Бахархал

Төрийн дээд шагнал хүртсэн эрхэм гавьяатууддаа баяр хүргэе

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ганзориг Монгол Улсын Ардын багш Ч.Отгонбаяр, Монгол Улсын Гавьяат эмч Ц.Ишдорж, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Гавьяат багш, Ардын багш Ч.Отгонбаяр нь Дорноговь аймгийн Боловсролын салбарт 35 жил ажиллаж, монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийн сургалтын технологийн уламжлал, шинэчлэлийг хослуулж, сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн хөдөлмөр, үйлсээ зориулж ирсэн ардын багш юм.
Тэрээр ажлын гараагаа Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас эхэлж, Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд багш, Дорноговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаар тус тус ажиллаж байна.
МУ-ын Гавьяат эмч, Клиникийн профессор, Мэс заслын зөвлөх эмч Ц.Ишдорж нь 1990-1993 Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүний их эмчийн салбарын эрхлэгч, 1993-2011 онд АУИС-ийн болон ЭМШУИС-д мэс заслын тэнхимийн багш, эмч, 2011-2021 онд Клиникийн Нэгдсэн Эмнэлгийн мэс заслын тасгийн эмч, зөвлөх эмчээр ажиллаж 1990 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгссөнөөс хойш 30 гаруй жил эрүүл мэндийн салбарт ажиллажээ.
Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгээс гадна Сөүл, Улаанбаатар-Сонгдо эмнэлэг, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмчээр ажилладаг. Тэр дундаа эхийн эндэгдлийг бууруулахад онцгой хувь нэмэр оруулан ажиллаж буй гавьяат юм.
Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Борхүүгийн Ганхуяг нь усны аж ахуйн салбарт олон жил ажилласан бөгөөд Дорноговь, Багануур, Сэлэнгэ аймгийн иргэдийг хүнсээр хангах үүднээс Мах боловсруулах үйлдвэр байгуулан ажиллаж байсан.
Замын-Үүд сумын Спорт цогцолбор, Мандах наран I, II, III хорооллыг зорилтот бүлэг, өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүдэд зориулан богино хугацаанд барьж ашиглалтад оруулж, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан гавьяатан юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button