“Ногоон Дорноговь” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тохиолдуулан аймгийн ИТХ-аар баталсан “Ногоон Дорноговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутагт мод тарих, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажил эхэллээ.
Мод тарих уламжлалт өдрөөр Улаанбаатараас мод үржүүлгийн мэргэжлийн компанийг урин оролцуулж аж ахуйн нэгж, байгууллага модоо хэрхэн тарих, талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн бол аж ахуй нэгжүүдэд тодорхой хэмжээний мод өгч, иргэдийг мод худалдан авах боломжоор хангаж ажилласан байна. Мөн мод суулгац нийлүүлэх, Сайншанд сумын нийтийн эзэмшил газарт мод тарих, газрын байршил, усалгаа, арчилгааг хуваарийн дагуу чанартай гүйцэтгэхэд анхаарлаа хандуулж ажиллах талаар албаныхан мэдээлэв.
“Ногоон Дорноговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Сайншанд-60” бүтээлч ажлын хүрээнд энэ удаа Сайншанд суманд таван мянга гаруй мод тариалахаар төлөвлөжээ. Аяны нээлтэд аймгийн Засаг дарга О.Батжаргал, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Түвшинтөр болон холбогдох албаныхан, иргэд аж аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.