салбарын анхаарлын төвд оршсоор ирсэн. Монголын болоод бүс нутгийн эдийн засаг хөгжил дэвшилд ч үр өгөөжөө өгч байсан үйлдвэр уурхай ажиллаж байлаа. Жонш, нүүрс гээд байгалийн баялаг ихтэй ч  үүнийг дагасан хариуцлагагүй уул уурхайн сөрөг үр дагавар гарсаар байна.

Тухайлбал, манай суманд жоншны баяжуулах үйл ажиллагаа явуулж байсан “Яаньтай-Уул” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлүүд одоо ч асуудал дагуулж байна.

Уг үйлдвэрийн хууль зөрчсөн үйл ажиллагааг нутгийн иргэд болон манай төрийн бус байгууллага эсэргүүцэж орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагад санал хүсэлт, шаардлагыг удаа дараа хүргүүлж  байсан юм.

Үүний дагуу УМХЕГ-ын дүгнэлтээр акт тавьж үйл ажиллагааг нь  2018 онд зогсоож байсан ч уг үйлдвэр дахин ажиллахаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл сонслоо. Үндсэндээ Айраг сумын иргэдийн эрх ашиг төрийн хараа хяналтын гадна байна.

Тэгэхээр тус компанийн хувьд энэхүү үүргээ хэрэгжүүлж байгаа эсэх, ер нь ямар зөрчил дутагдал гаргаад байна вэ?

Уг үйлдвэр нь химийн хоёрдугаар зэргийн хортой 10 төрлийн бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байсан юм. Хог хаягдлыг батлагдсан зураг төслийн дагуу хадгалаагүйгээс хөрс бохирдуулсан. Өөрөөр хэлбэл химийн хог хаягдлаа ил задгай хаяж байсан.

Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүйгээр баяжуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулсан, газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээ, гэрээгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан гээд УМХЕГ-ын хяналт шалгалтаар 10 гаруй зөрчил илэрч байсан юм. Тухайн үед орон нутгийн удирдлагууд ч үүнд дорвитой хяналт тавьж, хууль хэрэгжүүлж ажиллаагүй.

Мөн орон нутгаас “Яаньтай-Уул” ХХК-д үйлдвэрийн бүсдээ нүүх зориулалт бүхий газрыг үнэ төлбөргүй олгосон ч компани нүүх зардлаа хэмнэж шинэ газраа химийн бодис бүхий шороогоор дүүргэж уул овоолго шиг болгосон.

Нутгийн захиргаанд баяжуулах үйлдвэрт хяналт тавих, хариуцлага тооцох мэдлэг чадавхи ч алга. Мөн хараат бусаар ажиллаж байгаа нь эрсдэлтэй байна.

“Яаньтай-Уул” ХХК-ийн үйл ажиллагаанд төрийн хяналт шалгалт хийсэн үү? Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалтгалтаар ямар зөрчил илэрсэн бэ? Үүний мөрөөр ямар арга хэмжээ авсан  байдаг юм бол?

Биелүүлсэн эсэхийг сайн мэдэхгүй. Төрийн холбогдох байгууллагаас асуух нь зөв байх. Манай байгууллагаас 2019 онд Экологийн Цагдаагийн албанд  тус компанитай холбоотой 158 хуудас бүхий гомдол хүргүүлж байсан.

Дараа  нь 67 хуудас гомдол  бас л явуулсан. Одоогийн байдлаар зургаан удаагийн хөрсний шинжилгээ, гурван удаа усны шинжилгээ хийсэн бөгөөд зарим шинжилгээний хариу зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байгаа тул дүгнэлт гаргуулахаар мэргэжлийн эрдэмтдэд хандаж байна.

Сумын А бүсэд үйлдвэр барихгүй, баяжуулах хүнд үйлдвэрүүдийг сумын баруун урд зүгт үйлдвэрийн бүсэд бүтээн байгуулна гэсэн Айраг сумын ИТХ-ын баталсан тогтоол хэрэгжихгүй байна. Төрөөс хяналт шалтгалтын мөрөөр эргэж хариуцлага тооцохгүй, хяналт тавьж чадахгүй байна. Үүнд сэтгэл дутаж байна.

Танай ТББ баяжуулах үйлдвэрийн хариуцлагыг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг буй болгох зорилгоор цөөнгүй жил ажиллажээ.  Энэ хугацаанд ямар үр дүнд хүрсэн бэ?

Хариуцлагатай уул уурхайн цаана хүний эрх хохирохгүй, экологийн доройтол ул мөр үлдэхгүй байх ёстой. Бид үүнийг л хүсч байгаа юм.

Айраг суманд үүсээд байгаа асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид үнэн мөнөөр нь нийгмийн сонорт хүргэсэн. Зарим нь газар дээр нь ирж сурвалжилга, мэдээлэл бэлтгэж байсан юм. Уул уурхайн салбарт ялангуяа баяжуулах үйлдвэрийн эргэн тойрон дахь бугшсан олон асуудлыг иргэд мэддэг болсон нь сайшаалтай.

