Ярилцлага

Г.Анхбаяр: Тэргүүлэх таван чиглэлийг баримталж ажиллана

Манай сонины газраас өнгөрсөн оны 9 дүгээр сард цахим хуудсаараа дамжуулан Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний талаар иргэдийн дунд санал асуулга явуулсан билээ. Энэ удаагийн “Ялалт иргэдээ сонсч байна” буландаа Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Анхбаярыг урьж иргэдийн сонирхсон асуултад хариулт авлаа. Энэхүү сурвалжлагыг 2020 оны 11 дүгээр сарын дугаартаа бэлтгэн нийтлэх байсан боловч цаг үеийн байдлаас шалтгаалан хойшилсон болно.
-Юуны өмнө баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
-Баярлалаа. “Өнөөдрийн ЯЛАЛТ” сонины нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Ернь бол миний бие төрөлх нутгаасаа 2004 онд гарч Улаанбаатар хотод суралцаж, цаашлаад өөрийгөө хөгжүүлж явсаар 16 жил болсон байна.
Эзэмшсэн мэргэжлээрээ нутаг орондоо ирж ажиллая гэсэн чин хүсэл байсан. Тэгээд энэ онцгой цаг үед ирж таарлаа. Нэгдсэн эмнэлгийн даргаар оны өмнө томилогдсон.
-Нэгдсэн эмнэлгийн хувьд боловсон хүчний нөөц ямархуу байна вэ. Эмч эмнэлгийн ажилтны ажлын ачаалал ер нь ямар байдаг вэ. Ялангуяа сувилахуйн чиглэлд…?
-Хүний нөөцийн хувьд манай эмнэлэг нь нарийн мэргэжлийн эмч нараар хангагдсан. Зарим нэг эрүү нүүрний мэс засалч эмч гэх мэт нарийн мэргэжлийн эмч нар дутмаг. Сувилагч, арга зүйч сувилагч нарын орон тоо зөвхөн манайд ч гэлтгүй Монгол улсын хэмжээнд дутмаг байгаа нь анзаарагддаг.
Үүнээс болж манай эмчилгээ үйлчилгээн дээр нэг сувилагчид очих ачаалал их байдаг талтай. Үйлчлүүлэгчидтэй тулж ажилладаг хүмүүс нь голдуу сувилагч нар. Эмч нарын хувьд ажлын ачаалал ихтэй байдаг. Зарим нарийн мэргэжлийн эмч нар болох дотор, эхо, шүдний эмч нарын номер дугаар нь дутмаг учраас үүнээсээ болоод үйлчлүүлэгчдийн эмнэлэгт хандах хандлагад нөлөөлөөд байна уу даа гэж миний хувьд хардаг.Үүн дээр дүгнэлт хийж энэ оноос иргэддээ чирэгдэлгүй үйлчлэх тал дээр анхаарч ажиллана.
Манай эмнэлэг нь “Үйлчлүүлэгчээ дээдэлсэн, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэгч эмнэлэг болно” гэсэн алсын хараатай. 2021 оноос Манай нэгдсэн эмнэлэг нь нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж, гүйцэтгэлээр санхүүжиж эхэлнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манай эмнэлэг нь иргэдэд сайн үйлчилгээг үзүүлснээр санхүүгээ олж авна гэж ойлгож болно.
Иймд бид бүхнээс харьцаа хандлагын өндөр ёс зүй, мэргэжлийн ур чавдар шаардаж байна. Тэгж гэмээ нь иргэдийн манай хамт олныг зорьж очиж үйлчлүүлэх урсгал нэмэгдэх болох юм. Ур чадварын хувьд манай Дорноговийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, сувилагч нар улсын аль ч эмнэлэгт гологдохооргүй сайн гэдэгт би итгэдэг.
Ер нь бол Нэгдсэн эмнэлгийн хувьд ч Монгол улсын хэмжээнд ч эрүүл мэндийн салбарын хөгжил тодорхой хэмжээгээр дэвшилттэй явж байгаа.

