Онцлох мэдээ

Эх орон сумаас эхэлдэг

Ухаа торго дэлгэсэн мэт  тал нутаг минь тэнгэрийн энг даган жирийж  нүд алдуулан дотор сэтгэл задгайлан тайвшруулдагсан. Намар цагийн энэ төрх яг одоо сэтгэлд бууж байна.

Энгүй энэ  их  шаргалхан уудамд унаж өссөн нутаг минь бий.  Их бага Дулаан ,  гурав гурваараа ижилссэн 33 цагаан овоотой эгэл бус энэ нутагт Цэцэн Сандаг мэндлэн цэцтэй үгийг онилон суусан.

Сайхандулаан хэмээх энэ эгшиглэнт нэртэй нутаг Сайханзанги хэмээх Чоймбол гэдэг дарга болон  Дулаан хайрханы нэрний нийлмэлээс бүтсэн түүхтэй.

1931 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр хуралдсан БНМАУ-ын бага хурлын 5 тавдугаар тогтоолоор Дорноговь аймаг шинэчлэн байгуулагдахад  Сайхандулаан сум анхны сумдын нэг болжээ.

Унасан тоонот минь  9.5 мянган хавтгай дөрвөлжин кило метр  нутаг дэвсгэртэй  Айраг, Алтанширээ, Мандах  Улаанбадрах болон Дундговь аймгийн Өндөршил сумтай хил залгаа нутаг юм.

Сайхандулаан сумын  Өлгий хийдэд шавилан сууж байсан Цанид ловон хэмээх Шагдар нь Энэтхэгийн “Рашааны дусал”, төвдийн “Субашид”-аас том хэмжээний болоод өгүүлэх дүрслэхийн олон боломжийг нээн үзүүлсэн онцгой сонин бүтээлийг туурвин суусан нь оюунлаг ундрагын эх газар гэмээр.

Их хүмүүн :   Адлах хорлох ихдвээс их хөлгөнийг бураашаахын шинж

                Ааг омог ихэдвээс эрдэм номыг бузарлахын шинж

                Атаа хорсол ихэдвээс эцэст нь гутан доромжлохын шинж

               Агуу мунхаг ихэдвээс эрдмийн нүдэн балайрахын шинж…… хэмээн хүмүүн бүхэн сэтгэлийг номтгон явбаас зохилтойг утга төгөлдөр, яруу тунгалаг өгүүлсэн бөлгөө.

Муу үг ганц боловч зуны цаг боловч сэтгэлд хүйтэн

Сайн үг ганцыг хэлэхэд өвлийн цаг боловч сэтгэлд дулаан ….  гэхчлэн сонгодгоор бичиглэн суусан нь бахархалтай.

Олон хийд дуган байсны дотор Олон хүрээ  буюу Дэчинчойнхорлон хэмээх 2000 ламтай 10 гаруй дацантай эрдэмтэй олон ламтай хийд байсан нь энэ нутгаас оюунлаг хүмүүс олон  гарсны эхлэл болсон биз ээ.

Оюуны гэгээ цацарсан энэ нутгийн энгийн ард нь ч эрдэмтэй байсан. Үүний нэг жишээ нь гуравдугаар багийн малчин Цэгмид хэдэн азарга адуун дундаас өөрийн ганц чөдрийн морины  мөрийг ялган харж хөөсөөр олж байсан нь домог мэт.

Хоовой лам хэмээн нутаг усандаа төдийгүй улсдаа нэртэй буурай залуудаа хонио айлын сүрэгт нийлүүлж нэг ямаан дээрээс зарга үүсгэжээ.

Тэрээр ямааг нь өгөх шинжгүй болохоор явахдаа нэг ширхэг үсийг нь аваад манай ямаа мөн бол өөрөө очих байх гээд явтал удалгүй араас нь даган майлж гүйсээр ижил сүрэгтээ хүрсэн гэдэг.

Мөн нутагтаа баян Зул, бүдүүн Зул хэмээн алдаршсан хөгшин ирсэн хүн бүхний  тоогоор мөнгөн аяга гарган цай дүүргэн барьж цэц мэргэн үгээр хүмүүсийг баясгадаг байжээ.

Тэднийх  олон хүүхэдтэй айл байсан юм. Нэг удаа албаны хүн очтол хүүхдүүд нь гэртээ ирээгүй байж. Тиймээс танай жаалууд хаачаав гэхэд “Дээвэрээ даахтайг нь цэрэгт аваад, дээлээ даахтайг нь сургууль аваад, тэрлэгээ оёдогийг нь харчуул аваад явчихлаа” гээд сууж байсан гэдэг.

Тус сумын нутагт Баарин, их бага догшин, Боржигон, Булд, Гахан,  Дууган,  Харчин,  Их номгон  мөн ноён гэгээний шавь Дагина авай ижийн  отго  амьдарч байжээ. Чингис хааны нэртэй холбоотой түүх дурсгалын газар тус нутагт цөөнгүй байдаг.

