Эдийн засаг

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны шилдгүүд тодорлоо

Жил бүр уламжлал болон зохиогддог “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа энэ сарын 09-нөөс 10-нд Сайншанд сумын гэр бүлийн талбайд амжилттай боллоо.

Нутгийн үйлдвэрлэгчдийн шилдэг бараа бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээжийг үйлдвэрлэгчийн гараас хэрэглэгч олонд шууд хүргэх боломжийг олгодог үзэсгэлэн худалдаанд долоон сумын 80 орчим аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, нөхөрлөл, үүрэн холбооны хоёр, банк санхүүгийн 1 байгууллага оролцож бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ сурталчлан хүргэсэн юм.

 Энэ онд  30 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 170 гаруй айл өрх 110 га талбайд тариалалт хийж, ургац хураалт 30 гаруй хувьтай явагдаж жил ирэх тусам тариалан эрхлэгчдийн тоо өссөөр байгаа нь ард иргэдийн эрүүл амьдрах нөхцөл эерэгээр нөлөөлж байгааг албаныхан онцолсон.

Орон нутгийн хүнс, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагыг илтгэдэг, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжиж хэрэглэгчдэд хүргэх нөхцөлийг бүрдүүлдэг уг үзэсгэлэн худалдааны цар хүрээ өргөжиж байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд тэргүүлсэн шилдэг үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг найман номинацаар шалгаруулж шагнаж урамшууллаа.  Шилдэг төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгч:  Хатанбулаг сумын хилийн 0168 дугаар анги, Шилдэг тарвас үйлдвэрлэгч: Эрдэнэ сумын Ү.Амгаланбаатар, Шилдэг даршилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч: Сайншанд сумын Ц.Оюунбилэг, Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Даланжаргалан сумын Д.Эрдэнэчимэг, Шилдэг сав баглаа боодол: Сайншанд сумын Далт Мөнгөн Шанд ХХК, Шилдэг өрхийн үйлдвэрлэгч: Сайншанд сумын Б.Отгонтогтох, Шилдэг ЖДҮ эрхлэгч: Даланжаргалан сумын Монда урлан ХХК,  Шилдэг хүлэмжийн аж ахуй эрхлэгч: Даланжаргалан сумын Л.Лувсанпүрэв,  Шилдэг хоршоо нөхөрлөл: Сайншанд сумын Дорнын говийн тариаланчдын холбоо тус тус шалгарлаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button