Мод үржүүлгийн газраас эхний тарьцаа шилжүүлэн суулгахад бэлэн болжээ
Дорноговь аймгийн Байгаль орчны газар өөрийн эзэмшлийн мод үржүүлгийн газартаа гурван жилийн өмнөөс тарьц суулгаж эхэлжээ.
Нийт 15000 гаруй суулгац тарьж ургуулснаас энэ жил анхны хоёр настай мод буюу 4000 гаруй суулгацыг өөр газарт шилжүүлэн суулгахад бэлэн болсон байна. Хайлаас, жигд, сухай, улиас, чацаргана, буйлс, гүйлс зэрэг говьд ургах боломжтой суулгацыг говийн хөрсөнд тарьснаар нийтийн эзэмшлийн зам талбайг ойжуулах, сумдын ойн зурваст салхины хаалт хэлбэрээр модлог ургамлыг тариалахад томоохон материаллаг бааз болох аж.
Дорноговь аймагт аймгийн Байгаль орчны газар болон Замын-Үүдийн “Борхойн Баянбүрд” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар мод үржүүлгийн газрыг ажиллуулж байна. Үүнээс гадна хувийн аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс өөрсдийн хэмжээнд модны тарьцыг суулгаж буй.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Дорноговь аймаг нэгдэж 20 сая мод тарихаар амлалт өгч, гэрээ байгуулсан. Дорноговь аймаг байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалтай, экосистемийн хувьд эмзэг бүс нутагт хамаардаг төдийгүй уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хөрс, бэлчээр доройтон цөлжиж, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ жил бүр нэмэгдэж байгаа нь нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал болж байгаа юм.
Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс 10,2 хувь нь нэн хүчтэй, 43,4 хувь нь хүчтэй, 32,2 хувь нь дунд зэрэг гэсэн үзүүлэлттэй байгаа тул цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн агро ойн аж ахуйг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэдэд мод тарих соёлыг төлөвшүүлэх нь хамгийн бодит үр дүн болох аж.