Онцлох мэдээ

Өрхийн эмнэлгийнхэн завгүй, хүлээсэн хүмүүс бухимдуу

Цуврал-2 Өмнөх нь 2021.09.29-нд

Дорноговьд “Ковид-19” халдварын тохиолдол зарим өдөрт 350-500 хүртэл тоогоор гарч байгаа бөгөөд Сайншанд суманд  тохиолдол их бүртгэгдэж байна.

Нэг талд Өрхийн эмч, сувилагч нарын ажлын ачаалал ихэсч, нөгөө талд эмнэлгийн үйлчилгээ авах гэсэн иргэдийн бухимдал үүсээд байгаа юм. Өрхийн эмч нар хэрхэн ажиллаж байгааг хүргэе.

Сайншанд сумын Нарлаг шанд хорооллын ойролцоо ажил үүргээ гүйцэтгэж яваа өрхийн эмнэлгийн ажилтнуудтай тааралдлаа.Тэд “Ковид-19”ын халдвар авч гэрээр эмчилгээ хийж байгаа айл өрхийн бүртгэлийг хөтөлж, хаягийг тулгаж, эмчилгээ үйлчилгээ хийж, шинжилгээ авч яваа юм.

Тэдний ярианаас цөөн үгийг буулгав.“Саяхан дуудлага өгсөн Бат-Эрдэнийн гэрийн хаяг нь энэ байна. Цээж өвдөж, хоолой хөндүүрлэсэн анхны шинж тэмдэгтэй. Дөрвөөс тав хоног ханиалгасан. Цээжээ чагнуулж давхар шинжилгээ өгмөөр байна, даана ч Өрхийн эмнэлэгт очих боломжгүй гэсэн. Тэгэхээр эхлээд энэ айл руу очоод хүнээ үзээд зөвлөгөө өгье” хэмээн хүний нэр цувуулж бичсэн олон хуудас цаас бариад явж одов.

 З.Нэргүйцэцэг : Бид чадах ядахаараа л хичээж ажиллаж байна

2021.10.16   

“Агатова” ӨЭМТ-ийн их эмч З.Нэргүйцэцэгийг Сайншанд сумын нэгдүгээр багийн гуравдугаар 60 айлын орон сууцны айлд эмчилгээ хийгээд гарч ирэхэд нь хэсэг хором ярилцлаа.

Өрхийн эмчид хандсан дуудлага, өвчнөөс улбаалсан хүмүүсийн бухимдал маш их байна. Чадах ядахаараа л хичээж ажиллаж байна. Өдөрт 50-60 тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Өдөртөө 20-30 айлд орж эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Айлд орохдоо гэрийн бүх хүмүүсийн биеийн байдлыг үзэж, заримд нь шинжилгээ хийж, заримд нь цагийн тариа хийж явсаар өдөр өнгөрнө.

Нэг айлд нэг хүний биеийг үзэх биш хэд хэдэн хүнийг давхар үздэг болохоор энэ хугацаанд утас дуугарах, дуудлагад хариу өгөх боломж хомс  юм. Үүнээс болж хүмүүс уурлах бухимдах, элдвээр хэлэх асуудал гарч байна. Манай эмнэлэг таван их эмчтэй.

Хэсэг хугацаанд гурван эмч ажиллаж нэг нь айлуудаар явж эмчилгээ хийнэ, нөгөө нь амбулаториор хүмүүсээ үзэж эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ, нөгөө нь “Ковид-19”-ын нэг цэгийн үйлчилгээ үзүүлж эмнэлгийн багцаа тарааж, хүмүүстэй зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

Харин өнөөдөр нэг эмч маань ажилдаа орлоо. Сүүлийн үед улаан загалмай, цэцэрлэг, анагаахын сургуулиас хүн хүч нэмэгдэж эмнэлгийн ажилтнуудын ажлаас хуваалцаж байна.. Манай хамт олон есдүгээр сарын 02-ноос эхэлж өнөөг хүртэл 1700 гаруй хүнд “Ковид”-ын эмчилгээ хийлээ. Гэхдээ өрхийн эмнэлгийн бусад үйл ажиллагаа алдагдаж байна.  Манай эмнэлэг нэг машинтай. Ядаж хоёр машинтай бол эмч, сувилагч нар зэрэг ажлаа хийгээд яваад байх боломж бүрдэнэ гэв.

 И.Баасанжаргал: Утсаар загнахад нь заримдаа уйлмаар санагддаг

2021.10.14.

