Uncategorized

Ухаарахуйн гэрэл нь ижийн залбирал аа…

Алтан толгод хүрээлсэн ахуй байгалийн цогц үзэмжит говь нутгийн минь өвөл цаг энэ жил их содон айлчиллаа.
Нутаг даяараа цасан дэвсэж цэлийсэн тал нутгийн оорцог толгод, жалга судаг, аанай зүүдлэн байх говийн ганц хайлаас ч тэр цагаан биед хувилаад цасны оронг үүсгэжээ. Энэ их цасан дунд чарр, чарр дуу үүсгэн хохь ганцаар алхахуй он цагийн чимээнээс алсран бодол ухаарлын цайвар манан дунд хөвөн алдах мэт… УХААРАЛ. Ухаарал хожимдохгүй байх аа…

Сайншандын хэн ч болов, “Баянаа ах, Баянаа ах” хэмээн авгайлах эрхэм ах Л.Баянжаргалын “Хожимдсон ухаарал” шүлгийн эл ном цагаан цасан дунд, идэр гурван есийн жавар тачигнаж буй агшинд монгол дулаан гэрийн тооноор яндан хүүгэн аргалын галаар улалзан сувирах мэт илч дулаан түгээн олны гарт хүрэх болоод байна.
Аль хэдүй социалист нийгмийн үед төлөвшсөн залуу чийрэг эрийн бодол, цаг нийгмийн ороо бусгаад хөл дайвсан ч итгэл алдаагүй үнэн дүр төрх, энэ цагийн залуус бидэнд учирлан суух намтар цөлх байдлыг ахтай хуучлан суухад мэдэрдэг сэн.
“Хожимдсон ухаарал” гэнэ үү? Ямартаа ч ухаарсан нь хамгийн зөв. Ухаараагүйгээсээ илүү үнэ цэнэ нь ухаарахуй мөн.
Номын шүлгүүдийг нүдлэн уншихад залуу идэр цогт насны амттай алдаанууд, тохь алдсан шөнийн ганцаардсан ухаарал, ажин түжин амьдралын цуугиант он цаг, аав л ижий, эх нутгийн гүр дуулал, хань ижил, нандин үрсээ эр нүдээрээ хайрласан эрийн өчил, цуглаант анд нөхдийн цуварч айсуй жилийн цөхрөнгө гашуудал, цэрэг насны жагсаал мөр шүлгүүд гээд арвин баялаг сэдвийг цаг үетэй нь дүрслэн уншихаар байна. Ухаарлын шүхэр дор ах минь:

-Энд миний бичсэн эв хавгүй
Эвлүүлж чадаагүй ч хэн нэг нь
Эргүүлж жаахан ч гэсэн харвал
Авах гээхийн завсар
Таны сэтгэлд үлдэх
Ганц мөр ч гэсэн байгаасай гэж хүснэ
Учир нь би зохиолч, сэтгэгч, яруу найрагч биш
Та бүхний танил ч биш
Хэн ч гэсэн өөрийнхөө
Сэтгэл зүрхийг хүсэл мөрөөдөл, баяр гунигийг
Дэлгэж дотоод сэтгэлээ онгойлгохсон гэж бодно хэмээн тулхтай үнэнийг өгүүлээд номын хавтас нээхийн урьтал зүйт эрхэм үүргийг над оноосон юм аа.
Намайг 2010 онд “Дорноговь аймагт музей үүсч хөгжсөн нь” номыг бичин явах зуур бид дотно танилцсан юм. Түүний аав П.Лувсандамба аймгийн “Орон нутаг судлах кабинет”-ын хоёр дахь эрхлэгч /1951-1953, 1967-1969 онуудад ажиллаж байсан./-ээр үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн нь биднийг уулзуулсан хэрэг. Дээрх ном ч удахгүй хэвлэгдсэн билээ.
Он цаг нэгэн аравныг давжээ, ах минь…
Хэн хэнд нь ухаарлын идэр суу заль зузааран эр насны зөнт амьдралын бөгтөр даваануудад хүсэл мөрөөдлийн гэгээн дууч сэтгэлээрээ уран бүтээл, алиа марзан түүх ярилцсаар бид ухаарлын нэгэн шат алхжээ.
Хэдий хожуу ч гэлээ шүлэг дууллын бэрх замд үзгээ гээлгүй, бэхээ хатаалгүй ирсэн буурал ахын дулаан сэтгэл дор дүү нь ижийдээ зориулсан сэтгэлт мөртүүдийг чинь хайрлан байна. Ижийгээ бодсон эр балчир сэтгэлийг ч тольдон суулаа. Ухаарлын гэгээ нь ижийн тань залбирал, ижийдээ өргөсөн таны залбирал билээ.
УХААРАЛ. Ухаарал хожимдохгүй байх аа, ах минь

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button