Вакцинжуулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагджээ
Дорноговь аймагт “Ковид-19”цар тахлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг дархлаажуулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагджээ.
Дорноговь аймгийн Засаг даргын Орлогч Г.Мартаар ахлуулсан Ажлын хэсэг хуралдаж коронавирусний халдварын эсрэг вакциныг шуурхай түгээх, дархлаажуулах талаар хэлэлцэж ажлын төлөвлөгөө баталсан байна.
Мөн сумдын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгүүдтэй цахимаар холбогдож вакцины тухай мэдээлэл хийгээд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагаа, орон нутагт бэлтгэл байдлыг хангах талаар санал солилцож, сургалт, мэдээлэл өгсөн аж.
Эхний ээлжинд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, коронавируст халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа албан хаагчид хамрагдах бөгөөд 50-иас дээш насны иргэд, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилчид хамрагдах аж.