Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ бага хувиар тогтмол өсжээ
Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ бага хувиар тогтмол өсжээ
Дорноговь аймагт бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдол үүсч буй шалтгаан, нөхцөлийг тогтоох судалгааны ажлыг аймгийн ЗДТГ-ын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Статистикийн хэлтэс, сумын ЗДТГ-ын алба хаагчид хийжээ.
Албаныхан Сайншанд сумын 34, 13 сумын 52, нийт 86 худалдаа, үйлчилгээний цэгийг судалгаанд хамруулж нийт 119 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийг 2021 оны 01 дүгээр сар болон 05 дугаар сартай, зарим стратегийн хүнсний бүтээгдэхүүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулсан байна.
Албаны мэдээллээс харахад хэрэглээний үнийн индекс өмнөх сартай харьцуулахад 1.2 хувиар өссөн, өмнөх онтой харьцуулахад 2.7 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Хэрэглээний үнийн индексийг сүүлийн дөрвөн жилээр авч үзэхэд 0.9-4.1 хувийн өсөлт жил бүр ажиглагдаж байгаа аж. Энэ нь бараа, бүтээгдэхүүний үнэ тогтмол бага хувийн өсөлттэй байгааг харуулж байгаа аж.
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн шалтгаан нь тээврийн зардал нэмэгдсэн, барааны нийлүүлэлт хийх эргэлтийн хугацаа нэмэгдсэн, үйлдвэрлэгчийн үнэ өссөн, улирлын шинжтэй нийлүүлэлтийн хомсдолоос үүдэлтэй гэж үзжээ.
Харин аймгийн хэмжээнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй байна. Цаашид бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагаа татан авалтыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хэвийн болгох, орон нутагт Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын ажилтныг яаралтай томилон ажиллуулах, иргэд, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зохиомлоор бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх шаардлагатайг албаныхан онцлов.