Онцлох мэдээ

Говийн хүүхдүүд Японы Шизуока мужид зочиллоо

Дорноговь аймаг, Япон Улсын Шизуока муж хоорондын 12 жилийн түүхэн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Сурагч солилцоо” хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн шилдэг 17 сурагч, гурван багш, нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй баг 10 дугаар сарын 22-29-нд Шизуока мужид зочиллоо.

Багш, сурагчид тус мужийн Шимизү Минами Коокоо ахлах сургуулийн сурагчидтай соёлын үйл ажиллагаа, өдөр тутмын хичээл сургалтад хамтран оролцож, клуб, дугуйлантай танилцаж, хэсэгхэн хугацаанд хамтран суралцжээ. Монголын багш, сурагчдыг тус мужийн Боловсролын газрын дарга Икэгами Шигэхиро, Боловсролын газрын орлогч дарга Шиозаки Кацүхико нар мужийн Засаг даргын Тамгын газарт хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Дорноговь аймгийн хүүхдүүд урлагийн үзүүлбэр үзүүлсэн байна.

Мөн тус  мужийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж үзэсгэлэнт Фүжи уул, “Торо исэки” хэмээх манай тооллын нэгдүгээр зууны үеийн тосгон, уурын галт тэрэг, “Мэйжи сэйка” шоколадны үйлдвэр, “Хоорай баши” дэлхийн хамгийн урт модон гүүр, “Аои санфүрү” гар урлалын газар, “Токиносумика” гэрлэн чимэглэл зэргийг үзэж хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бүтээжээ.

Ташрамд, жил бүр хэрэгжүүлдэг тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн оны наймдугаар сард Шизуока мужаас Дорноговь аймагт ирсэн хүүхдүүдтэй Сайншанд сумын V, VI сургуулийн багш, сурагчид уулзан монгол өв соёлоо сурталчлан таниулж, монгол бичгээр унших, бичих, багийн сургалтыг явуулж, хамтран суралцсан байдаг. Өнгөрсөн хугацаанд “Багш, сурагч солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 516 сурагчийг хамруулжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button