Зуу хоногт хийсэн ажлаа олон нийтэд хүргэв
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн 100 хоногийн ажлын тайлангаа олон нийтэд хүргэлээ.
Энэ хугацаанд Засаг даргын ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Хөгжлийн төлөө хамтдаа-2” мөрийн хөтөлбөр, аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг аймгийн ИТХ-аар тус тус хэлэлцүүлэн хэлэлцүүлэн баталсан байна.
Мөн УИХ-аар баталсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн Засаг даргын тухайн жилийн ажлын төлөвлөгөөг боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн асуудлыг багтаасан зургаан бүлэг 200 гаруй асуудлыг тусгаж шийдвэрлэхээр баталжээ. Зуун хоногт хэрэгжүүлсэн ажлаас онцолж тоймлон хүргэе.
Хөрөнгө оруулалт
Дорноговь аймагт 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээний төлөлөгөөг боловсруулж аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн орон нутгийн төсөв Орон нутгийг хөгжүүлэх сан, Замын сангийн хөрөнгөөр 46 төсөл арга хэмжээг 20 гаруй тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр батлуулжээ.
2021 оныг “БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлав
“Ковид-19” цар тахлын үеэр орон нутгийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож ашиг орлого нь буурсан байгаа энэ үед зах зээлийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах зорилт тавьсан байна.
Тухайлбал орон нутагт өрнөж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудад орон нутгийн бизнес эрхлэгчдийг оролцуулах, бизнес хөгжлийн чиглэлээр сургалт сурталчилгаа, чадавхжуулах сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимын Дорноговь аймгийн салбартай хамтран ажиллах санамж бичиг байгуулан, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, хөрш орнууд болон Улаанбаатар хотын бизнес эрхлэгчидтэй холбох, хамтран ажиллах боломжийг буй болгох юм.
Газрын тосны үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлнэ
Тус аймгийн Алтанширээс сумын нутагт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай, дэд бүтэц барих гүйцэтгэгч “JMC Projects India” компанийн төлөөллийг хүлээн авч уулзав.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд орон нутгаас хариуцан ажиллах “Говь консалтинг менежмент” ОНӨААТҮГ-ийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 01 тогтоолоор байгуулж улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагааг эхэлсэн байна.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад орон нутгийн бизнес эрхлэгчтэй хамтран ажиллах болон ажиллах хүчин авч ажиллуулах талаар санамж бичигт тусгажээ.
Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар төлөвлөсөн газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажлын шав тавих ёслол тус сумын нутагт нэгдүгээр сарын 15-нд болсон.
Шав тавих ёслолд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх оролцсоносс гадна “Ковид-19” цар тахлын үед харилцаа, хамтын ажиллагаагаа хэрхэн хэвийн үргэлжлүүлэх, хөгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцсон байна.
Газрын тосны үйлдвэр барих ажил 2018 оноос эхэлсэн бөгөөд энэ хугацаанд дэд бүтцийн ажлууд болох Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн байршил хүртэлх 27 км төмөр зам, 17 км хүнд даацын авто зам, эрчим хүчний агаарын шугамыг барьж дуусгаад байна.
Эдүгээ үйлдвэрийн дараагийн ажил болох ган хоолойгоор цэвэр усны нөөц татах, үйлдвэрийн доторх зам, галын барилга, агуулах сав зэрэг барилга байгууламжийг барих ажил ийн эхэлж буй.
Уг төсөл БНЭУ-ын Засгийн газрын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байна.
Мал аж ахуйн өвөлжилтийн байдлыг дүгнэж хариу арга хэмжээ авав
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоолын дагуу аймгийн нөөцөд 324 тонн өвс, 77,5 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 380,6 тонн өвс, 55,2 тонн тэжээл, малчдын түвшинд 7996,0 тонн өвс, 1726,6 тонн тэжээл бэлтгэж, тогтоолын хэрэгжилтийг 80.3 хувьтай хангажээ.
-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 212 дугаар тогтоолоор тус аймагт 200 тонн өвсийг үнэ төлбөргүй, 200 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон ба өвөлжилтийн нөхцөл байдал, малчин өрхийн тооноос хамааруулан 14 суманд хуваарилан олгосон аж. Мөн өвөлжилт хүндэрсэн Өргөн, Эрдэнэ сумдад аймгийн аюулгүйн нөөцөөс 40 тн өвс, 15 тн тэжээлийг буцалтгүй тусламжаар олгосон байна.
Дорноговь аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий, Булган, Дорнод, нийт 10 аймгийн 443 өрхийн 1053 иргэн, 280,6 мянган толгой мал отроор өвөлжиж байгаатай холбогдуулан дээрх сумдад үүссэн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангуулах шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхээр 14 сумын Засаг даргатай Алтанширээ суманд уулзалт зохион байгуулсан.
-Аймгийн Засаг даргын 2020 оны А/580 дугаар захирамжаар “Гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед ашиглах аймаг, сум дундын отрын нөөц нутаг тогтоох” Ажлын хэсэг байгуулж, холбогдох хууль, журмын дагуу есөн сумын нутагт нийт 120000 га талбайд судалгаа хийсэн.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолоор Алтанширээ сумын 5510.48 га, Иххэт 31042.78 га, Мандах 13788.94 га, Сайхандулаан сумын 11662.079 га, Улаанбадрах сумын 7012.0 га, Хатанбулаг сумын 39970.0 га, нийт 6 сумын, 8 багийн нутагт орших 108986.3 га бэлчээрийн талбайг сум дундын отрын нөөц нутгаар тогтоож, орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ.
Энэ нь аймгийн нийт бэлчээрийн 1.2 хувийг хамарч байгаа ба цаашид сум дундын отрын нөөц нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, отор нүүдлийг эртнээс төлөвлөн зохион байгуулах бодлого барин ажиллаж байна.
“Ковид -19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд
-Дэлхий дахинд тархсан “Ковид-19”-ын халдварын тохиолдлыг илрүүлж, аймгийн хэмжээнд бэлэн байдлыг хангах, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулан ажилласны үр дүнд аймагт дотоодын халдвар тархаахгүй барьж чадсан ба эмч, эмнэлгийн ажилтнууд халдварт өртөөгүй байна.
Мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг хангах арга хэмжээг шуурхай, оновчтой зохион байгуулж нийт 130,0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.
-Аймгийн хэмжээнд шинжилгээний 17-20 цэгээр 40 гаруй эмч мэргэжилтэн ажиллаж, явуулын цэгүүдийг Замын-Үүд, Сайншандад ажиллуулж буй.
Сайншанд сумын гурван замын уулзварт 24 цагийн ажиллагаатай түр цэгийг ажиллуулан халдвартын голомттой бүс нутгаас ирж байгаа /ПГУ шинжилгээтэй/ иргэн бүрт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж давхар хяналт тавьснаар 2021 оны 01дүгээр сарын 29-ны өдрийн байдлаар сэжигтэй нэг тохиолдлыг илрүүлэн шинжилгээгээр баталгаажуулсан. Онош батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 21 хүнийг 100% шинжилгээнд хамруулан хяналтад авсан.
2020 оны 02 дугаар сарын 05-ны байдлаар нийт 64229 шинжилгээ хийсний 36910 хүнд PCR, 27319 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийгээд байна.
-Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт Молекул биологийн лаборатори ашиглалтад орж, PCR-ын шинжилгээ,шинэ коронавируст (Covid-19) халдварын оношилгоог орон нутагт оношилдог боллоо.
“Цар тахлын улмаас үүссэн хүндрэл, бэрхшээлийг даван туулах арга замыг тодорхойлох судалгаа”-г “Говийн Хөх Салхи” ТББ-тай хамтран “ВEST” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, судалгаанд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 100 гаруй төлөөллийг хамруулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ний “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 211 дүгээр тогтоолын дагуу аймгийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 30190 айл өрх, 1750 ААНБ-ыг цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр, бохир усны 958,2 сая төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулсан байна.