Захиргааны хэргийн шүүхэд газрын асуудлаар хандахаар бэлтгэлээ хангаж байгаа. Одоогоор Айраг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Яаньтай-Уул” ХХК-ийн жонш баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогсоод байна.

Бид болон иргэд олон нийтийн  хамтын ажиллагааны үр дүнд тус суманд  УМХЕГ-аас зохих хяналт шалгалт хийж “Яаньтай-Уул” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлүүдийг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоож хариуцлага тооцсон байдаг юм. Эдүгээ Экологийн Цагдаагийн албанд хандан уг үйлдвэрт экологийн болон эрүүгийн хариуцлага тооцуулахаар гомдол гаргаад байна.

Баяжуулах үйлдвэрийн эрх зүйн орчны талаар Уул уурхайн яаманд албан бичиг хүргүүлж байсан. Цаашдаа боловсруулах баяжуулах үйлдвэрийн бие даасан хууль гаргах асуудал яригдаж байгаа гээд асуудал өмнөхөөсөө урагшилж байна.

Цаашид  танай ТББ-аас ямар  ажил хийхээр төлөвлөв? Ямар талуудтай хамтран ажиллах вэ? Иргэдийн оролцоо дэмжлэгт хэр ахиц өөрчлөлт гарч байна вэ?

“Яаньтай Уул” ХХК хүний эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл үүсгэсэн аюултай хог хаягдлын сөрөг нөлөөллөө арилгахгүйгээр ажиллах боломжгүй. Байгаль орчны багц хуулийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй, газрын зөвшөөрөлгүй байгаа тул үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болсон.

Энэ агуулгаараа огт ажиллах боломжгүй. Компани ч, төр орон нутгийн захиргаа ч Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд бид хуулийн хүрээнд үйл ажиллагааг явуулахгүй, хохирол барагдуулахын төлөө, эрхээ сэргээлгэхийн төлөө тууштай ажиллана.

Айраг сумын 4000 гаруй иргэдийн дийлэнх нь бидний ажлыг дэмжиж байна. Зарим нь энэ үйл хэрэгт биеэрээ оролцож байгаа юм.

Өөрөөр хэлбэл  иргэд бидний талд. Яагаад гэвэл иргэд өөрсдийн газар нутаг дээрээ эрүүл бус бохирдсон, хордсон хүрээлэн буй орчинд амьдрахыг хүсэхгүй байна шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт “Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас  хамгаалуулах эрхтэй” гэж заасан.

Тиймээс бид Үндсэн хуулиар олгосон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх ёстой. Бид нийлээд нэгэн дуугаар шаардлага тавьж төр засгийн бодлогод нөлөөлөх хэрэгтэй. Ингэж чадвал газар нутгаа хариуцлагагүй уул уурхайгаас аварч чадна.

Үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээлт хийлгэх, баяжуулах үйлдвэрлэлийн хууль эрх зүйн орчныг экологи болон эдийн засагт таатай байдлаар шийдвэрлэх, газар зүйн зохион байгуулалтыг хүн байгальд ээлтэйгээр хийх асуудлыг юун түрүүнд тавьж байна.

Мөн баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэх, байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулах, хог хаягдлыг цэвэрлүүлэх, нөхөн сэргээх, нэг сумын төвийн нутаг дэвсгэрт гурваас дээш боловсруулах баяжуулах үйлдвэр бариулахгүй байх хуулийн заалттай болох, экологи, эдийн засагт ээлтэй хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг зорьж байна.

Танай байгууллагаас хууль хяналтын байгууллагуудад гаргасан өргөдөл гомдол нааштай шийдэгдэх бол уу?

Юун түрүүнд хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломж нөхцөлийг хангаж ажиллах ёстой. Айраг сумын уул уурхайн асуудал өнгөрсөн хугацаанд маш замбараагүй явж ирсэн.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд баяжуулах үйлдвэрийн ажиллах бүс нутгийг тодорхойлж тогтоолоор баталгаажуулах ёстой.

Одоо байгаа баяжуулах үйлдвэрийг  суурьшлын бүсээс гаргах, нөхөн сэргээлт хийлгэх, байгаль орчинд учирсан хохирлыг тооцож нөхөн төлүүлэх ажлыг даруй хийх ёстой. УМХЕГ-аас зөрчлийг илрүүлж ажилласан.  Харин Экологийн цагдаагийн алба сэтгэлд хүртэл ажиллаж чадахгүй байна.

