Уламжлалт гар аргаар хийсэн эко саванг нутгийн брэнд болгоно
Химийн нэмэлт өнгө, үнэр, хөөсрүүлэгчгүй бөгөөд малын өөхөн тос, үхэр тэмээний ясны, сүүлний болон ургамлын гаралтай тосоор уламжлалт гар аргаар хийсэн эко саван Дорноговийн иргэдийн хэрэглээнд нэвтрээд багагүй хугацааг үджээ.
Гар, нүүрийн савангийн төрлүүд гэхэд ингэний сүүтэй, чацаргана, халгай, багваахай, какао, лаванда, гуужуулагчтай, сүүлний тостой хүүхдийн саван, овъёосны сүүтэй, нэмэлтгүй гэх мэт харшил өгөхгүй, арьс хуурайшуулахгүй, биеэ тослох ч шаардлагагагүй эко саванг Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн “Дорнын үжин гоо” ХХК-ийн захирал С.Мөнхзул өөрийн гараар үйлдвэрлэж олны хэрэгцээнд хүргэж байна.
Гарын, гоо сайхны, хүүхдийн, аяга таваг угаах зориулалттай гээд арваад нэр төрлийн саван үйлдвэрлэж буйгаас гадна хүний биеийн арьсанд нөлөөлж амин дэм өгөх үйлчилгээтэй аж. Тэрбээр цаашдаа үйлдвэрлэлээ өргөтгөж бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулахын төлөө ажиллаж байна. Уламжлалт гар аргаар хийсэн эко саван Дорноговийн брэнд болох цаг ойрхон байна.