Онцлох мэдээ

Удам дамжсан улсын аварга малчид

Хаврын нойтон цас хаялж урин цагийг дуудсан тунгалаг сайхан өглөө Тост боржигины нутгийг зорив оо. Тэртээд бөөн  бөөн  үүлс хөлөглөж,  бороо орох нь үү гэлтэй урьхан салхи тал дүүрэн сэвэлзсэн ийм нэгэн үзэгдэл үйл явцыг ажиглан довтолгосоор Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын нутгаар давхиж, Элдэв багийн нутаг хүрэхэд алсад Сүмбэр хайрхан бараантаж харагдлаа.

Бид Хүрэн-Өндөр гэдэг газар хаваржиж буй улсын аварга малчны болзол хангаад байгаа Айраг сумын Нард багийн малчин Дашцэрэнгийн Гангандоржийн хот айлд  буулаа. Амьдралынхаа гуч гаруй жилийг мал маллахад зориулан буянт мал сүргээ өсгөж айл хотлоо, нутаг усныхнаа манлайлан ажилласан Н.Гангандорж, түүний эхнэр Н.Мядагмаа нарт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар баяр хүргэж Монгол Улсын аварга малчны үнэмлэх, энгэрийн тэмдэг өргөмжлөл бүхий Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарын гарын үсэгтэй Засгийн газрын шагналыг гардуулж, улсын хошой аварга, гавьяат малчин болж илүү амжилт гарган, уламжлалт мал сүргээ өсгөж, монгол хүний дархлаа, баяр бахдалыг хадгалж явахыг хүссэн юм.

Аливаа амжилт гаргана гэдэг  нэг хүний хөдөлмөр бус гэр бүл, хамт олны хөдөлмөр шингэсэн  байдаг тул улсын аварга малчны шагналыг гэрийн эзэн болон гэрийн эзэгтэйд давхар гардуулдаг болоод байгаа юм. Энэ нь ч зүйд нийцэх билээ.

Мөн аймгийн Засаг даргын орлогч Г.Март, Айраг сумын Засаг дарга С.Жаргалсайхан, ИТХ-ын дарга Л.Мөнхжаргал нар сумаасаа төрсөн улсын аваргад баяр хүргэж хүндэтгэл гардуулсан. Гангандоржийн аав ээж нь хэзээнээс л удам дамжсан малчид байсан бөгөөд нутаг усандаа ажилсаг хөдөлмөрч зангаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс байжээ. Түүний аав 90 гаруй насыг зооглосон өндөр настан хүүгийнхээ сайн сайхан явааг хараад  баярын нулимс дуслуулан гэрийн хойморт тухалж сууна билээ.

Мал маллах арга туршлагаасаа хуваалцахдаа  малыг тэжээхээс илүү аль болох  усны тунгалаг,  бэлчээрийн сайныг дагаж малаа оторлож, эртхэн тарга хүч авахуулдаг тухай ярьсан. Мөн гар тэжээл, хужир шүү нөөцөлдөг. Говийн нөхцөл, эргэн дөрвөн цагт тааруулан цагаан идээгээ боловсруулж, сум аймгийн хэрэглэгчиддээ борлуулдаг аж. Сүүлийн хоёр жил цаг дэлгэрээд нутаг орондоо аж төрж байна. Малчид бид цаг хэцүүдвэл аль хэдийн малынхаа аяыг дагаад отор нүүдэл гээд явчихна гэж хуучилсан юм.

Тэднийх гүүгээ барьж айргаа сайхан исгэдэг байсан тул Айраг сумын жоншны үйлдвэрийн жолооч нар айраг амтлахаар гэрээр нь орж гардаг байжээ. Малаа таван төрөл дээр нь өсгөж 2000 гаруй болтол өсгөсөн бөгөөд хонио халуун амьтай мал гэж үзээд түлхүү өсгөсөн аж. Тэднийх хүү, охин хоёртой.

Гэргий Мядагмаа аавыгаа дагаж адуунд явсаар малд хайртай болжээ. Төв газар очоод хэдхэн хонож чадалгүй нутгаа, малаа санаад гэр лүүгээ яардаг гэх. Мал маллах сэтгэл байвал мал сүрэг буянаараа өсдөг амьтан гэж тэрээр өгүүлсэн. 2008 онд сумын сайн малчин, 2010 онд аймгийн аварга малчин, 2016 онд мянгат малчин, 2017 онд хоёр мянгат малчин,  2018 онд “Алтан хурганы эзэн”, 2022 онд улсын аварга малчин болж амжилтаа ахиулжээ.

Эгч дүүсийн хүүхдүүд улсын аварга малчин боллоо

Бидний дараагийн айл Даланжаргалан сумын Элдэв багийн малчин Норовсамбуугийн Буяндэлгэр, түүний гэргий Даваагийн Идэрмаа нарын ажилсаг шаавай малчных байлаа.  Буянт мал сүргээ өсгөн үржүүлж улсын аварга малчин болсон Н.Буяндэлгэр, түүний гэргий Даваагийн Идэрмаа нарт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар баяр хүргэж Монгол Улсын аварга малчны үнэмлэх, энгэрийн тэмдэг өргөмжлөл бүхий Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарын гарын үсэгтэй Засгийн газрын шагналыг гардуулж, улсын хошой аварга, гавьяат малчин болж илүү амжилт гарган, уламжлалт мал сүргээ өсгөж, монгол хүний дархлаа, баяр бахдалыг хадгалж явахыг хүссэн юм.