Д.Төмөрбаатар: “Яаньтай-Уул” ХХК-иас дахин ажиллах талаар санал хүсэлт ирүүлээгүй

Иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн байр сууриас гадна хууль зөрчин ажиллаж байсан баяжуулах үйлдвэртэй холбоотой асуудлаар ямар бодлого баримталж ажиллаж байгаа талаар албаны хүний байр суурийг тодруулахыг зорьсон юм.

Дорноговь аймгийн МХГ-ын Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч, Хэлтсийн дарга Д.Төмөрбаатараас зарим зүйлийг тодруулсныг хүргэе. 

2018 онд Улсын МХГ-ын хяналт шалгалтаар “Яаньтай-Уул” ХХК-ийн  баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг шалгаж зөрчлийг илрүүлэн үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаж байжээ. Тус компани гаргасан зөрчил дутагдлаа зассан уу?

Тухайн үед Дорноговь аймагт УМХЕГ-аас нэгдсэн хяналт шалгалт хийж байсан үе. Тэр шалгалтын  хүрээнд иргэд төрийн бус байгууллагын санал гомдлын дагуу  “Яаньтай-Уул” ХХК-ийг шалгаж  үйл ажиллагааг нь зогсоох акт тавьж байсан.

Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тус компани гаргасан зөрчил дутагдлаа засаж сайжруулах үүрэгтэй. Одоог хүртэл “Яаньтай-Уул” үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Хэрэв гаргасан зөрчил дутагдлаа зассан тохиолдолд Мэргэжлийн хяналтын газарт хандан үйл ажиллагаагаа явуулах талаар  хүсэлт гаргах ёстой юм.

Тус компаниас танай байгууллагад хандан дахин ажиллах талаар хүсэлт гаргасан уу?

Одоогоор манай байгууллагад “Яаньтай-Уул” ХХК-иас дахин ажиллах талаар санал хүсэлт ирүүлээгүй. Хэрэв дахин ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд МХГ-аас  зөрчил дутагдлыг арилгасан эсэхэд дахин хяналт шалгалт хийнэ.

МХГ-ын гол зорилго бол хяналт шалгалт зохион байгуулах, зөвлөн туслах, аливаа хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулахад оршдог.

“Яаньтай-Уул” ХХК химийн бодис шингэсэн баяжуулах үйлдвэрийн хог  хаягдлаа сумын төвийн ойролцоо ил задгай хаясан гэх шүүмжлэл өрнөж байсан. Ил задгай хаясан химийн хог хаягдлаас дээж авч шинжилж байсан  уу?

Бараг 2011 оны үед болов уу, хөрсний бохирдлыг шинжлэхээр дээж авч байсан. Тухайн үед ноцтой зүйл илэрч байгаагүй.

Б.Саяннямбуу: Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гаргасан зөрчил дутагдлаа засаагүй тохиолдолд үйл ажиллагааг нь  дахин явуулахгүй 

Бид Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Айраг сум дахь Цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Б.Саяннямбуугаас зарим зүйлийг тодрууллаа.

Айраг сумын “Эх орон хамтын хүч” ТББ-аас тус суманд жоншны баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Яаньтай-Уул” ХХК-ийг химийн хог хаягдлаа ил задгай хаяж хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн гэж Цагдаагийн газар шалгуулахаар гомдол гаргажээ. Энэ гомдлыг талаар шалгалт явагдаж байгаа юу?

 “Эх орон хамтын хүч” ТББ-аас цагдаагийн албанд энэ талаар гомдол мэдээлэл ирүүлсэн. Уг төрийн бус байгууллагаас ирүүлсэн гомдолд “Яаньтай-Уул” ХХК-ийг химийн хорд бодистой шороог зөвшөөрөлгүй газар ил задгай хаясан, байгаль орчинд хохирол учруулсан гэх зэргээр дурдсан байсан.

Гомдол мэдээллийн дагуу холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Байгаль орчинд ил задгай хаясан үйлдвэрийн хог хаягдлаас шинжилгээний дээж авч мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар явуулсан.

“Ковид-19” цар тахлаас шалтгаалан хөл хорио тогтоосон учир хариу нь удаашралтай байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тус компанийн байгальд ил задгай хаясан химийн бодис хүн амьтан, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан байгаль орчин бохирдуулах гэсэн үндэслэлээр хариуцлага тооцох боломжтой.

Тухайн компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хүн амьтан, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдвол ямар хариуцлага тооцох вэ? 

Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож  байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг хийлгүүлнэ. Мөн Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5-27 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авна.

Хариуцлага алдсан тохиолдолд үйл ажиллагааг нь цаашид бүрэн зогсоох боломж байгаа юу?

Тус компани одоогоор үйл ажиллагаа явуулаагүй. Баяжуулах үйлдвэрийн  ил задгай хаясан химийн хорт бодис байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож, гаргасан зөрчил дутагдлаа засахгүй байгаа тохиолдолд үйл ажиллагааг нь дахин явуулахгүй, зогсоох боломж бий.

2021.04.20. 

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button