Онцлох мэдээ

Хилчин бүсгүйг хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ

Эх орны өмнөд хаалга болсон Замын-Үүдээс хойд бүс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн 756 дугаар тэмдэг хүртэл амжилттай гүйсэн Замын-Үүдийн Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадамыг Дорноговь аймгийн удирдлагууд өнөөдөр хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ Тэрбээр Монгол Улсын өмнөд хилийн 815 дугаар тэмдгээс нийт 1047 километр замыг 48 хоногт амжилттай туулсан юм.

Говь нутгийн хилчдийн нэрийг өндөрт өргөж, хилчин эмэгтэй хүний тэсвэр хатуужил, зориг тэмүүллийг харуулж чадсан түүнийг өргөмжлөл гурван сая төгрөгөөр шагнасныг аймгийн Засаг дарга О.Батжаргал гардуулав.

Мөн аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг өргөмжлөл, нэг сая төгрөг гардуулсан бол Монгол цэргийн холбооны Дорноговь аймаг дахь салбар, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Дорноговь аймаг дахь салбар зэрэг байгууллагаас дурсгалын зүйлсийг гардууллаа. Мөн цэргийн хүрээний байгууллагуудын төлөөлөл баяр хүргэж, бяцхан урлагийн тоглолт сонирхуулсан.

Тэрээр “Энэ гүйлтээр монгол эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, зориг тэмүүлэл бүхнийг харуулахыг зорьсон. Эмэгтэй хүнд маш их хүч чадал оршдог. Тэсвэр тэвчээр гарган юуг ч хийж, бүтээж чадах  мянга мянган эмэгтэйчүүд олон байгаа” гэж хэлсэн юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button