-Манай сонины зүгээс өнгөрсөн оны 9 дүгээр сард Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний талаар иргэдийн дунд санал асуулга явуулсан. Иргэдийн гомдол санал үндсэндээ хоёр зүйл дээр хуваагдаж байгаа нь үзлэгийн дугаар авах болон эмч эмнэлгийн ажилтнуудын харьцаа хандлага байлаа. Дугаарыг цахимаар авдаг болмоор байна, уламжилж өгөөч гэсэн санал нэлээдгүй ирсэн. Одоо бол танайх цахимаар болон утсаар аваад эхэлчихсэн юм байна. Энэ талаараа тодруулна уу?
-Дугаарын тал дээр манайх ковид гэлтгүй өмнө нь бас ингэж авч байсан. Одоо бол ковидтой холбоотойгоор эмнэлэг маань өөрөө эрсдэлтэй бүс гэдэг утгаараа номер дугаарыг Нэгдсэн эмнэлгийн цахим хуудас болон ажлын өдрүүдэд 96903103 утсаар авч байгаа. Ковидтой үед хүмүүсийн хөл хөдөлгөөнийг багасгаснаар аль болох эрсдэлээс сэргийлнэ гэж үзэж байгаа. Хөдөө орон нутгаас утсаар холбогдож номероо аваад товлосон номер дээрээ ирээд үйлчлүүлж байгаа.
Номерын тал дээр ийм байна. Ирсэн хүмүүстээ аль болох очер дараалал үүсгэхгүй үйлчлэхийн тулд үүдэнд хөтөч сувилагчийн дэргэд дүн бүртгэл, касс ажиллуулаад эхэлчихсэн байгаа. Бас оны өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн лабораторийн тусламж үйлчилгээ байна.
Лабораторийн тусламж үйлчилгээн дээр мөн дараалал үүсгээд нэг хаалгаар ороод чирэгдэлтэй байсныг өөрчлөөд цахимаар шийдэж, ирсэн хүмүүстээ мөн л аль болох чирэгдэлгүй байлгах үүднээс 4 лаборант сувилагч нар нэгэн зэрэг шинжилгээ авч үйлчилж байна.
Энэ нь цаашид ч үргэлжлээд явна. Ер нь бол ажил авахад алдаатай оноотой юм зөндөө л байсан. Тэр харьцаа хандлагын тал дээр бол манай Нэгдсэн эмнэлэг ч гэлтгүй Монгол улсын хэмжээнд та бүхэн харлаа шүү дээ. Засгийн газраараа огцрох жишээтэй. Гэхдээ зарим нэгэн ажилтны харьцаа хандлагаас болоод бүхэл бүтэн салбарыг иймэрхүү байдлаар дүгнэж болохгүй ээ.
Харин манай ажилчдын харьцаа хандлага дээр иргэдээс гаргасан гомдлыг хүлээж авна. Бид байгууллагынхаа 2021 оны үндсэн таван чиглэлдээ энэ тал дээр хэрхэн ажиллах тухай тусгасан. Энэ нь ёс зүй, харьцаа хандлагыг нь үнэлж үр дүнг нь цалин урамшуулалтай нь холбон дүгнэх механизмыг бий болгоно гэсэн үг юм.

-Номертой холбогдуулаад ахиад нэг юм тодруулчихъя. Ковидын дараа ч гэсэн цахим болон утсаар дугаар авах юм байна гэж ойлгож болох уу?
-Болно. Ковид дууссан ч үргэлжлээд явна. Аль болохоор иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх нь манай хамт олны эрхэм зорилго юм. Нэгдсэн эмнэлгийн бүх шатанд тэгж ажиллана аа.
-Эмч эмнэлгийн ажилтантай холбоотой гомдол саналаа үйлчлүүлэгч хаана гаргах ёстой вэ?
-Гомдол санал хүлээж авдаг нэгжүүд байгаа. Бүх тасаг дээр гомдол саналын хайрцаг гэж байдаг. Тэр хайрцганд гомдол саналаа хийж болно. Дээрээс нь эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, сувилахуйн албаны дарга, дэмжих үйлчилгээний албаны дарга гэж бий. Ямар үйлчилгээтэй холбоотой санал гомдол байна тэр чиглэлдээ өгч болно. Хүний нөөцийн алба гэж байна.
Энэ албуудаар шийдэгдэх боломжгүй асуудал байвал байгууллагын дарга дээр хүлээж авна. Байгууллагын даргын хувьд иргэдийг чөлөөтэй угтаж гомдол саналыг хүлээн авахад бэлэн байгаа.
-Нарийн мэргэжлийн эмч нарын ачаалал нь харилцан адилгүй л байдаг байх. 16 цагт ирэхэд эмч нар нь байдаггүй гэдэг ч юмуу, үзлэгийн цагийн хуваарь ойлгомжгүй байна гэсэн зүйл бас яригдсан. Жижүүрийн ээлжээс шалтгаалаад янз бүр байна уу. Энэ талаар тодруулахгүй юу?
-Жижүүрт гарч байгаа эмч нар бүтэн 8:16-аар явна. Бүтэн шөнөжин ажилласан эмч нар өглөө шууд жижүүрээсээ буугаад орой хүртэл буюу өглөө 8 цагаас 16 цаг хүртэл юмуу 15 цаг хүртэл ажиллахад хөдөлмөрийн чадвар ямар байх билээ. Тийм учраас өглөө буусан эмч бол 8 цагаас 12 цаг хүртэл ажиллаж байгаа, 12 цагаас жижүүрээс буусны амралт гэж байдаг.
Хөдөлмөрийн хуулийн дагуу дээрээс нь манай Нэгдсэн эмнэлгийн дотоод журам, хамтын гэрээ гээд бүх хуулийн дагуу л хэрэгжээд явдаг. Таны хэлж байгаа тэр 15, 16 цагт буугаад явчихдаг гэж байгаа хүмүүсийн хувьд бол дээрээс нь богиносгосон цагтай ажилладаг хүмүүс бас бий гэдгийг хэлмээр байна. Жишээ нь одоо рентгений эмч нар байна.
Рентген чинь өөрөө хортой туяа цацруулдаг учраас рентгений эмч нар богиносгосон цагаар ажилладаг журамтай. Өглөө 8 цагаас ирж ажиллаад 12 цагт үдлээд 13-15 цаг хүртэл ажилладаг ч юмуу. Энэ бол богиносгосон цаг. Энэ нь эмнэлгийн ажилчдын эрүүл мэндийг хамгаалж байгаа явдал юм. Ийм богиносгосон цагаар ажилладаг хэд хэдэн нарийн мэргэжлийн эмч, техникийн ажилчид байдаг.
-Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хаанаас удирдлага зохион байгуулалтаар хангадаг вэ? Өрхийн эмнэлгийн талаар бас иргэд ярьж байсан?
-Манай эмнэлэг нь Эрүүл мэндийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж эргэн мэдээллэх тайлагнах үүрэгтэй. Өрхийн эмнэлгүүд бол Эрүүл мэндийн газарт яг бүтэн харъяалагдаж үйл ажиллагаагаа тайлагнаж явдаг байгууллага юм.
Эрүүл мэндийн газар нь Нэгдсэн эмнэлэг болон өрхийн эмнэлэг, сумдын эмнэлэг бүгдээс тайлан мэдээгээ авч, бодлого чиглэлээр хангаж Эрүүл мэндийн яам руу тайлагнаж мэдээлж байдаг.
-Нэгдсэн эмнэлэг төсөв санхүүгийн хувьд хэр хүрэлцээтэй байдаг вэ? Нэг үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний зардал, эмнэлгийн урсгал зардал гэх зэрэг?
-Эрүүл мэндийн салбар төсвийн хувьд хуучин тогтолцоогоороо явж байна. Төсвийн тогтолцоогоор явж байгаа гэсэн үг. 2021 оноос Нэгдсэн эмнэлэг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж гүйцэтгэлээр санхүүжиж эхлэнэ гэсэн боловч одоохондоо төслийнхөө шатанд явагдаж байна.
Энэ нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт Сангийн яаманд нэг дансанд төвлөрч тэндээс гүйцэтгэлээр санхүүжиж явна гэсэн үг. Одоо манай Нэгдсэн эмнэлэг хэдэн хүнд хүрч үйлчилж байна, тэдгээр хүмүүст үйлчилснийхээ дагуу эрүүл мэндийн даатгалаас санхүүжилтийг авах жишээтэй.
Олон хүнд үйлчлэх тусам эрүүл мэндийн даатгалаас орж ирэх санхүүжилт тэр хэмжээгээр ихсээд явна. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг маань аймгийнхаа хэдэн хүнд үйлчилснээр хэдий хэмжээний санхүүжилт авах вэ гэдэг нь шийдэгдэх юм гэж ойлгож болно.
