Нийтлэл

Б.Дэлгэрсайхан:Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж шинэ залуу боловсон хүчнийг дэмжинэ

Арван нэгдүгээр сарын 01-нд Сайншанд хотод болсон Бизнес эрхлэгчдийн форумын үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хэлсэн үгээс товчлон сийрүүлье. Оролцогчдын төлөөлөл бизнесийн асуудлаас гадна тендерээс хувь хүртэгч төрийн түшмэдийн тухай, тэдний шунал, зарим төрийн алба хаагчдын хүнд суртал, эмнэлгийн үйлчилгээний асуудал,  хэрэглэгчдийг хохироосон гэх “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компанийн тухай, шинээр томилогдох дарга нарыг авлига ашиг сонирхолд  холбогдоогүй, нэр цэвэр хүмүүсээр бүрдүүлэх зэрэг олон асуулт тавьж хариулт авсан юм.

Өнгөрсөн хугацаанд засаг барьсан дөрвөн жилд алдаж оносон зүйл бий. Бид залуустаа итгэсэн. Тэд сайн ч  ажилласан. Бүгдээрээ ашиг сонирхолд автаж худлаа ярьж хулгай хийсэн гэж бодохгүй байна. Өмөөрөх зүйлээ өмөөрнө, хэлэх зүйлээ ч хэлнэ. Орон нутгийн өмчит “Чандмань-Илч” компаниас дулааны зөвшөөрөл авахад мөнгө төгрөг өгч авалцдаг гэх мэдээлэл олон удаа чих дэлссэн.

Шинэ барилга барих гэж яваа нэгнийг дарамталж шугам сүлжээний мөнгө нэхдэг.Ард иргэдийн, аж ахуй нэгжийн турбаг хөрөөддөг.  Та нар хувийн аж ахуй нэгж, иргэдийн хувийн өмчид халддаг хэн бэ? Сан техникээ манайхаар хийлгэ гэж шаардлага тавьдаг. Цар тахлын үед бизнес эрхлэгчдийн дулааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гарчихаад байхад ижил тэгш хөнгөлөөгүй гэж бизнес эрхлэгчдийн төлөөлөл хэллээ. Төлсөн мөнгийг нь буцааж өг.  Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ингэж хохироож болохгүй шүү дээ.

Өнгөрсөн хугацаанд хямд өртөгтэй орон сууц барьсаны 700 гаруй айл өрх Чандмань-Илч-ийн хэрэглэгч болсон. 700 гаруй айл өрхөөс ус дулааны мөнгө авдаг хэрнээ дулааны, усны доголдол гарахад барьсан компанитайгаа уулз гэж дарга нар нь үүрэг өгсөн байна. Ингэж болох уу? Хүсэлт гаргасан иргэний өргөдөл, гомдол нь байна. Энэ бол баримттай.

Өнөөдөр 2.5 тэрбум төгрөгөөр барьсан зуух ажиллах эсэх нь тодорхойгүй байна гэдэг мэдээлэл ирсэн. Яагаад хяналт шалгалт тавиагүй юм бэ. “Чандмань-Илч”-ийг би маш их дэмжсэн. Харамсалтай нь ихээхэн чих халууцууллаа. “Чандмань-Илч” компанийн талаар би шинэ парламент бүрдсэнээс хойш УИХ-д чадлынхаа хэрээр дуугарсан. Дорноговь дулааны дутагдалд орлоо, блохоо байлаа гээд… Арга ядаад Азийн хөгжлийн банкны дулааны станц барих тендерт орж чадаагүй учраас орон нутгаас мөнгийг нь шийдвэрлээд, зураг төслийг боловсруулаад дулааны станц барина. Шинэ дулааны станц баригдах хүртэл “Чандмань-Илч” ХХК ард иргэдэд ямар нэгэн дарамт үзүүлсэн байвал хатуу ярина. Иргэд та бүхэн энэ асуудлаар чөлөөтэй гомдол, саналаа хэлээрэй.

 

 

Энэ компанид үнэ тарифын шалгалт оруулна. Ер нь иж бүрэн шалгалт оруулна. Шалгалтаар ямар нэгэн зөрчил илэрсэн тохиолдолд хариуцсан алба хаагчид хариуцлага тооцно.Чандмань-Илч” компанийн дулааны зөвшөөрөл олгодог комисст нь бизнесийн төлөөллийг оруулья гэсэн санал гарч байгаа.

Энэ зөв. Өр шир ихтэй байсан энэ компанийг Энхтүвшин Засаг дарга байхдаа хууль зөрчин байж өр ширээс гаргасан. Дээр нь би хашгирч явж байж 2.5 тэрбумаар зуух тавиулсан юм. Аль хэдийн хүлээлгээд өгчихсөн зуух өнөөдөр галаа асааж чадахгүй байна гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг засаж залруулахын төлөө ажиллана.

Өнгөрсөн хугацаанд Их хөгжлийн сангийн үйл ажиллагааг их шүүмжилсэн. Энэ бол компаниудын үүсгэл санаачилгаар хийсэн ажил. Ирэх жилүүдэд “Их хөгжил” сангийн хөрөнгөөр 1-2 чанартай ажил хийнэ гэж бодож байгаа. Тухайн компаниудын захирлуудыг суулгаж байгаад ярина.

