БахархалОнцлох мэдээ

Усны салбараас төрсөн Хөдөлмөрийн баатар Эдэвийн Батсүх

Дорноговь аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан хөдөлмөрийн сайчуулаас цувралаар танилцуулж байна.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Эдэвийн Батсүх 1949 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт малчин  ардын гэр бүлд төржээ.1958-1968 онд бүрэн дунд сургууль төгсөж, аймгийн УААУГ-т илгээлтээр очиж ажиллахдаа тэрбээр ажил амьдралын олон нугачаат давааг өөрийн хөдөлмөрч, үнэнч зан чанарынхаа үрээр даван туулсан гэдэг.

Тэр чандмань эрдэнэ болсон усыг улс амьтанд түгээгч буянтан байв. Батсүхийн бригадыг дагаж тэдний олсон устай цэг дээр нь худаг ухах гүн өрмийн бригад, тэдний гаргасан худаг дээр барилга барихаар хүлээж байгаа барилга монтажийн бригад, гаргасан худгийн усыг хүсэн хүлээсэн олон айл, малын хувь заяа чухамхүү түүний болоод бригадынх нь ажил мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр зүтгэлээс шууд хамаарч байсан гэдэг.

Тэр ямар ч бэрхшээлгүй дардан замаар явсаар алдар хүндийн оргилд очоогүй гэдгийг ахмад буурлуудын дурдатгалд өгүүлжээ. Түүний тухай  дурсамжийг мэргэжил нэгт нөхөр Сайншанд сумын II багийн өндөр настан, Монгол Улсын усны аж ахуйн тэргүүний ажилтан Тасрангийн Галсаншарав Х.Цэдэвдорж, Д.Намжилдорж нарын бичсэн “Сайн үйлсийн Сайншанд минь” номд хөрөглөн үлдээсэн нь сонирхол татна. 1969 онд мастер болоод ээлж хариуцан авч өдөр, шөнөгүй зүтгэсэн хэдий ч оны төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй байна.

1973 оноос эхлэн баганат өрөмдлөгийн хайгуулын бригадын даргаар дэвшин Зөвлөлтийн мэргэжилтэн А.Г.Сергеевийг дагалдан суралцаж дуулаагүй юмаа дуулж, үзээгүй юмаа үзэж, хариуг олж чадахгүй байсан олон асуултын хариуг олж амжилтын өөд тэмүүлж эхэлжээ.

Э.Батсүх 1974 онд МАХН-д гишүүнээр элссэн бөгөөд МАХН-ын XVIII  их хуралд төлөөлөгч, аймгийн Намын хорооны бүгд хурлын гишүүн, Сайншанд хотын ардын хурлын депутатаар тус тус сонгогдож байжээ. Мөн V,VI таван жилийн гавшгайч.

Э.Батсүхийн ажил үйлсийг төр засгаас өндрөөр үнэлж Алтан гадас одон, засгийн газрын хүндэт жуух бичиг, Хөдөлмөрийн баатрын алдар хүртээсэн байдаг.   

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button