Ачаа тээврийн үнийг зохиомлоор өсгөсөн тохиолдолд хариуцлага тооцохыг анхааруулжээ
“Ковид-19” цар тахлаас үүдэж БНХАУ хилээ хааснаар олон тооны чингэлэг ачаа урд хөршид бөөгнөрөөд байгаа билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны 27 дугаар тогтоолоор улсын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүсэд тусгай горим тогтоож хилийн 0 цэгээс Замын-Үүд хүртэлх ачаа тээвэрлэлтийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэгч компаниуд, иргэн аж ахуй нэгжүүд тухайн ачааг тээвэрлэхдээ үгсэн хуйвалдах, хэт өндөр үнээр тээвэрлэж буй талаар иргэдээс санал хүсэлт, шүүмжлэл ирж байгаа аж.
Тиймээс Замын-Үүдээс Улаанбаатар хот бусад аймаг руу ачаа тээвэрлэхдээ иргэн аж ахуй нэгж тээврийн үнийг бодит зардалд тулгуурлан тогтоох, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэт өндөр үнэ тогтоохгүй байх, ачаа тээврийн үнийг тээвэр гүйцэтгэгч нар хоорондоо үгсэн тохирч тогтоохгүй байхыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шаардаж буй албан бичгийг Замын-Үүдэд ачаа тээвэр эрхлэгч компани, иргэдэд хүргүүлжээ.
Хэрэв ачаа тээврийн үнийг зохиомлоор өсгөсөн тохиолдолд Зөрчлийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохыг анхааруулжээ.