Чингисийн гурван чулуу, Чингисийн морины уяа, Чингисийн морины тоос гэхчилэн нэртэй газар байдаг. Мөн Чингисийн хоёр загал морь ирж идээшлэн байсан газрыг Загал буурал хэмээн нэр өгсөн домог ч байна.

Улмаар Гүрших ноёны өргөөг Сайхандулаан сумын нутагт байсан гэдэг домог яриа байдаг. Гүрших ноён нь  Автай сайн хааны садан төрөл Чингис хааны удмын хүн байжээ.

Сайхандулаан сумын нутаг эрднэсийн авдар мэт ховор нандин баялагтай  төдийгүй түүнийгээ нутгийн ардууд  хайрлан хамгаалсаар өдийг хүрчээ. Нэгэн жишээ дурдахад Жавхлант хэмээн уулын хавьд Хятадууд олборлолт хийж байхад нь нутгийнхан очиж мал адил хөгнөж шийтгэсэн гэдэг түүнээс хойш тэр уулыг Хөгнө Жавхлант гэж нэрлэсээр өдийг хүрчээ.

Шүтэж тахидаг олон хайрхан байдгаас дэргэд нь нэрийг нь хэлдэггүй дэргэдүүр нь явж өнгөрөхдөө ноён гэгээн хүртэл сүйх тэргэнийхээ хөшгийг хаан өнгөрч байсан түүхтэй догшин хайрхантай тиймээс ч газар нутгийг нь сэндлэн их ухаваас цээртэй хэмээн зарим  хүмүүс ярьдаг.

Ертөнцтөй танилцсан эхний хуудсыг эргэн сөхөвөөс Сайхандулаан сумын нутаг  нүдэнд тодорно. Тэнгэрийн хаяаг хараад үүний цаана юу байгаа бол бас гишгэж яваа энэ газрын доор төгсгөл гэж байгаа л байхдаа хэмээн бодож зөөлөн газрыг ахиухан ухаад харчих санаатай оролдож байсан минь саяхан.

Зэлэн дээр татсан солонгыг баригдахгүй болохоор гэнэдүүлж байгаад барьж авах санаатай гэнэт гэнэт уахасхийн  зөндөөн гүйгээд  ч баригдахгүй болохоор надад уурга хийгээд өг гэж  уйлж байсан минь саяхаан.

Санаснаа авч сарвайсандаа хүрдэг эрх амьтанд хээр талын минь газар шороо  хүртэл хэршүүжүүлж байж дээ.  Ёстой л “Үүлэн дээр суугаад тэнгэрээр аялж үдээс өмнөдөө багтаад дэлхийг тойрох санаатай”  хүүхэд насны цагаахан өдрүүдийг  тэр л нутагт элээсэнсэн.

Юугаа ч харамладаггүй өвөө маань чулуун тоглоомоо аваад нүүнэ гэх хүслийг тас хорьж, болохгүй гэдэг үгийг анх удаа хатуухан хэлж  билээ. Авдрандаа нандигнааагүй ч тал хээрээр нэг таарах чулуудын байрыг нь солихгүйн учрыг тэр үед яахан ухаарлаа.

Төгрөгийн хэцэд өрж тавиад орхисон олон ч тоглоом бий дээ. Би өндөр өвөө жаахан өвөө гээд хоёр өвөөтөй байсан юм. Өндөр өвөө дандаа үлгэр ярьж өгнө харин жижиг Дансран өвөө түвд ном уншина.

Ном уншдаг өвөө маань:  Өвөө нь нэг л өдөр  холоо явчихна тэгэхээр уйлж болохгүй шүү. Хэрэв уйлвал чиний нулимс далай болж тээглээд намайг зовооно гэдэг байж билээ.

Хагацалд хатуужилтай байхын мэргэн ухааныг л номлож байсныг дараа нь ойлгосонсон. Харин ээж бол  миний утга зохиолд орох замын хөтөч.  Бичиг үсэг мэдэхгүй байхад  Ц.Дамдинсүрэнгийн “ Буурал ээж”,  Ч.Лхамсүрэнгийн “ Хүрэн морь” зэрэг найраглалыг надад цээжлүүлдэг байсан.

Аав болохоор хонины морь мэт намайг үүрч явна. Цээжилсэн шүлэг найраглалыг  асууж шалгана. Эрдэмтэй л хүн болоорой гэж их захина даа.

Манайх их олон номтойгоос гадна “Эх орон-52” гэдэг том радиотай  байсан.  Н. Үржинхандын уншдаг таван хошуу малын магтаалыг радиогоор сонссоор байгаад бүгдийг цээжлэн айлдаа орж уншиж өгөөд чихэр авдаг. Чихрээ дуусахаар дахиад унших уу гэж гуйдаг байснаа санаж байна.

Манай өвөө Ө.Сайнхүү Социалист хөдөлмөрийн анхны бригад байгуулж мөн  гэрээрээ бичиг үсэгт тайлагдсан учраас сонин уншлагыг гэртээ хийдэг байсан юм гэнэ билээ.

Тиймээс ч олон номтой түүний дотор  миний анхаарлыг татдаг байсан зүйл  гэвэл алтлаг боронзоор төрийн сүлдийг товойлгосон том   улаан  хавтастай  2 хүндэт жуух бичиг байдагсан. Түүний сүлдийг ухаж авна хэмээн дураар загнаж байснаа санадаг юм.

Том өвөө маань дандаа л төрийн минь сүлд өршөө гэж залбирна. Харин жижиг өвөө бурхан өршөө гэнэ.

Эх орны минь нэгэн эхлэл Сайхандулаан сумын нутаг дахь Төгрөгийн хэц, Чулуунхороотоор нутагладаг бор гэрийн дотроос ингэж л  орчлонг таньж ядан эхэлж байлаа.  Манай нутаг чинь бас алдарт бөх төрүүлсэн орон шүү. Бүрхэг хэмээн алдаршсан  Г.Намжилваанчиг.

Тэрээр 1929 оны улсын наадамд 7 давж  23 насандаа шууд арслан цолыг авч 1932 онд 8 давж улсын арслан цол авч байжээ. Энэ хүний дараа “Суран ташуур” гэж олноо  алдаршсан хурц шаламгай дайчин барилдаантай улсын заан Сүрэнжав, аймагтаа 13 түрүүлсэн Рэнцэндорж гэж бөхчүүд тодрон гарчээ.

Манай өвөө заалны барилдаанд  алдарт Дамдин аварга, Мөөеөө аварга нарыг нэг нэг давсан удаатай хэмээн түүний ач хүү Бямбарэнчин ярьж байсан юм.  Мөн Янт хайрханы Гавал дархан, уран зураач Намбарал, алт мөнгө модоор ур бүтээдэг Төмөр, Авид Лувсанбалдан гэхчилэн олон урчууд байжээ.

Хамгийн сүүлд гэхэд  хүний их эмч Д.Банди 1972 оноос хойш 80 гаруй морин хуур урлаж мэргэжлийн байгууллагуудад үнэлэгдсэн юм.  Цааш үргэлжлүүлвэл олон авяаслаг алдартнууд бий гэдгийг тэмдэглэн түр завсарлая.

Нутаг усныхаа түүх соёл төрөн гарсан алдартнуудыг хойд үедээ  таниулан үлдээхээр Сайхандулаан сумын уугуул  иргэн түүхийн ухааны доктор Ж:Ухнаа олон ном бүтээж хойч үедээ номын цагаан буян үйлдэж байна.

Түүний сүүлийн гаргасан номнуудыг  Сайхандулаан сумын нутгийн зөвлөлийн дарга улсын Татварын Ерөнхий  газрын дэд дарга Ж.Батбаяр, тус сумын уугуул иргэн хүний их эмч Цогт очирын хүү “Сод монгол” группын захирал  Анандбазар ивээн тэтгэн хэвлүүлсэн байна.

Ц.Анадбазар, Ж.Батбаяр болон бидний сайн таних УИХ-ын гишүүн байсан Д.Туяа нар нутаг усныхаа өсөлт хөгжилтөд багаггүй анхааран ажиллаж байгаад нутгийн иргэд бахдан суудаг билээ.

Цанид ловон Шагдар , Цэцэн Сандаг нар шүлгээн бичиж үзэмж төгөлдөр нутгийнхаа сайханд хөглөгдөн явсан газар шороон дээр ахмад зохиолч Жигмэддорж агсан, Боржигон  нар үргэлжлүүлэн бүтээлээ туурвисан  төдийгүй “Сараар илбүүлээд дуулаагүй салхиар зодуулаад ч уйлаагүй нулмис унаган зүүдэлдэг нутгийн минь чулуу хөөрхий“ хэмээн шүлгэлсэн Алтанширээ сумын харьяат Төрийн шагналт зохиолч Догмид ч энэ нутагт багшилж байхдаа зохиол бүтээлийнхээ гарааг  эхэлсэн түүхтэй.  Нутагт минь энэ жил урт сайхан намар болж байгаа.

Хэзээний танил хүн шиг угтаж хэдэн үеийн домог хүүрнэх мэт  тал хөндий ухаа толгод уул усандаа очих бүрий улам л сэтгэл уясдаг.

Шаазангийн хэлтэрхийд элс утган барьж эзэгтэй болон эрхэлсэн шаргал тал минь, ирж яваа он цагт дайгдсан ирээдүйн олон эздээ хүлээж байна. “Эрт үеэсээ  бид бүтнээр нь хүлээж авсан ирээдүй үедээ бүтнээр нь хүлээлэгэн өгнөө “ хэмээх үгийг өргөл болгомоор байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button