Монголчуудад ойрхон Солонгос орноор-2
Тэгү хотоос зүүн тийш 44 mile буюу 72 км газар давхиад Солонгосын аялал жуулчлалын томоохон бүс далайн эргийн Похан хотод хүрлээ.
Аян замын тэмдэглэл-2
Өмнөх нь 2024-03-20-ны дугаарт
Солонгосын аялал жуулчлалын хот Похан
Тэгү хотоос зүүн тийш 44 mile буюу 72 км газар давхиад Солонгосын аялал жуулчлалын томоохон бүс далайн эргийн Похан хотод хүрлээ. Miles (mi) нь АНУ-д ашигладаг газар нутгийн орон зайг хэмждэг хэмжүүр бөгөөд ялангуяа аялал жуулчлалын бүс нутагт хэрэглэдэг аж. Солонгост ч мөн адил энэ хэмжүүрийг хэрэглэдэг байна.
Хотын нэрийг монголчуудын зарим нь Бухан, Похан ч гэж нэрлэх агаад англиар Pohangгэнэ. Тус хот Өмнөд Солонгос Улсын умард Кёнсан аймгийн зүүн урд хязгаар буюу Номхон далайн зүүн эргийн нэгээхэн хэсэг Япон тэнгисийн эрэгт оршдог. Гэхдээ солонгосчууд өөрийн улсад хамаарах далайн эргийн хэсгээ Солонгос тэнгис ч гэж нэрлэдэг байна. 2022 оны байдлаар 500 мянга орчим хүн оршин суудаг гэсэн тоо буй.
Похан хотын ган төмрийн үйлдвэрийн компани “POSCO” 1970 оноос хойш үйлдвэрлэлээ эрчтэй явуулсан бөгөөд эдүгээ машин механизмын эд анги, байлдааны зэвсэг техникийг үйлдвэрлэн зах зээлд гаргадаг аж. Хотын зах, тэнгисйн эрэг дагуу аялал жуулчлал, бизнес, урлаг соёлын төвүүд үйл ажиллагаа явуулж зорин ирсэн хүмүүст үйлчилгээ үзүүлдэг.
Тухайлбал, Pohang City Joongang Art Hall хэмээх томоохон төвд бие даасан кино, урлагийн тоглолт, үзэсгэлэн, боловсролын хөтөлбөрүүдийг нэг дороос үзэх боломжтой соёлын цогц орон зай төдийгүй зарим үйлчилгээ нь үнэ төлбөргүй байдаг аж. Энд жилийн турш олон үйл ажиллагаа зохиогдохоос гадна урлаг гоо зүйн олон өнгийг илэрхийлсэн үзвэр үйлчилгээ үзэж цаг хугацааг мартагдашгүй, үнэ цэнтэй өнгөрөөх боломжто.
Хванхо цэцэрлэгт хүрээлэн дэх алсыг харагч гүүр
Поханы сансрын алхалт, үүлэн дээрх мэдрэмж бүхий гүүр
Похан хотод түр ирээд буцахдаа далайн эргийн захын Хванхо хэмээх нэгэн цэцэрлэгт хүрээлэнд очлоо. 2011 оноос бүтээн байгуулж эхэлсэн цэцэрлэгт хүрээлэнд буй онцгой нэгэн бүтээл нь эргэн тойрны юмс үзэгдлийг алган дээр авчирсан юм шиг харах, эвхэрч мушгирсан могойны хэлбэртэй дүүжин гүүр бүхий бүтээн байгуулалт юм. бий. Эндээс далайн эрэг төдийгүй Похан хотыг нийтэд нь дурандах боломжтой.
Хотод зорин ирсэн хү бүхний үзэх хүсэл сонирхлыг төрүүлдэг энэ бүтээн байгуулалтыг гангийн үйлдвэрлэгч “POSCO” компанийн дэмжлэг хүчин чармайлтаар 2021 онд барьж дуусгажээ.Бүтээн байгуулалт орсон ихэнх материал нь ган гэсэн. Зарим хүмүүс үүнийг Поханы сансрын алхалт, үүлэн дээрх мэдрэмж ч гэж нэрлэдэг байна. Үнэхээр гүүр дээр гараад орчныг ажиглахад агаарт буй юм шиг сэтгэгдэл төрсөн юм.
Уран зураг, дүрслэх урлагийг эмижээ болгосон Тэгү хот
Уран зургийн галерей
Эргээд Тэгү хотын тухай олж авсан сонин сайхнаас хуваалцъя.Тэгү хот өмнө нь алимаараа алдартай байжээ. Цаг агаарын дулаарлаас болж алим тариалах бүс нутаг хойд зүгт шилжсэн байна. Мөн бүс даавуу, хувцасны материалаар алдартай байсан ч энэ зах зээлд хятадууд оролцох болсноор байр суурь нь буурчээ.
Эдүгээ соёл урлаг дүрслэх урлаг, робот, технологийн салбарт Сөүлийн дараа орох хэмжээний томоохон амбицыг тус хот буй болгож байгаа гэсэн. Дүрслэх урлагийн нэгээхэн төрөл абстракт уран зураг, суурилуулах урлаг эрчээ аван хөгжиж байна.