Мөн аймгийн Засаг даргын орлогч Г.Март, Даланжаргалан сумын Засаг дарга Д.Бэхбат, ИТХ-ын дарга Н. Болдбаатар  нар сумаасаа төрсөн улсын аварга малчинд баяр хүргэж хүндэтгэл гардуулсан. Сонирхуулж хэлэхэд өмнө нь дурдсан улсын аварга малчин Гангандоржийн аав Дашцэрэн, Буяндэлгэрийн  ээж Хандсүрэн нар төрсөн эгч дүүс аж. Тэгэхээр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд улсын аварга малчин болсон бахархалтай үйл явдал тохиожээ.

Буяндэлгэрийн гэргийн Мядагмаагийн аав Даваа 1990 онд мөн л хуучнаар Дорноговь аймгийн Сүмбэр сум /Одоогийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум/-аас улсын аварга малчны болзол хангаж байсан бол түүний хүргэн ах Н.Санжаа мөн л улсын аварга малчин болж байжээ.  Гучин дөрвөн жил мал малласан Буяндэлгэр эцэг эхээсээ наймуулаа. Тэр таван хүү,  гурван охинтой айлын тав дахь хүү нь. Тэднийх мөн л  2000 гаруй малтай.

Бог малаа түлхүү өсгөдөг бөгөөд энэ жил 700 гаруй төл хүлээн авахаас одоо 400 гаруйг нь төллүүлжээ. Ээж Хандсүрэн нь аймгийн аварга саальчин, гурав, тавдугаар таван жилийн гавшгайч болж байсан бол түүний дүү нар нь аймгийн аварга малчид юм. Удахгүй дүү нар минь ахыгаа дагаа улсын аварга малчид болох байхаа хэмээн Буяндэлгэр өгүүлэв.

Бусдыг малжуулж нийгмийн ажилт идэвхтэй оролцдог байна. Бага байхдаа  социалист уралдаан биелүүлэх гэж хичээж ажилладаг байсан нь биднийг хөдөлмөрт сургасан. Бидний хүүхэд нас хичээлийн амралтаар аав ээждээ тусалж, малд ойрхон өнгөрсөн. Шөнө хагаслан үнээ сааж өглөө эрт сүүгээ сүү тосны тасагт өгч, өдөр нь хэсэг амраад мөн л тугалаа барьж үхрээ хурааж сүүгээ саадаг, үхрийн баасаа дэлгээд хатаачихдаг завгүй амьдралд өссөн болохоор бид ажлын амт, хөдөлмөрийн үр шимийг мэдэрсэн.

Аав ээжийн маань мал маллагааны арга туршлагыг хоёр дүү  маань сайтар судалж, амьдралдаа хэвшүүлж байгаад баяртай байна  хэмээн Буяндэлгэрийн төрсөн  эгч Батсуурь өгүүлсэн юм.  Тэдний баяр дээр баяр нэмэхээр 80 гарсан нэгэн буурай ирж гэрт тухалсан нь Даланжаргалан сумын өндөр настан Намжилдоржийн Төмөрчулуун гуай юм. тэрээр  Буянаа, Идэрмаа хоёр маань   улсын аварга малчин боллоо гэж сонсоод хорь гаруй км-ийн цаанаас морио унаад шогшоод иржээ.

Төмөрчулуун гуай “Би аймгийн сайн малчин, алдарт уяач ч болж байлаа. Энэ залуусын аав ээжийг би сайн мэднэ ээ. Ажилсаг хөдөлмөрч хүмүүс байсан. Ажиллаж хөдөлмөрлөөд л байвал үр дүнг нь хэзээ нэгэн цагт үздэг юм.Залуус маань ажиллаж хөдөллмөрлөөд сайхан байна. Баяр хүргэе” гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас  улсын аварга малчин өрх шалгаруулах журамд өөрчлөлт оруулсан байдаг.  Журамд мал сүргээ жилийн дөрвөн улиралд өөрөө малладаг, мал маллагааны туршлагаа залуу малчдад зааж сургаж шавь малчинтай болсон, түр болон байнгын ажлын байрыг бий болгож орон нутагт ядуурлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан байх,  өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаа, худагтай байх зэрэг олон шалгуурыг тавьсан байдаг. Шинэ улсын аварга малчид ч мөн энэ шалгуурыг давж алдар нэрд хүрсэн байна.

Монголчуудын үнэт өв соёл бол нүүдлийн мал аж ахуй билээ. Монгол хүний дархлаа мөн л мал аж ахуй. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Бууц, хашаа хороо, малын тарга хүч гээд улсын аварга малчны хот өнгө зүстэй байна. Төрсөн эгч дүүсийн хүүхдүүд үеэл нар буянт мал аж ахуйгаа өсгөж, нутаг усандаа ажилсаг хөдөлмөрч зангаараа гайхуулан сайн сайхан аж төрж явна. Улсын аваргын гэрт саатсан бид ийн хөдлөх боллоо.

Говь нутгийн араншин гэдэг цаанаа өөр ажгуу. Өглөөхөн цасан манан тогтсон цээл талаар давхиж явсан бид үдэш буцахад нойтон цас аль хэдийн хайлан одож намар цагийг санагдуулам зөөхий шаргал талаар довтолгосоор Сайншандад ирсэн билээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button