Япон хүүхдүүд говь нутагт зочиллоо
Монгол Улсын Дорноговь аймаг, Япон Улсын Шизүока мужийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд тус мужийн 20 сурагч, таван багш ажилчид Дорноговь аймгийн Засаг даргын урилгаар хүрэлцэн ирж, Монгол ёс заншил, нүүдэлчин соёл ахуйтай танилцлаа.
Мөн аймгийн Түүхийн музейн үзмэрүүдтэй танилцаж, Сайншанд сумын ерөнхий боловсролын зургаадугаар сургуулиар зочилж хоёр орны онцлог тоглоомыг бие биедээ зааж сурган хамтдаа тоглов. Мөн Монголын үндэсний тэмцээний үзүүлэх тоглолтыг үзүүллээ.
Дорноговь аймгийн Жаргалан хүүхдийн зусланд Монгол улсын ахуй соёл, уламжлалт ёс заншлыг танилцуулж “Болор эгшиглэн” хамтлагтай нэгэн оройг хөгжилтэй өнгөрүүлжээ. “Ахлах ангийн сурагч солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичгийн хүрээнд жил бүр уламжлал болгон сурагч солилцооны хөтөлбөрийг зохион байгуулж ирсэн байна.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зогсоод байсан тус хөтөлбөрийг 2022 оноос үргэлжлүүлэн хэрэгжүүлж Дорноговь аймгийн 14 сумаас сурагчдыг хамруулсан нь өмнөх жилүүдээс онцлог болсон бөгөөд нийт 25 сурагч, 3 багш 2022 оны 12 дугаар сард 7 хоногийн хугацаатай Япон улсын Шизүока мужийг зориод ирсэн аж.