НийтлэлОнцлох мэдээ

Мэнэнгийн шар талд …

Аян замын тэмдэглэл-1

Ургах нартай хамт уралдаж нийслэлээс хөдөлсөн бид үдшийн наран шингэх үед Дорнод аймгийн төв Чойбалсан хотод дөрөө мулталлаа. Буйр нуурт болох “Бид эх дэлхийн сэтгүүлчид” уриатай орон нутгийн сэтгүүлчдийн форумд оролцохоор яваа сэтгүүлчдийг МСНЭ-ийн Дорнод аймаг дахь салбарын дарга Д.Дэлгэрмаа багийнхаа гишүүдийн хамт ерөөлийн цэнхэр хадаг дэлгэн мөнгөн аягатай  сүүгээ барьж угтсан юм. Удалгүй Дорнод аймгийн Засаг даргын хүлээн авалтад уригдаж зоог барьснаар бид аян замын алжаалаа тайлж амарлаа.

Баг хамт олныг ахалж яваа удирдлагуудын зохицуулснаар ихэнх сэтгүүлч өглөө эртлэн Буйр нуурыг зорьсон бол бидний нөхөд аймгийн удирдлагуудтай уулзалтад оролцож араас нь хөдлөхөөр болов. Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон албаны хүмүүс биднийг хүлээн авч уулзаж аймаг орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцаж сэтгүүлчид сонирхсон асуултаа асууж амжлаа.   Газар нутгийнхаа тоогоор улсдаа эхний тавд  ордог тус аймаг 84 мянган  хүн амтай,барга, үзэмчин, буриад халх ястнууд оршин суудаг нэг захаасаа нөгөө зах хүртэл 20 гаруй км сунаж тогтсон, Хэрлэн голынхоо эрэг дагуу хот төлөвлөлт нь хийгдсэн, хөл хөдөлгөөн ихтэй, хөгжил дэвшил өрнөсөн сайхан нутаг байна аа.

Орчны тохижилт, гэрэлтүүлэг сайтай, буудал үйлчилгээний газрууд олонтой,  хөгжлийн гарц нь уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалд тулгуурласан аж. Мэдээж тус аймгийн хамгийн чухал асуудал бол газрын тосны олборлолт явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай  “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаа юм.  Цаг давчуу тул уулзалт өндөрлөж бид цааш аяллаа үргэлжлүүллээ. Бидний аяллын тав тухыг хангаж машинаар үйлчилсэн залуу бол Дорнод аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв ажиллуулж, бие хамгаалах урлагаар хичээллэхийн сацуу хажуугаар нь сэтгүүл зүйн салбарт  ажилладаг П.Болдсайхан гэдэг залуу байлаа.

Бид эртний танилууд юм. Түүний төмөр хүлэгт үйлчилгээний гавьяат ажилтан, “Дундговийн амьдрал” сонины эрхлэгч, ахмад сэтгүүлч  С.Пүрэвсүрэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч, ахмад сэтгүүлч П.Санаадагва, Хэнтий аймгийн салбар зөвлөлийн тэргүүн С.Ган-Эрдэнэ, Төв аймгийн салбарын тэргүүн Г.Ууганбаатар, Сүхбаатар аймгийн салбарын тэргүүн Б.Батбаатар, Баян-Өлгий аймгийн салбарын тэргүүн Б.Еркинбек нар сууж нэг баг болон урт аялалд нэгдэв. Алдарт Мэнэнгийн шар талыг туулж Буйр нуур хүрэх зам даруй 320 гаруй км үргэлжилнэ.

Тал дүүргэн тонгочих талын цагаан зээрийг харах гэж яарав

Чойбалсан хотоос гарч хэсэг яваад л Мэнэнгийн шар талын зах руу орлоо. Учир юун гэвээс  Мэнэнгийн шар талд би хоёр дахиа хөл тавьж байна. Хорь гаруй, хонгор зүстэй насны минь нэгэн  дурсамж дурдатгал нүдний өмнө тодроод ирлээ. Хаа нэгтэй явахад хүний сэтгэл зүрхэнд гүн гүнзгий ул мөр үлдээсэн газар байдаг даа. Дорнод Монголын уудам хязгаар Мэнэнгийн шар тал бол өчүүхэн миний зүрхэнд  залуу насны  од хийморийг цогцлоож, баяр догдлол, уйтгар гуниг  аль алиныг үлдээчихсэн өргөн уудам нутаг билээ. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх их усан далай мэт өвс ногоо халиурсан өргөн уудам талд алсын барааг саравчлан давхиж явах юутай сайхан билээ.

