Аймгийн ИТХ-ын даргаар Найдангийн Алдарбаярыг сонгов
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар аравдугаар сарын 11-нд болсон орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгийн мэдээлэл хийж хурлын дэгийг батлах, төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нарыг сонгогдсонд тооцсон тухай шийдвэр, аймгийн ИТХ-ын даргыг сонгох, аймгийн Засаг даргыг томилуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аймгийн ИТХ-ын даргаар Замын-Үүд сумын I, II баг буюу тавдугаар тойргоос нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон Найдангийн Алдарбаярыг сонгов. Тэрээр өмнөх найман жилд Замын-Үүд сумын Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан.
Харин аймгийн Засаг даргад Сайншанд сумын II баг буюу 11 дүгээр тойргоос нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон Очирпүрэвийн Батжаргалын нэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэв. Тэрээр өмнөх дөрвөн жилд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм.