Эр зоригийн дууль Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчиг
Тулалдаанд зөвхөн шонхорууд л ялдаг. Харин шонхорууд гэж хэнийг хэлдэг вэ?
Алаг морьт баатар Дандар, агаарын зоригт баатар Дэмбэрэл, Японы ар талд нэвтэрч их бууны яндан дуранг амьд хэлтэй нь олзолсон баатар Олзвой, Байтагбогдын Осваны 500 гаруй дайсны бүслэлтийг сэт цохиход нөхдийн хамт гарамгай гавьяа байгуулсан баатар Нэхийт, хилчин баатар Лхагвадорж, Даваадорж гээд л зоригтнуудын уртаас урт дараалал хөвөрч, шонхоруудын үйл хэрэг үдшийн тэнгэрт гялалзсан од мэт мөнхөд бадарна.Ийм нэгэн тэнхээт далавчтай хүчирхэг шонхор Дорнын говийн хэтийн цэнхэр чулууд дундаас цойлон ниссэн юм. Данзанваанчигийн минометийн галыг устгахын тулд дайсан улайран хамаг сумаа хайр найргүй цацаж байсан боловч үнэн хэргийн төлөө мохошгүй зориг, өндөр ухамсраар жигүүрлэсэн манай дайчдын сөрөг давшилтыг саатуулан барьж дийлсэнгүй… дурдатгал хөвөрнө.Энэ тулалдаанд Данзанваанчигийн ууц, баруун гар нь тус бүр хоёр удаа, зүүн хөл нь нэг удаа шархдаж хөдлөх аргагүй болсон хэдий ч шархаа боож биеийг нь тэнхрүүлж байсан өөрийн туслах Цэрэндоржид “Чи намайг сахисны хэрэггүй, нөхөдтэйгөө түргэн явж асгаруулсан цусны минь өшөөг ав, минометоо аваад зөвхөн урагшаа давш” гэж нөхрийг зоригжуулан байлаа.
Дайны талбарт шарх нь хүндрэн тэсэхүй еэ бэрх болж үхэл амьдрал өрсөлдөж байсан тэр үед Данзанваанчиг эрс хатуу тэвчээртэй байж, өөрийг нь барихаар довтолсон дайсны галын цэг, амьд хүч олныг устган таван удаа хүнд шархадсан боловч тулалдааны замаас гаралгүй дайсны өөдөөс сөрөн довтлох үүргээ биелүүлжээ.
“Манай анги Жанчхүүгийн даваанд Чуулалт хаалган орох замыг хааж техникийн сүүлийн үеийн ололтыг ашиглаж барьсан бүхэл бүтэн барилга байгууламж бүхий районыг /35 км өргөн, 10 км гүн/ эзлэн авах байлдааны чухал үүргийг хүлээсэн юм” хэмээн өөрийн дурсамждаа даруу бичиж үлдээсэн түүхт баатрын тухай олон зохиолч, яруу найрагч утга найргийн алтан суварга үлдээсэн байна.
Улаан гал шүрших сумыг сөрөн зогсож монгол орныхоо тусгаар тогтнол ирээдүйн сайн сайхны төлөө баатарлаг гавьяа байгуулсан чин зоригт шонхруудын нэг улсын баатар Дашийн Данзанваанчиг Дорноговь аймгийн Дэлгэрхэт сумын I багийн нутаг Эрдэнэцогт гэдэг газар 1918 онд Дашийн арав дахь хүү болон мэндэлжээ.
Эцэг эхийн гар дээр бага насаа өнгөрөөж улмаар Ширийн чулуу гэдэг газар шавилан суусан боловч лам болох сонирхолгүй тул гэртээ харихын мөрөөс болсоор цагаан сараар харьж хийдэд дахин очоогүй гэдэг.
Арванхоёр настайдаа тухайн үеийн тэнхимд сууж суралцсан бөгөөд ардын цэргийн алба хаах хүртлээ ах эгч нарынхаа хамт гэрийн ажилд туслах, мал маллах ан гөрөө хийх, аян жин тээх зэргээр малч уламжлалаар хүмүүжсэн байна.
Цэрэгт мордохынхоо өмнө малч, хөдөлмөрч, нямбай гэж шагшигдсан нутгийн бүсгүй Бортоогийн Цэгмидтэй ханилан суужээ.1939 онд 21 настайдаа нас бие тэнцэн цэргийн албнд татагдаж Улаанбаатар хотноо Цэргийн их бууны төв складад жагсаалын цэрэг болов.
1941 онд хүнд өвчний улмаас чөлөөлөгдөж орон нутагтаа буцаж очоод мал маллах, мал эмнэлгийн санитар хийх зэргээр ажиллаж байгаад 1944 онд дахин эх орны дуудлагаар цэргийн албанд татагдан Сайншандын төвд байрлаж байсан 7 дугаар хуягт бригадын нэгдүгээр батальоны миномет салаанд хуваарилагдан 50 мм миномет бууны туслахаар суралцав.
Өөрт буй зэвсгээ онц сайн эзэмшсэн учир 1945 онд жинхэнэ наводчикоор ажиллаж 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон байна. Дайнд оролцож явахдаа ангидаа аюул учруулж байсан 10 гаруй цэг тоотыг устгаж таван удаа хүнд шархадсан гэдэг.
Ингээд салаан даргаасаа ар тийш гарах үүрэг аваад хэвтэж байх үед мөлхөж ирсэн дайсныг өөрт байсан ганц зэвсэг болох нагаан буугаар устгажээ.
Дайны талбарт оногдсон үүргээ гарамгай сайн биелүүлсэн гавьяаг нь төр засаг өндрөөр үнэлж 1945 оны есдүгээр сарын 26-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор БНМАУ-ын баатар цолоор шагнаж, баатрын алтан таван хошуу медаль хүртээв.
Мөн “Сүхбаатарын одон”, “Бид ялав”, он удаан жил ажилласан учир “Байлдааны медаль”, “Алтан гадас” одон болон бусад ойн медалиуд, Зөвлөлт засгийн газраас “Улаан тугийн одон”, “Октябрын хувьсгалын одон” болон ойн медалиар шагнуулсан.
1946 онд Батлан хамгаалах яамны Сайдын тушаалаар офицерийн албанд дэвшин Цэргийн дээд сургуулийн салааны дарга нарыг бэлтгэх нэг жилийн курст суралцан бичээчийн Салаан дарга, армийн Төв складын даргын алба хашиж байгаад 1954 онд орон тоогоор халагдаж нутагтаа буцсан байна.
1952-1962 он хүртэл Дорноговь аймгийнхаа Номын сангийн эрхлэгчээр ажиллав. 1962 онд Офицеруудын ордны Номын сангийн эрхлэгч, 1967 оноос Армийн Музейн фондны эрхлэгчээр ажиллаж байгаад 1972 онд тусгай тэтгэвэрт гарчээ.
Тэрээр 1936 онд МХЗЭ-ийн гишүүн, 1945 онд МАХН-ын гишүүнээр элсчээ. Улсын IX, МАХН-ын XI, XIV, МХЗЭ-ийн XVI хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байлаа. Энэ хугацаанд Ардын Их хурлын депутатаар таван удаа сонгогдож байжээ.1948 онд Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Москва хотноо, 1968 онд Армийн төлөөлөгчдийн хамт Болгар Улсад, 1976 онд залуучуудын төлөөлөгчдийн хамт Болгоград хотноо тус тус айлчилжээ. Яруу найрагчид түүний цөөнгүй шүлэг зохиол бичсэн байдаг.
Нутгийн зохиолч, МУСГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар “Эр зоригийн дууль” шүлэгтээ:
Мэргэн вангийн хошуунаас
Цэргийн хүү мордлоо
Их хэтийнхнээр үдүүлж
Ээждээ үнсүүлж хөдөллөө
Дөчин таван оны салхи гасалсан хавар
Дөрөөн дээрээ сүүтэй дайны талбарт явлаа
Сөөм газрынхаа цоорхойг амиараа нөхье гэж мордлоо
Сөгдөж мөргөх эх орноо
Атаатнаас өмөөрч хөдөллөө
Дайны галын өөдөөс
Данзанваанчиг явсан юм
Дархан монгол орноо
Зүрхэндээ хайрлаж зорьсон юм…”
хэмээн найргийн шад уралсан байдаг. Харин Сайншанд хотод ажиллаж байсан Зөвлөлтийн цэргийн хурандаа Украйны Зохиолчдын эвлэлийн гишүүн, Иван Шкварко Монгол Улсын баатар Д.Данзанваанчигийн гавьяа зүтгэлийн тухай “Үнэнч үйлс” хэмээх найраглалдаа ийн бичжээ.
“… Монгол хүн бүрийн хувьд
Мохошгүй баатрын туг байсан
Хатуужиж гагнагдсан нөхөрлөлөөрөө
Квантуны армитай байлдан дийлж
Хавтай ялалтын тугаа мандуулсан юм
Идэр залуу Монгол Зөвлөлтийн дайчид
Ид хаваа” дайны галд үзүүлсэн юм
Даамай үнэнч баатар эрсийн дунд
Данзанваанчиг байсан юм…” хэмээн найраг шүлэгт мөнхөлжээ.
Түүний тухай төрсөн эгч Тэрбиш нэгэн зохиолч абугайд хуучлахдаа “Бид эхээс арван зургуулаа. Манай Данзан малд нүдтэй, дуу цөөтэй даруухан хүү байсан. Зун амралтаараа манайд ирж морь унаад хонинд явдаг, хүнтэй эвтэй харилцдаг хүү байж билээ.
Хээ шаагүй жирийн чанар нь хүртэл үйл хөдлөлөөс нь андашгүй мэдрэгдэнэ. Намайг хонь малаа саагаад дуусахад сүүг минь зөөгөөд алхчихна. Дүү маань хорь нэлээд гарч цэрэгт татагдсан. Эх орныхоо тусаар тогтнол, аюулгүй байдлын төлөө тулалдаж яваад л баатар болсон.
Төрийн минь сүлд түүнийг тэтгэсэн хэрэг дээ. Бидний багын амьдрал хүнд бэрхийг туулсан тийм л амьдрал байсан. Энэ амьдрал маань ч дүүд нөлөөлсөн болов уу хэмээн дурсамждаа өгүүлжээ.
Адуунд эрэмгий, зорьсондоо хүрэхээр зүтгэвэл заавал ард нь гарч байж санаа нь амардаг, морь уургалж байгаад хуйв нь тасрахад хүчиндээ унаад жолоо цулбуураа тавилгүй эргэж мориндоо мордож байсан хүн дээ. Бид бага залуудаа жинд явдаг байлаа.
Нэг удаа тэнгийн тал даахгүй “Хамсаа” хүнтэй явж байж. Нөгөө нөхрөө дөрвөн хөллүүлж ачаагаа тавиад өөрөө нөгөө талд нь гарч тэнгээ өргөн хооронд нь холбон морддог байсан гэж ярьцгаадаг.
Үүнээс харахад түүнд бяр чадал, зориг, авхаалж самбаа дүүрэн байжээ хэмээн баатарын ах Гэлэгням олон жилийн тэртээ өгүүлж байж. Гарваа заан гэгдэх Бадамгарав гэгч нутгийн буурал түүний тухай дурсахдаа “Би Дотоод явдлын яаманд ажиллаж байгаад орон нутаг руугаа буцах болж бэлтгэлээ базааж байтал Данзантайгаа таарлаа.
Хуучирсан цэрэг хувцастай түүний царай ихэд шаналтгаатай байсан атал өөрийнхөө зовиурыг сэтгэлээрээ дарж чадаж байгаа нь биширмээр… Би түүнийг бүрэн ойлгож байлаа. Бас баатар болсон сониныг нь мэдэж байсан үе.
Өрөөсөн гар нь мэдээ байхгүй, ханчир сул, хоёр бөөрөндөө шархтай, шарх нь аниагүй, хөлийн булчин нь сэтлүүлчихсэн, шархыг нь харахад дотор арзасхийгээд хажуугаар нь гараад явчихмаар өрөвдөлтэй харагдсансан.
Данзан маань хэлэхдээ “Миний шарх юу ч биш ээ. Тулалдааны талбарт арьс нь өм унаад, уушги зүрх нь харагдаж байгаа хүн ч байсан, гар хөлгүй болсон хүн ч байлаа” гэдэгсэн. Аргагүй зоригтой эр гэдэг нь мэдэгдэж байсан даа.
Түүний суран бүсийг сэтэлсэн нэг нүх, цоолсон нэг нүх л харагдаж байлаа. Араас нь буудсан хэрэг л дээ. Их бууны суманд өртөн өрөөсөн гараа шархдуулсан аж. “Шархтай хэвтэж байлаа. Би ч яахав хөөрхий ээж минь хэцүү дээ гэж бодож билээ” хэмээн хуучилдагсан.
Галын шуурга, суман дунд даргаас өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлж, тэр цэгийг устга гэсэн тушаалыг ёсоор нь устгадаг байлаа гэж ярина. Бид Дорноговь руугаа явцгаах боллоо.
Ачааны тэрэгний тэвш дээр эхнэр бид хоёр сууж, Данзангаа бүхээгт суулгав. Зуур хоноод л Сайншандад ирлээ. Ирсэний маргааш шөнө нь манайд гадны хүн ирээд “Данзанваанчиг байна уу” гэж асуув.
Тэгээд л Данзанваанчиг маань буцаад хот орсон. Улсын баатартай ингэж уулзаж учирч явсан юм хэмээн дурсамжийн хадаг үлдээжээ. Тосоод ирэх он жилүүд хязгааргүй. Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчигийн байгуулсан гавьяа он цагийн уртад гэрэлтсээр байгаа.
Тэр бүрт баатарлаг үйлсийг нь хойч үе мөнхжүүлэн зуун зуун жил бахархан дуурайж, эрхэмлэн хүндлэх учиртай. Түүний хөшөөг Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоор Сайншанд хотын ар дэнж дээр сүндэрлүүлсэн юм.
Түүхт баатрын хөшөөг барималч Б.Мөнхтөр, С.Оюунтуяа нар урлажээ. Түүний хүү Монголын страдын амьд домог, ОХУ-ын Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор, Олон улсын дуучдын шүүгч, Ардын жүжигчин Ухнаа билээ. Их хүний үйл хэрэг мөнхөд гэрэлтэх бөлгөө.
Яруу найрагч Т.Дашбалдангийн шүлгээс… 1988 он
“…Шаргын шаргын жороо аавын адуун байдагсан
Шаавай төрсөн тэр минь их л хол суудагсан
Дуулья гэхнээ болохгүй
Нулимс бөмбөрөөд явчихна
Дух нороод ирэх чинь
Цус уу, хөлс үү мэдэхгүй
Үхэл амьдрал хоёр зөрөлдсөн
Гал утаан дунд
Үг, ая хоёулаа
Сэтгэлд явдаг дуу байна
Өдөржин шахуу буудсан
Минометын гол халуун
Өрж барсан цагт
Амь гэдэг бөх
Дайны довтолгоог няцаалгүй
Үхнэ гэдэг илүү
Давшиж яваа нөхдөөсөө
Үлдэнэ гэдэг хэцүү
Ар халхын нутагтаа
Очихгүй үрэгдэх хайран ч
Амины үнэтэй тоглоомд
Хожимдох гэдэг шившиг
Аав эжий хоёртоо
Хоргодохын бодол байв ч
Атаатан дайсанд хөөгдөөд
Буцах гэдэг булай
Хөлийнхөө өрөөснийг алдчихаад
Яаж боссоныг мэдэхгүй
Хөлс цусаар будагдсан
Гранат шидсэнээ санаж байна
Дарийн утаа бүрхсэн
Дайны талбарт
Данзанваанчигийн зүрх
Ингэж цохилно
Туг сүлдэндээ дээдлэх
Баатарын зүрхний бичлэг
Тугалган хар өдөр
Цусаар туурвисан найраг
Нутаг нугын түмэндээ
Өвлүүлж үлдээх бэлэг
Нуган үр төрөхүйд
Цээжлүүлж орхих шүлэг