Эндээс би тал дүүрэн тонгочих талын цагаан зээрийн сүргийг харах гэж яаран яаран саравчлав. Бараа байдаггүй ээ. Хамт яваа нөхдөөсөө асуулаа. Жишэм ч үгүй тоох янз алга. Газар хөдлөм мэт нүүдэллэх зээрийн сүргийг  харж  дуран авайдаа буулгах хүсэл минь талаар боллоо. Зээрийн сүргээс холуур өнгөрсөн бололтой. Эргээд бодоход гашуун дурсамж ч байж мэдэх сэтгэл сэмрээсэн  үйл явдал сэтгэлд тодхон.

Өнгөрсөн зууны ерээд оны сүүлчээр цэргийн албанд татагдсан би Улаанбаатар хотод хилийн цэргийн … дугаар ангид алба хаахаар ирж тангараг өргөөд аж ахуйн ажилд дайчлагдсан юм. Тэр жил ангийн шийдвэрээр намар орой болтол Хандгайтад уулын мод унагаж тэвш тэвшээр хот руу мод оруулан байтал ангиас биднийг гэнэт татав. Ингээд идэр есийн жавар эхэлсэн арван хоёрдугаар сарын эхээр Дорнодын тал нутгийг зорилоо.

Зээр агнаж цэргийн анги салбарыг зээрийн махаар хангах  төр засгийн их ажилд дайчлагдсан нь энэ. Багануураас гараад Хэнтийн Цэнхэр мандал сум хүрэх замд цэргийн алба хаагчдыг тээвэрлэж явсан машин осолдож олон залуу бэртэж гэмтсэн нь сэтгэлийн гүнд эмзэглэл, хөндүүр төрүүлсэн үйл явдал болсон билээ.

Тэнд ч цэрэг ёолж, энд ч  ачиж явсан бараа таваар тал тал тийшээ таран унаж дайны хөлд сүйрээ юу гэлтэй юм бүхэн ундуй сундуй болсон тийм л дүр зураг санаанд бууна. Хүнд гэмтэл авсан зарим цэргийг хойш нь татаж бусад нь Дорнод руу явсан юм. Ингээд бидний цэргүүд Мэнэнгийн шар талд ирж хөхөө өвлийн хүйтэнд майханд  нэг сарын турш байрлав. Хавиргын Застав, Хайлаарын боомт хүртэл явсан санагдана. Түргэн буу агссан хоёр цэрэг машины тэвшний урд хэсэгт зогсож урт төмөр барьсан хоёр цэрэг машины тэвшний хойно сууж өглөө өдөргүй зээрийн хойноос ангуучилна.

Шөнө гэрэл тусгана.  Буутай цэрэг зээрийг дутуу буудвал төмөрөөр цохиж алаад тэвш рүү ачих үүрэгтэй. Сүүлд сонсох нь ээ цэргүүд бараг 3500 орчим зээр агнасан байлаа. Бүр агнасан  зээрийн сүргээр байшин босгож нуугдаж тоглож байсан юм. Олон жилийн дараа сэтгүүлчийн ажил хийж явахдаа манай нэрт сэтгүүлч Жамбалын Гангаа агсаны “Балдорж” шагналт бүтээл “Хялганат талын цагаан зээр хар цээр биш ээ” нийтлэлийг уншаад  ёстой өр өмрөх шиг болж билээ.

Ёстой тал нутаг уйлж байсан байх аа. Тушаал авсан цэрэг учир өөр яалтай ч билээ гэж өөрийгөө болон мөр зэрэгцэн явсан олон олон эрчүүдээ цагаатгахаас. Үүнээс хойш би тал нутгийн сүр сүлд, байгалийн үзэсгэлэн болсон зээр гээч амьтныг хайрлах болов. Хэд хэдэн ч удаа зээрийн талаар мэдээ сурвалжилга бэлтгэв. Мэнэнгийн шар тал буюу Хялганат талыг гоёдог ганц амьтны төлөө чадахаа хийх гэгээн бодолд дарагдан явлаа.

