Дорноговиос гарах хөдөлгөөнийг бүртгэл, зөвшөөрөлгүйгээр шууд нэвтрүүлнэ
Дорноговь аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж Улаанбаатар-Сайншанд чиглэлд зорчигч тээврийн галт тэргийг аялуулах саналыг Монгол Оросын хамтарсан “УБТЗ”-д тавьж шийдвэрлүүлэхээр болов. Сум хооронд болон аймаг доторх хөдөлгөөнийг ямар нэгэн цахим зөвшөөрөлгүйгээр шууд явуулах /хэвийн горимд шилжүүлэх/, Дорноговь аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг хот руу явах хөдөлгөөнийг ямар нэгэн бүртгэл, зөвшөөрөл, хязгаарлалтгүйгээр шууд нэвтрүүлэх.
Улсын Онцгой комиссын 23 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Өмнөговь, Дорноговь аймаг руу явах зорчих хөдөлгөөний хязгаарлалт өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тиймээс Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутгаас Дорноговьд ирэх иргэд smart.dornogovi.gov.mn цахим хуудаст хандан иргэний үнэмлэх болон PCR шинжилгээний сөрөг хариуг шивж хүсэлтээ илгээх бол Улаанбаатар болон бусад аймаг хотод байгаа Дорноговийн харьяалалтай иргэд үндсэн хаягандаа, өөрийн гэртээ ирэх тохиолдолд smart.dornogovi.gov.mn цахим хуудаст хандан бүртгүүлэхэд болох аж.
Цар тахлын халдварын хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг дэмжих, тэдний дархлааг дэмжих, цалин хөлс нэмэгдлийг олгох зорилгоор аймгийн болон Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сумдын ӨЭМТ-д ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд дархлаа дэмжих, ажиллах нөхцөлийг сайжруулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, тусгаарлан ажиглах байранд ажилласан илүү цагийн хөлсийг олгох, мөн иргэдэд олгох эмчилгээний багцын нөөцийг 2000-3000-аар нэмэгдүүлэхээр боллоо. Эрчимт эмчилгээний тасгийн тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийн хангалтыг сайжруулах, гэрийн эмчилгээнд байгаа, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд зориулсан дархлаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, дархлааны бүтээгдэхүүн нийлүүлэх төдийгүй энэ ажлын хүрээнд “Ковид-19”-ын эсрэг “Хамтдаа давъя” аяныг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
“Ковид-19”-ын эсрэг зөвлөгөө мэдээллийн нэгдсэн төвийг Сайншанд суманд ажиллуулах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, ковидын дараах хөнгөвчилсөн болон нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээг сайн дурынхан болон хувийн хэвшлийн оролцоотой өргөн хүрээнд зохион байгуулахыг бүх сумын Засаг дарга нарт даалгав.
Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбогдуулан “Ковид-19” цар тахлын хүнд үед төв суурин газарт оршин сууж буй иргэдийн хэрэгцээнд нүүрсний бөөний үнийг уурхайн аманд 75 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхыг, нүүрс жижиглэнгээр зардаг иргэдэд нүүрсний үнийг хямд өртгөөр худалдаалахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.