Би Сайншанд сумын “Талст зам” ӨЭМТ-д их эмчээр ажилладаг. Өөрөө энэ өвчнөөр өвдөж эдгэрээд ажилдаа орсон. Мөн хоёр хүүхэд маань ч өвдсөн. Тэр үед хүүхдүүдтэйгээ долоо хоногийн турш уулзаагүй тохиолдол ч бий. “Ковид-19”  халдварыг гэрээр эмчлэх шийдвэр гарсан есдүгээр сарын эхнээс эхлээд айлуудаар явж багц тарааж, хүмүүсээ үзэж, зөвлөгөө мэдээлэл хүргэж ажилласан.

Одоо гэрийн  эмчилгээний багц олгож зөвлөгөө мэдээлэл өгч байна. Энэ хугацаанд  386 хүнийг гэрийн хяналтад оруулсан.Өглөө ажилдаа 08.00 цагт ирээд үдэш гэртэй харина. Өдөрт маш олон хүнтэй харьцаж байгаа учраас тэр болгон бүх хүнд хүрч үйлчилж чадахгүй тохиолдол гарна.

Тухайн хүнийг үзээд амин үзүүлэлт нь хэвийн, гэрээр эмчлэх боломжтой байхад л “Үхэх гээд байхад чи эмнэлэгт хэвтүүлсэнгүй. Чи эмч мөн үү гээд л загнах жишээтэй”. Бүр өглөө эрт, эсвэл шөнөөр залгаад л үхлээ  гэж ярьсан хүмүүс ч байдаг. Цайны цаг 12.00-13.00 байхад л яг  энэ үеэр ирчихээд л уурлаж бухимдаад байдаг. Үнэндээ өрхийн эмнэлгийнхний хүн хүч хүрэлцэхгүй байна гэв.

“Талст зам” ӨЭМТ дөрөв, долдугаар багийн нийт зургаан мянга гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нийт 12 хүний орон тоотой.  Таван их эмч, дөрвөн сувилагч,  жолооч үйлчлэгч ажилладаг. Стандарт орон тоонд хүрч үйлчилж  чадахгүй байна.

Есдүгээр сарын 02-ноос ковидын гэрийн эмчилгээ эхэлж энэ хугацаанд 1255 хүн эмчилгээ хийлгэж 814 нь эдгэрсэн. Үүнтэй холбоотойгоор өрхийн эмнэлгийн ажилтнууд  ядарч дархлаа суларч байгаа. Одоогийн байдлаар таван ажилтан өвдөж хоёр нь ажилдаа орсон. Сүүлийн нэг жилд хагас бүтэн сайнд цөөхөн амарсан  гэж тус  ӨЭМТ-ийн дарга Д.Нарантуяа өгүүлэв.

Г.Гангармаа: Өдөрт 100 гаруй удаа тариа хийх үе ч байна 

 2021.10.22

Гэрийн эмчилгээ хийж яваа “Мишээлт мана” өрхийн эмнэлгийн сувилагч Г.Гангармаатай таарч ажлын ачаалал ямар байгааг тодруулсан юм. Манай эмнэлэг ковид халдвар авсан хүмүүсийг эмчлэх “Улаан бүс” болсон.

Өөрөөр хэлбэл хөнгөн туссан иргэд Өрхийн эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэж эхэлж байгаа. Харин гэрээсээ гарч чадахгүй, өндөр настай, хүнд хүмүүсийн гэрээр явж тариа хийж байна.  Өдөртөө бараг 50-60 айлаар орж байсан.

Өнөөдөр 20 гаруй айлаар орж тариа хийлээ. Мөн тариа хийхээс гадна шинжилгээ хийнэ. Битүү хувцастай болохоор айлд орохоор халууцаж, айлаас гарахаар даарах юм даа. Ковид эмчилгээ хийж эхэлснээс хойш ӨЭМТ-дөө болон гэрээр нийт өдөртөө 100 гаруй хүнд тариа хийж байна. Өглөө гараад л орой гэрийн бараа харж байна шүү. Шөнийн тариаг ар гэр нь өөрсдөө хийдэг. Бид  тухайн иргэнд тариа хэрхэн хийх талаар хэлж зааж өгөөд явдаг гэв.

Жолооч Б.Эрдэнэбат:Ядаж хоёр машинтай болчихвол…

2021.10.16

Би 2004 оноос “Агатова” ӨЭМТ-д жолоочоор ажиллаж байна. Өглөө 08.00-аас үдэш хүртэл, мөн амралтын өдрүүдээр 10.00-16.00 хүртэл ажиллаж байна.Эмчийг айлд ороод өвчтөнөө үзэж байх зуур дуудлага хүлээн авна, хаягийг нь тодорхой болгоно, үргэлжлүүлээд явна.

Дуудлагын хажуугаар хүндэрсэн хүнийг аймгийн эмнэлэгт хүргэж өгдөг. Нийт 30 гаруй хүнийг дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж өгсөн.  Үнэхээр өрхийн эмчийн ачаалал их учир зарим хүмүүс үүнийг ойлгохгүй утсаар загнадаг. Өндөр настай, ужиг хууч өвчтэй, бага насны хүмүүс их өвдөж өвчнөө хүндрүүлж буй.