Урлагийг ойлгож мэдрдэг томоохон бизнес эрхлэгчид өөрийн гэсэн арт галерейг буй болгож үүгээр дамжуулан сонин содон бүтээл туурвидаг зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, зураачийг алдаршуулахаас гадна уран зураг, урлагийн бизнесийг цогц утгаар нь хөгжүүлж байна. Энд хувийн болон төрийн өмчийн маш олон галерей ажилладаг гэсэн.
Тэгү хот дахь буддын сүм
Тэгү хотын баруун хойд уулархаг хэсэгт байх нэгэн буддын шашны сүмд орж үзлээ. Манайх шиг ном бичүүлэн, идээ будаа өргөл өргөж, цуварч мөргөж буй дүр зураг энд алга. Буддын шашны гол номлол нь хэвээрээ байдаг хэдий ч тухайн орон нутгийн онцлог, зан заншил ёс суртахуунтай нэгдэж зарим зүйл илүү хялбар болсныг эндээс ажиглаж болно.
Лам нар нь цагаан өнгийн хувцас өмсөх бөгөөд барагтай л бол харагдахгүй. Сүмийн дотор на гүм байх бөгөөд сүсэгтэн олонд зориулсан олбогийг авч дээр нь мөргөөд буцаагаад тавьчихна. Ердөө сүсэг бишрэлээ бодоод залбирал үйлдээд гарахад зориулагдсан ийм сүм байх ажээ.
Тэгү хот дахь монголчууд
Тэгү хот дахь монгол хоолны газар
Солонгосы зорих монголчуудын урсгал одоо ч хэвээрээ. Албан бус тоогоор манай улсын 50 мянга орчим иргэн Солонгост сурч, ажиллаж байна.Тэнд сайхан амьдрал байдаг гэвэл эндүүрэл юм. Паспортын хугацаагаа дуусгаад олон жил харлаж ажиллана гэдэг амаргүй. Тэгү хотод ирсэн монголчууд сурахаас гадна тариан талбай, барилга, хот тохижилт, айл нүүлгэх гээд олон ажил эрхэлж байна. Хийж буй ажлаас шалтгаалж нэг өдрийн ажлын хөлс дунджаар 120-150 мянган вон болно. Монголчуудаас гадна хятад, вьетнам, филиппин зэрэг улсын иргэд ажилладаг гэсэн.
Монгл мөнгөөр 250-350 мянган төгрөг. Олсон мөнгөө өөрийн хэрэгцээнд зориулахаас гадна монгол руу, ар гэр лүүгээ явуулна. Тэгүд байрны өртөг монголынхоос илүү үнэтэй гэх. 40 орчим метр квадрат байрны үнэ 400 сая орчим вон буюу монгол мөнгөөр бараг тэрбум төгрөг хүрдэг гэжээ. Тиймээс солонгос залуу гэр бүл ч өөрийн гэсэн байртай болохоос нааш барагтай л бол гэр бүл зохиодоггүй гэсэн. Гадаад дотоодын иргэдэд зориулсан нийтийн байр хамгийн боломжтой хувилбар аж. 15 метр квадрат бүхий талбайтай нийтийн байранд сар бүр түрээс төлөөд амьдрах нь нийтлэг.
Харин Тэгү хотын төвийн нэгэн дүүрэгт Сарантуяа гэх монгол хүн үндэсний хоолны газар ажиллуулдаг гэдгийг хамт яваа нөхдөөсөө мэдэж очлоо. Эзэн нь байгаагүй тул тэнд ажилладаг монгол бүсгүйтэй уулзаж ойр зуурын сонин хачныг ярив. Харин тэрээр нэрээ хэлэхээс татгалзсан тул бичвэрт оруулсангүй. Энд бууз, хуушуур, гурилтай шөл, чанасан мах, цуйван гээд олон төрлийн хоол байх бөгөөд монгол солонгос хүмүүс дуртай үйлчлүүлдэг байна.
“Тэгү хотын ард иргэдийн ааш зан түргэн огцом хэрнээ хүн чанар сайтай, элгэмсэг найрсаг зан төлөвтэй. Хүн амын дунд хуучинсаг, үндэсэрхэг үзэл суртал одоо ч оршиж эцгийн эрхт ёс давамгайлсан хэвээр байгаа” гэж бидэнтэй хамт явсан өвгөн зураач Ким Ир Хуан өгүүлсэн. Бас монголчуудын адил нутгархах үзэл ч байдаг аж. Ялангуяа зарим хотын иргэд нь аялгатай ярьдаг нь үндэс угсаа, хэл соёлын онцлогоос үүдсэн байдаг гэсэн. Солонгос хүний дундаж наслалт 80 байдаг бөгөөд энэ улсад гэрлэлт оройтсоноос хүн амд эзлэх залуусын хувь багассан үзүүлэлт гарчээ.
Солонгосын эх газар хэмээн нэрлэгдсэн Тэгү хотод хэд хоног байхдаа олж авсан мэдээллээ сийрүүлснээ өндөрлөе.
Гэрэл зургийг Х.Эрдэнэбулган
Улаанбаатар-Тэгү 2024.03.08-15