Сайншандад мах ногооны зоорь барина. Хямд үнэтэй, чанартай мах ногоо хэрэглэх ёстой. Ашиглалт хамгаалалтыг нь төр биш бизнес эрхлэгчид өөрсдөө шийдэх нь зөв. Хоёрдугаарт бизнес эрхлэгчдийн яриад байгаа Батлан даалтын санг яаж бүрдүүлэх тухай. Энэ нь хуульд яаж нийцэх, тухайн компанийн захирлуудтай уулзаж ярилцах зэрэг асуудлууд байна.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Сум хөгүүлэх сангийн зээлийн асуудлаар иргэд санал гомдол ирүүлж байна. Аймгийн ХХАА, ХХҮГ-ын өгч байгаа  мэдээллийг телевизтэй хамтраад ил тод болго. Ажил хариуцсан нөхдүүд журам ярьж байна. Журам яриад л хүнд суртал гаргадаг. Хүн дарамталдаг журмаа болиод хүнд зээл олгох боломжийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Тиймээс зээл олгох шалгуур, хэрхэн шалгаруулдаг ажлаа телевизээр дамжуулан хүмүүст ил тод болго.

Телевизээр шарк танк мэтийн маш ач холбогдолтой нэвтрүүлэг гарч байна. Үүнийг нэвтрүүлэх хэрэгтэй. Зээлийн шалгаруулалтыг олон нийтийн нүдэн дээр зурагтаар ил тод харуулж чадвал хэн ямар зээл авсан талаарх мэдээлэл ил тод болж, аль аль талдаа хариуцлага бий болно.  Зээл авсан хүн нэр хичээж сайн ажиллах хэрэгтэй болно.

Эрүүл мэндийн салбар гэж толгойны өвчин байна.Иргэдээс ирүүлсэн санал гомдол харуулж байгаа. Тэнд дарга болох гэсэн Авгай нар” олон болсон. Үнэн л дээ.  Очоод үзүүлье гэхлээр хүнд суртал нь дийлдэхгүй. Нийгмийн даатгалын шинэ хуулиар хэн олон хүнд үйлчилсэн эмч өндөр цалин авах юм. Олон иргэнд үйлчилсэн эмнэлэг  татаасаар амьдарна.

Эмнэлгийн ажилтнууд хуулиа ойлгохгүй байна уу? Эсвэл эмч нар ийм амбицтай болчихсон юм уу? Гэтэл наана нь баригдсан “Мандах наран” эмнэлэг илүү орлоготой ажиллаад байдаг. Цаана нь байгаа том эмнэлэг хүнд суртал гаргаад байж болохгүй. Төрөх эмнэлэг барьж өглөө, одоо халдвартын эмнэлэг барьж байна. Цайны цагаар хаалгаа түгжээд хов яриад сууж болохгүй. Дараа  эмнэлгийн салбарынхантай уулзана. Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаад залуу эмч ажилтныг дэмжинэ.

Муу ажиллаж байгаа хүнд хариуцлага тооцно. Улаанбаатарт байдаг босоо удирдлагатай байгууллагын дарга нар ихэнхдээ Энхтүвшин бид хоёроор дамжиж томилогдсон. Ажилд оръё, дарга болъё гэж гуйгаад ирдэг. Бид ах дүүгээ ажилд оруулах гэж байгаа юм шиг хүн царайчилсан. Дараа нь би босоо тогтолцоотой байгууллага удирддаг. Та нарт хамаагүй гэж томорч байна. Нутаг нэгтэнтэй тусалдаггүй.

Ийм өөдгүй зангаа орхих хэрэгтэй. Татвартай холбоотой асуудлаар их санал гомдол гарч байгаа. Үйлчилгээний байгууллага шүү. Өөрсдийгөө дарга гэж андуурч явдгаа болих хэрэгтэй. Ирэх дөрвөн жил бодож төлөвлөсөн их ажил бий. Замаа  засна, хөгжлийн брхшээлтэй иргэдийнхээ асуудалд анхаарна, маш олон хөрөнгө оруулалт хийнэ, аймаг орон нутгаас шалтгаалах бүхнийг хийнэ. Дорноговь өргөжин хөгжинө.

Том бүтээн байгуулалт өрнөж буй үед гадна дотныхон ирэхээс өмнө сайн ажиллаж, юмтай болох хэрэгтэй. Баруун аймгийнхан ажилсаг шүү. Хэвтэж назгайрч сууж байгаад боломжоо алдвал дахиад олдохгүй. Тэгэхээр маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Эрүүл байх хэрэгтэй. Удахгүй буй болох шинэ засаг захиргааг байгуулахад хэн нь ажлаа сайн хийсэн, хэн нь хийж чадаагүйг дүгнэж байж ард иргэдээсээ асууж томилгоо хийнэ.

Орон нутгийн шинэ удирдлага томилогдсоны дараа төрийн алба хаагчидтай уулзана.Төрийн алба хаагч нэгээс нөгөөгийн халааг авч ажиллахдаа  муухай арга барилтай болчихсон.Төрийн өмчит компани ч тэр, төрийн алба ч тэр. Хүн халахдаа заавал миний нэрийг барьж “Гишүүн чамайг хал гэсэн” гэж хэлдэг.Өнгөрсөн дөрвөн жил ийм зүйл гарсан.

Зарим нь над руу хандаад та намайг хал гэсэн юм уу гэж асуудаг. Би нэг ч хүнийг халаагүй. Бас нэг ч хүнийг ажилд ав гэж хэлээгүй. Ийм  муухай юм хийдгээ болих хэрэгтэй. Үүнийг хатуу хэлнэ.Өөрсдөө багаа бүрдүүлэх нэрээр төрийн алба хаагчдыг халдаг явдлыг таслан зогсооно. МАН,АН гэхгүйгээр хэн ажилдаа сайн, чадвартай байна тэр хүнийг ажил хийлгэнэ.

Төрийн захиргааны байгууллагын буруу зөрүү ажлыг та бүхэн сайн шүүмжлэх хэрэгтэй. Болохгүй бүтэхгүй юм байвал хэлж байх хэрэгтэй гэснээр яриа өндөрлөсөн юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button