Халдварын голомт бүхий газраас ирсэн иргэд тусгаарлалтын дэглэмээ мөрдөхийг анхааруулж байна
Дорноговь аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд корона вирусний халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо он гарснаас хойш 26 боллоо.
Сайншанд сумын төвд батлагдсан хоёр тохиолдлын нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлж байгаад ирсэн хүнээс илэрсэн бол нөгөөх нь өмнө нь онош батлагдаж Улаанбаатарт эмчлүүлж байгаа иргэний ойрын хавьтагч аж.
Онош батлагдсан иргэн О ойрын хавьтлын хүмүүсээ бүрэн гүйцэд мэдүүлээгүй учраас хүүхдийнх нь шинжилгээ эерэг батлагджээ.
Иргэд мэдээллээ үнэн зөв өгөөгүйгээс болж халдвар тархах нөхцөл бүрдэж байна. Корона вирусний голомт бүхий газраас ирсэнээ харьяа баг хороо, Онцгой комиссын шуурхай штабд заавал мэдэгдэх, гэрээс гарахгүй байх, тусгаарлалтын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй гэдгийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.
Тухайн хүн онош батлагдах хүртлээ маш олон хүнтэй уулзаж, маш олон газраар явсан байна.
Мөн Улаанбаатараас Дорноговьд бүтээн байгуулалтын ажлаар ирсэн хүмүүсээс корона вирус илэрсэн байна.
Батлагдсан иргэний ойрын болон дам хавьтагчийг илрүүлж хяналтад авчээ. Дорноговь аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас 25-ныг хүртэл сунган ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд шинжилгээний 21 цэгт 31 эмч, эмнэлгийн ажилтнууд PCR болон түргэвчилсэн шинжилгээг хийж буй.
Мөн аймгийн хэмжээнд 10295 хүн дархлаажуулалтад хамрагджээ.