-Цаашид Нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх талаар ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
-Манай байгууллага нь 2021 онд тэргүүлэх 5 чиглэлийн бодлого боловсруулан хэрэгжүүлж ажиллах гэж байна.
1. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны шинэ аргыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ.
2. Тусламж үйлчилгээндээ сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологуудыг нэвтрүүлнэ.
3. e-heаlth програмыг хөгжүүлж цахимжуулалтыг сайжруулна. Энэ нь иргэдийн мэдээлэл бүгд цахимаар болсон учраас нийгмийн эрүүл мэндийн даатгалын сангаасаа мөнгө авч чадахгүй байх асуудал үүсч байгаа. Үүнийгээ сайжруулж байж бүх эмчилгээ үйлчилгээнийхээ дагуу ЭМД-ын сангаас мөнгөө 100 хувь авч чаднаа л гэж ойлгох хэрэгтэй. Түүн дээр анхаарч ажиллана.
4. Хандлага харилцааны үр дүнг цалин урамшуулалтай холбон дүгнэх механизмыг бий болгоно. Дээр хэлсэнчлэн үүн дээр анхаарч ажиллахгүй бол болохгүй нь ээ. Хандлага харилцаагаа бүгдээрээ сайжруулъя гэдэг дээр манайхан бүх шатандаа хэлээд ойлголцоод явж байна.
5. Байгууллагын маркетингийн бодлогыг хөгжүүлнэ гэсэн энэ таван үндсэн чиглэлийг барьж 2021 ондоо бодлого болгон ажиллана.
-Нэгдсэн эмнэлгийн түүхт ой энэ онд болно. Ойгоо хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?
-Дорноговь аймагт Шинжлэх ухааны эмнэлэг үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ түүхэн хугацаанд Дорноговьчууд Нэгдсэн эмнэлгийн цогцолбор төвтэй болсон, оношлогоо шинжилгээний орчин үеийн техник технологийн дэвшилд хүрсэн, клиникийн профессор тэргүүлэх зэрэгтэй төрөлжсөн мэргэжлийн эмч эмнэлгийн ажилтнаар хангагдсан хөгжил дэвшлийн замналаа олсон.
Түүхэн замналаа тод томруун таниулж сурталчлах, ахмад үеэсээ бүтээлчээр суралцах, орчин үеийн эмнэлгийн ажилтнаа харуулахад ой угтсан ажил чиглэх ёстой гэж бид бүхэн үзэж байгаа. Олон бүтээлч ажлуудыг бид төлөвлөж байна. Энэ бол зөвхөн Нэгдсэн эмнэлгийн ой биш Дорноговь аймгийн Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ой юмаа гэдгийг тодотгож хэлье.
Эрүүл мэндийн салбарынхан маань дор бүрнээ бүтээлч ажлууд хийх байхаа гэж бодож байна. Манай Нэгдсэн эмнэлгийн хувьд 9 ажил хийхээр төлөвлөсөн. Жишээлэхэд түрүүний 5 чиглэлийг үйлчилгээндээ тусгахаас гадна 90 жилийн ой угтаж ажилчдынхаа нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх, ажлын орчин нөхцөлийг сайжруулах тал дээр ажилчдын хувцас солих өрөө, усанд орох душ сауных нь өрөөг тохижуулах, ажилчдын бие бялдрыг хөгжүүлэх зорилготой нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бие бялдрын буюу фитнес хөгжлийн төвийн өрөөг шинээр зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мөн “Алдрын танхим” байгуулна. Эмнэлгийн салбар бол гурван үеийн холбоосон дээр явдаг. Энэ нь ахмад үе, дунд үе, залуу үе юм. Тэгэхээр бид бүхэн өнгөрсөн үегүй бол ирээдүй байхгүй. Ахмад үеэсээ суралцах, мэдэх, тэр хүмүүсийнхээ хийж бүтээсэн зүйлээр нь бахархан дууриах, дараа үеийнхэндээ таниулан үлдээхийн тулд бид “Алдрын танхим” гэдэг юмыг шинээр байгуулах гэж байна.