Аяны замд…

Ийн дурсамж эргүүлэн бодол болон явтал машины кабинд хамт явж байсан Санаадагва ах “За энэ удаагийн экважид санаа сэтгэл нийлсэн сайхан дүү нартай дөрөө нийлж Мэнэнгийн талыг туулах боллоо. Ах нь аяны ганц юмаа гаргая дүү нар хундагал” гэв. Ахын үгийг ёсоор болгож нэг шил цагаан юмыг задалж тойрууллаа.

Пүүжээ, Санаа гэх хоёр гавьяат ах бол хаана ч явсан ихэр юм шиг ижилсэж, ижил юм шиг биедээ дассан орчлонгийн сонин хачныг элдэв хээ маяггүй хөврүүлэнхэн байдаг орон нутгийн сэтгүүлчдийн охь дээд нь, бидний үлгэр жишээ болсон хүмүүс билээ.Тээр жил Дундговьд нэгэн уулзалт зөвлөгөөний дундуур Пүүжээ ахынд зочлоход хөгшин нь том том бууж жигнэж махаар дайлав.

Харин Пүүжээ ах шилэн тавиур дээр байсан охь шилтэйг задалж инээд алдан “Богино чөлөөтэй яваа хүмүүс болж өгвөл их ажил амжуулна аа” хэмээн хошигнож их ажил амжуулахын төлөө ерөөж билээ. Пүүжээ ах тэргүүнээ үл ялиг урагшлуулж нүдний шилнийхээ дээгүүр хараад эхэлбэл ямар нэгэн хошин шог санаа олж, тэрнийгээ хэлэхээр зэхсэн нь яг таг мэдрэгдэнэ. Нуг нуг инээгээд л эхэлнэ дээ. Эрчүүд нэгнийгээ явуулах энүүхэнд. Бидний яриа гэнэт л Чингэс хааны түүх, байлдан дагуулал сэдэв рүү хальчихав.

“Заг байдрагийн Хүрэн бэлчир гэж манай Баянхонгорын Заг сумын нутагт сайхан газар бий. Чингэс хааны маань их хуралдай хийж, хонож нутаглаж улс орноо түвшитгэх их ажилд биеэ чилээж явсан газар даа” гэж Санаа ахыг хэлтэл урд суудалд  сууж явсан Пүүжээ ах эргэн харж духаа урагшлуулж нүднийхээ  шилний дээгүүр харангаа “Санаадагвыг өчигдөр Дорнодын төвд хаана хэнтэй хоносныг мэдэхгүй байж Чингэс хааныг бүхэл бүтэн найман зуун жилийн тэртээ Хүрэн бэлчирт хоносныг хэн мэдэх юм бэ” гэж хошигнов. Болоогүй ээ, Санаа ах хариугаа авах гэж “Дундговийн дугуй цагаан нэртэй манай Пүүжээг засаг төр хүүхэнд сайн болохоор нь Хэнтийд явуулсан юм” хэмээн хариу барилаа.Санаа ах аяны замд

“Дорнодод би очино оо” хэмээн шүлэг өргөв.

Дорнын буурал талд наран мандахыг харах гэж би очино

 Домогт баатруудын хөшөөг бишрэх гэж би очино, Дорнодод би очноо

 Дайны утаа үнэртэж, цайны дээж асгарсан Домогт халх гол, хайлааст манхан, хамар даваа, тамсаг булаг , Матадад адислах гэж очно, Дорнодод би очно.

 Мэнэнгийн шаргал талд зээрийн сүрэг хуйлрахыг харах гэж би очно

Мэргэжил нэгт нөхөдтэйгээ бодит үнэнг бичих л гэж би очно, Дорнодод би очноо

Шандаст хурдан хүлгийнх нь шаргал тоосонд өртөж

Шануй угшлын хурдын ган дөрвөн туурайнаас гал улаан тоос манаргахыг үзэх гэж би очно, Дорнодод би очно

