Хамарын хийд, шамбалын орныг 90 мянга гаруй хүн зорьжээ
Дорноговь аймаг гадаад, дотоодын аялагч жуулчдын сонирхлыг татсан байгалийн болон түүх дурсгалын олон газартай.
Жуулчдын хамгийн их очдог газар бол Хамарын хийдийн бүс нутаг юм. Оны эхний 10 сарын байдлаар Хамарын хийд, Энергийн төв буюу Шамбалын орон, Өвгөн суварга, Ханбаянзүрх хайрхныг 90 мянга гаруй гадаад, дотоодын жуулчин зорин очжээ.
Харин өнгөрөгч 2023 оны мөн үед гадаад дотоодын 85571 жуулчин тус бүс нутагт аялжээ. Энэ нутагт энергийн төв Шамбалын орон бий гэж үздэг. Шамбалын орныг нээж олохоор гадаадын олон эрдэмтэн, аялагч жуулчид олон зууны өмнөөс Азид, тэр тусмаа Төвөдийн өндөрлөг, Монголын говиор явж мэдээ занги, аян замын тэмдэглэлүүд бичиж үлдээсэн нь бий.
Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар байдаг хэмээн үздэг. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юмуу оюун санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орныг тойруулан суварга бүхий хашаа босгог тохижуулж, Гаадамбын 77 боть судрыг залсан. Шамбалын орон 25 хаадтай бөгөөд жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж ном уншдаг.
Хамарын хийдэд байх Өвгөн суваргыг 1823 онд Ноён хутагт анх Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй, амар жимэр аж төрөхийн тухайд бүтээн байгуулсан боловч 1937 онд буулгасан байна. Иймээс Монголын хамгийн том энэхүү суваргыг дахин шинээр сэргээн бүтээж 2011 онд нээлтээ хийсэн юм.
Говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсан гэдэг. Хамарын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын оронд зорчих цэгийг тодорхойлжээ.
Хийдээс баруун хойно 20 км зайд Хан Баянзүрх хэмээх уул байдаг бөгөөд нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ. Энэ уулыг эртнээс тахиж ирсэн уламжлалтай. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан шүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэсэн байжээ.
1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг. Чин сэтгэлээсээ мөргөн залбирч чадвал хүсэл биелдэг гэдэг билээ.
Эх сурвалж МОНЦАМЭ