Онцлох мэдээ

Засаг дарга О.Батжаргал Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Ли Ян Жүнийг хүлээн авч уулзлаа

.Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Ли Ян Жүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын хилийн боомтын нэвтрэх хүчин чадал, ачаа тээврийн нөхцөл байдал болон бусад асуудлаар санал солилцов. Засаг дарга О.Батжаргал Замын-Үүдийн боомтоор нэвтэрч байгаа ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Монголын жолооч нар Эрээнд зорчиж бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой асуудлыг тавьсан бол Замын-Үүдийн ерөнхий консул хоёр улсын бараа эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

Талууд Замын-Үүдээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоог одоо байгаагаас даруй 50 машинаар нэмэгдүүлэхээр тохиролцов.

“Ковид-19” халдвараас шалтгаалж хоёр улсын хооронд зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх нөхцөл хараахан бүрдээгүй бөгөөд харин ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн горимд оруулах, корона вирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцины хоёр дахь тун иргэдэд хийгдэж дархлаажуулалт бүрэн тогтсоны дараа Дорноговь аймгийн худалдаа эрхлэгчид, иргэдийг урд хөршид нэвтрүүлж эдийн засаг,  худалдаа арилжаанд оролцуулах талаар ярилцсан байна.

“Ковид-19” цар тахлын үед  аль аль талдаа асуудлыг алхам алхамаар зохицуулж цаашид Эрээний боомтоор  олон машин нэвтрүүлэх, худалдааг хэвийн горимд оруулах талаар ирэх долоо хоногоос Эрээн хотын дарга,  консул, боомтын захирагч нартай Дорноговь аймгийн удирдлага цахимаар уулзалт зохион байгуулахаар боллоо.

Замын-Үүдийн Ерөнхий консулын бүсэд таван аймаг хамрагддаг бөгөөд Дорноговь аймагтай боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг бүхий л чиглэлээр хамтран ажилладаг  байна.

Уулзалтын үеэр ноён Ли Ян Жүн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button