 Цэнхэр дурдан алчуур намирахыг харах гэж би очно

 Цэргийн хуарангийн бүсгүйтэй танилцах л гэж очно, Дорнодод би очно

 Салхи исгэрсэн талаар нь давхих гэж би очно

 Салбарын дарга Дээгийгээ үнсэх л гэж би очно, Дорнодод би очино оо

Хуучны танил Бадарч, Туяа, Чинболд, Оюунгэрэлдээ зочилж би очино

Харийн дайсныг номхтгосон баатар эрсийн хөшөөнд цэцэг өргөх гэж би очно,

 Дорнодод би очно

 Орон нутгийн форумдаа оролцох гэж би очно

 Олон олон нөхөдтэй танилцах гэж би очно, Дорнодод би очино оо

 Домогт Хэрлэн, Буйрын цэнхэр мандлаас тэргүүнээ норгох гэж би очино

Буриад зоны нутгаар дуулан аяланхан очино, Дорнодод би очно

 Дорнод нутгийн сайханд уусан уяраад үдэлнэ

 Дорнын цагаан саран дор дуулан дуулаад хононо

 Домогт эрсийн түүхэнд нулимс унагаад уярна

Дайнгүй энх цагт морилон саатаад буцна

 Дорнодоос би буцлаа хэмээн утга найргийн сэржим өргөв өө.  Харин Хэнтийн Ган-Эрдэнэ

“Мэнэнгийн тал сүүн цагаан замтай

Тэр л замаар бурхад зорчдог оо

Мэнэнгийн тал сүмийн хөх өвстэй

Тэр өвс нь солонгын шүүдэртэй

Мэнэнгийн тал бөөн цагаан үүлтэй

Тэр л газар  Бүжин жороолдог

Зээрийн сүрэгтэй Мэнэнгийн тал

Миний зүрхний тал аа

Мөнхөд үргэлжлэх Монголын хийморь тал аа” хэмээн шүлэглэв. Удалгүй

Баян-Өлгий аймгийн  сэтгүүлч Еркинбек

“Цаст алтай нутгаас

Цагаан цайлган сэтгэлээрээ

Мэнэнгийн тал нутгаар явсан минь

Цаасан дээр түүх болон үлдэнэ” хэмээн мөртүүд хөврүүллээ.

Дорноговийн уугуул, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Догмид ахайтны хэлдгээр оосор бүчгүй орчлонгийн зах хязгааргүй талыг туулж яваа бидэнд Мэнэнгийн тал бол ёстой л эр хүний тэвчээр шалгах,  эмээлт морины шандас сорих тийм л их тал гэж  хэлмээр санагдлаа.

Энд хэчнээн эрчүүд ялалтын уухайг дуулан Дорнодын хязгаар руу дөтөлж, хэчнээн аянчин будилан төөрч, хэчнээн жолоочийн дугуй хагарч, хэчнээн хүн дурсамжаа үлдээснийг хэн мэдэх билээ. Ямар сайндаа л  хааяа нэг зогсохдоо Мэнэнгийн тал шувтарч байна уу гэхэд жолооч болоогүй ээ л гэх. Яасан дуусдаггүй тал вэ гэх сонирхолтой яриан дундаас өглөө ч Мэнэнгийн тал, өдөр ч Мэнэнгийн тал, орой ч Мэнэнгийн тал хэмээх хошигнол төрсөн билээ.

Гэтэл төрийн шагналт зохиолч, яруу найрагч Долгорын Нямаа агсан Мэнэнгийн талыг ийн шүлэглэсэн байдаг.

Явж байгаад асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Явж явж асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Үдэш болоход асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Үүр цайхад асуулаа, Мэнэнгийн тал гэнэ хэмээн энэ их талын онцлог сайхныг их найрагч цөөхөн мөртөд  гайхалтай багтаажээ.

Дорнодын уудам нутаг цуутай Мэнэнгийн талаар хоёр дахиа дэргүүлж урьдын дурсамжаа сэргээж бас нэгэн дурсамж хөглөв. Нэгэн баг болж уудам талаар аялсан бид гавьяат ахын ерөөлтэй хундага шиг сэтгэл тэнүүн, эрч хүч дүүрэн явсаар Мэнэнгийн талыг үдэж нар гудайх үдшийн цагаар их усан долгилсон талын сувд Буйр нуурт хүрлээ.

 Ай даа, Мэнэнгийн шар тал аа гэж. Эрчүүдийн тэвчээрийг шалгаж, эрэмгий хурдан хүлгүүдийн шандасыг сорьдог, тал нутгийн зээр нь уран гоо бүжсэн, их ялалтын цуурайг тал бүрт хүргэсэн дүүрэн буянтай уудам тал гэж дотроо би сүсэглэв. Мэнэнгийн тал гэж өргөн уудам тал нутгийг хэлдэг буй за.

Мэнэнгийн шар талд ирэх бүрт зээр, зэрэглээ хоёр нь мөнхөд бүжиглэж олон олон дурсамжийн салхи дахин дахин сэвэлзэх биз ээ.

Үргэлжлэл бий.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button