Онцлох мэдээ
Хог хаягдлын менежментийг сайжруулна
“Иргэдэд ээлтэй Эрүүл хот -2023” зорилтот жил, Сайншанд сумын Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрийн Ногоон хөгжлийн бодлогын Хог хаягдлын менежментийг сайжруулж, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд “Дорноговь аймгийн Сайншанд сумын хог хаягдлын менежментийг сайжруулах” төслийг “Монголын эргийн волейболын холбоо” ТББ, хог хаягдлыг дахин боловсруулах “Эко говь” үйлдвэртэй хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Өнөөдөр /2023.01.30/ Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр төслийн багтай уулзаж, сумын хог хаягдлын менежментийг сайжруулах, холбогдох дэд хөтөлбөр, журмыг боловсруулах, төслийн хэрэгжих үе шат, үйл явцын талаар мэдээлэл солилцлоо. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Сайншанд сумын хог хаягдлын тоо хэмжээ багасах, хог хаягдлыг ангилан ялгах замаар дахиврын тоо хэмжээ нэмэгдэх, дахин боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах, дахивар ашиглан хийх бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх зэрэг маш олон давуу тал бий болно. Төслийн хамгийн чухал үр дүн нь иргэдийн хог хаягдал, менежментийн мэдлэгийг дээшлүүлж, оролцоог хангах нь Иргэдэд ээлтэй Эрүүл хотыг цогцлооно гэж үзэж байгаа юм.
Төсөл 2023 оны 01 сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 сарын 20-ныг хүртэлх хугацаанд 3 үе шаттай хэрэгжинэ.