Манай өрхийн эмнэлэг ганцхан машинтай тул эмчийн ажил дуусахыг хүлээх, дараагийн дуудлага хүлээгдэх, үүнээс болж зарим айлын гэрээр орж эмчилгээ үйлчилгээ хийх цаг оройтох, улмаар эмчилгээ хоцрох асуудал гарч байна.

Үүнээс улбаалж хүмүүс бухимдах, биднийг загнах зүйлүүд ч гардаг. Ер нь иргэд их бухимдуу байна. Нэг машинтай учир тариа хийх сувилагч дуудлагад явсан эмчээ ирэхийг хүлээх энүүхэнд. Ядаж хоёр машинтай бол сувилагч эмч нар зэрэг айлаар  яваад эмчилгээ хийгээд байх боломж бүрдэнэ гэв.

Хүн ардад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамгийн анхан шатнаас нь хүргэдэг  эмнэлгийн тусламж үйлчилгээ бол Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын ажил юм.

Өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, нялхас, жирэмсэн ээжүүд гээд шаардлагатай хүмүүсийн гэрээр явж хүүхдээс нь дутахгүй харж хандаж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, тойлж, тусалж байдаг тэд хүн төрөлхтнийг хамраад байгаа “Ковид-19” хэмээх цар тахлын үеийн  эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх амаргүй бөгөөд хариуцлагатай ажлыг залгуулж байна.

Сайншанд сумын “Талст зам” ӨЭМТ, “Мишээлт мана” ӨЭМТ, “Агатова” ӨЭМТ-ийн эмч эмнэлгийн ажилтнууд  “Ковид-19” халдвараар өвдсөн хүмүүсийг түргэвчилсэн оношлуураар шинжлэх, бүртгэх, гэрийн эмчилгээ олгох, гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийг эргэх, шаардлагатай үед тариа тарих, хүндэрсэн хүмүүсийг дараагийн шатлалын эмнэлэгт хэвтүүлэх ажлыг гүйцэтгэж буй. Өрхийн эмнэлгүүд  ажлын байрныхаа нэгийг ковидын эмчилгээнд, нөгөөг нь өдөр тутмын үйл ажиллагаандаа зориулан ашиглаж байна. Энэ оны 10 дугаар сарын 25-ны байдлаар Дорноговь аймагт корона вирсут халдварын  15156 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүний  7000 нь Сайншанд суманд бүртгэгджээ. “Ковид-19” халдварыг гэрээр эмчилж эхэлсэн есдүгээр сарын эхнээс эхлээд Өрхийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн юм.

Тэд бол ширээний ард суудаг хүмүүс биш юм. Гадуур явж иргэдтэй  харьцана, айлын хаалга цохино, нохойд хөөгдөж  хүмүүст загнуулах энүүхэнд. Ковидын эмчилгээгээр явж байгаа эмч сувилагч дуудлагад хариу өгч чадалгүй айл өрхүүдээр явсаар өдөр өнгөрдөг аж. Жолооч байхгүй үед машина өөрсдөө бариад явна.  Ковид тусаад хэвтэж байхад өрхийнхөн манайхаар ганц ч удаа шагайгаагүй гэж хэлэх хүнтэй таарлаа. Үнэн юм. Хөнгөн хүмүүсээс гадна хүнд хүмүүстээ үйлчилгээ үзүүлсээр тэр аж. Өрхийнхөн хэлж зүрхэлдэггүй л болохоос тэнд асуудлууд байна.  Эрүүл мэнд нь хүндэрсэн иргэнийг өрхийн эмч нар эмнэлэгт хэвтүүлэхээр дээшээ хандахад нь загнах, дээрэнгүй харьцах явдал  мэр сэр гардаг аж. Тэд адилхан л эмч шүү дээ. Эмчилгээ үйлчилгээнээс гадна тэдний бичиг цаасны ажил ч дуусдаггүй гэх.

Авто машиных нь тоо, эмч ажиллагсдын орон тоог нэмж, цалин урамшууллын тогтолцоог нь сайжруулж чадвал өрхийн эмнэлгээс ажлын чанар, хариуцлага нэхэж болох.  Ковидын үед өрхийнхний 80 гаруй хувь нь өвдөөд зарим нь долоо хоноод л эмч сувилагч хүрэлцэхгүй шалтгаанаар ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Бүхэл бүтэн хоёр багийн иргэдэд нэг авто машинаар эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг гэхлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ оройтох нь тодорхой юм. Өрхийн эмнэлгийнхэн завгүй ажиллаж, иргэд бухимдсан өдрүүд үргэлжилсээр.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button