Тэгэхээр энэ “Алдрын танхим”-д бид бүхний бахархал болсон гавъяат эмч, сувилагч, бага эмч зэрэг манай ажилчдын талаарх мэдээ мэдээлэл байрших юм. Нэгдсэн эмнэлгийн түүхэн замналыг энэ танхимаас харж болно.
Мөн хурлын танхим, сургалтын заалаа сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж тохижуулснаар эмч эмнэлгийн ажилтнууд маань одоо эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлж байгаа сүүлийн үеийн арга технологиуд, гадаадын болон дотоодын эмнэлгүүдэд хэрэгжүүлж байгаа эмчилгээ үйлчилгээний арга технологиудыг харах мэдэх бие биенээсээ суралцах боломж бололцоо нь нэмэгдэх юм. Бидэнд бас тодорхой хэмжээгээр мэдлэг мэдээлэл солилцох, бие биенээсээ суралцах сургалтын танхим зайлшгүй шаардлагатай байдаг.
Тиймээс орчин үеийн техник технологиор тохижуулсан сургалтын танхимыг бий болгоё гэсэн зорилт тавьж байна. Мөн тодорхой хэмжээний анагаахын чиглэлийн ном хэвлэлүүдтэй мэргэжлийн номын сантай болохыг зорьж байна. Мэргэжлийн улсууд нь орж байдаг.
Аль болох эмч нарынхаа сурах тал дээр анхаарч ажиллана гэж бодож байгаа. Ийм бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна. Ямартай ч өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн хамгийн түрүүнд гадна гэрлэн хаяг болоод үүднийхээ хөтөч сувилагчийн хэсгийг тодорхой сайжруулаад авлаа.
-Ярианыхаа төгсгөлд ковидтой холбогдуулан иргэддээ хандаж анхаарах зүйлсийг сануулна уу?
-Нэгдсэн төв эмнэлгээс гадна арын төмөр замд байрлах 4, 7 дугаар багийн иргэд үйлчлүүлдэг “Нэгдсэн эмнэлэг-2” гэж эмнэлэг бий. Төв эмнэлэг рүү зорих иргэдийн урсгалыг сааруулах үүднээс тухайн эмнэлэгт манай дотрын эмч, мэдрэлийн эмч, чих хамар хоолойн эмч, хавдрын эмч, хүүхдийн эмч гэсэн нарийн мэргэжлийн эмч нар байрлаж байгаа. Тиймээс иргэд та бүхэн тэр эмнэлэг рүү зорин очиж үйлчлүүлээрэй. Нэг эмнэлэг рүү ирэх урсгал бага байх хэрэгтэй.
Хэрэв халдвар тарсан нөхцөлд эмнэлэг тэр чигээрээ зогсох хүнд байдалд орох эрсдэлтэй. Тэгэхээр иргэд маань бас бид бүхний ажлыг хүндэтгэж үнэхээр шаардлагагүй тохиолдолд эмнэлэг рүү ирэх хэрэггүй ээ гэж хэлмээр байна. Зайлшгүй ирэх тохиолдолд яг үзүүлэх хүн нь л эмнэлэг зорьж ирэх хэрэгтэй. Дагаад хоёр гурваараа ирдэг байдал бас их байх юмаа.
Номер дугаарыг цахимаар, утсаар авч байна. Аль болох л үзүүлэх цаг дээрээ ирвэл бид нарт саад учрахгүй ээ гэж хэлмээр байна. Дээрээс нь бидний зүгээс эмнэлгийн урсгалыг зөв байлгах талаас нь зохицуулж эмнэлгийн ажилчдын орох хаалга үйлчлүүлэгчдийн орох хаалга тус тусад нь гаргасан.
Бид бүхэн бас ковидтой холбоотойгоор 15 ор халдвартынхаа тасагт бэлтгэсэн байгаа. “Нэгдсэн эмнэлэг-2”-т 50 ор тусгаарлахаар бэлтгээд байна. Хүлээн авах 103-ын тусдаа орноос 4 ор бэлэн байдалтай байна. Ингээд бид бүхэн ковидтой холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу тусгаарлах байр болон дотор зохион байгуулалтаа хийж ажиллаж байна.
Холбоотой мэдээ мэдээлэл авахыг хүсвэл Нэгдсэн эмнэлгийн вэб сайт болон утсаар авч болно. Та бүхэнд нээлттэй ажиллах болно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button