-Дэлхий нийтээр тархаж буй коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан орон нутгийн хүн амын хэрэгцээнд нийлүүлэх өргөн хэрэглээний жимс, хүнсний нарийн ногоо, импортын барааг БНХАУ-аас татан авах ажлыг зохион байгуулжээ.
Сайншанд, Замын-Үүд, Мандах, Иххэт, Хөвсгөл, Эрдэнэ, Өргөн сумын давхардсан тоогоор 124 худалдаа эрхлэгчийн захиалгын дагуу 54 нэр төрлийн нийт 80 орчим тонн жимс, хүнсний нарийн ногоог “Аривжих шанд” ХХК-ийн 20 тоннын даацтай хүнсний зориулалтын ачааны автомашинаар татан авч нийлүүлсэн байна.
-Малчдад байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, хүнс, хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор “Масс мессеж” үйлчилгээ “Мобиком” ХХК, “Скайтель” ХХК-тай гэрээ байгуулан хэрэгжүүлэв.
-“Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг 2020-2022 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх, Эрдэнэ, Хөвсгөл гурван суманд хэрэгжүүлж байна.
Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийлээ
Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн судалгааг амжилттай зохион байгуулсан. Орон нутгийн төсвөөс 15.0 сая төгрөгийг зарцуулж 2021-2026 онд аймгийн хэмжээнд нийт 8800 орчим ажлын байр бий болгох урьдчилсан судалгааг гаргалаа.
– Коронавирус /ковид-19/ цар тахлын үед сайн үйлсийн аяныг өрнүүлж аймгийн хэмжээнд нийт 3052 өрхөд 109.8 сая төгрөг тусламж дэмжлэг үзүүлсэн.
Дэлхий дахинд дэгдсэн цар тахлыг хамтдаа даван туулахын тулд “Сэтгэлийн хандив” аяныг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон харьяа байгууллагууд санаачлан зохион байгуулж эрүүл мэнд, боловсрол, спорт соёл урлаг, нийгмийн хамгааллын 76 байгууллагын 1900 гаруй албан хаагчид хандивын аянд нэгдэж голомтод ажиллаж буй мэргэжлийн байгууллагын 690 албан хаагчид, зорилтот 120 өрхөд хүнсний болон эд материалын дэмжлэг үзүүллээ.
“Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг
дээшлүүлэх тухай” албан даалгавар гаргалаа
Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдүүлэх зорилгоор “Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай” аймгийн Засаг дарга 01 тоот албан даалгавар гаргажээ.
Албан даалгадар нь авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэн бодит үр дүнд хүрэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой юм.
Төрийн үйлчилгээний цахим хэрэглээний хүртээмжийг нэмэгдүүлнэ
Аймгийн Засаг дарга “Төрийн үйлчилгээний цахим хэрэглээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай” захирамж гаргалаа.
Засгийн газрын нэгдсэн бодлоготой уялдуулан төрийн байгууллагын мэдээлэл болон үйлчилгээг цахим хэлбэрээр шуурхай авдаг тогтолцоог бүрдүүлж төрийн үйлчилгээний цахим хэрэглээг нэмэгдүүлэхээр төрийн бүх шатны байгууллагуудтай зорилго, зорилтын хүрээнд уулзалт зохион байгуулж үүрэгжүүлж ажилласан байна.
Гадаад харилцаа
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 23-нд Дорноговь аймаг болон Оросын Шинжлэх ухаан, соёлын төв хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд хоёр тал хамтран 2020 оны 11 дүгээр сарын 06-08-нд “Орос хэл, соёлын зүүн бүсийн арга хэмжээ”-г зохион байгуулав.
Мөн ерөнхий боловсролын хоёр дугаар сургууль болон АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуульд Орос хэл судлалын кабинетыг нээж 5200 долларын үнэ бүхий сурах бичиг, номыг гардуулсан.
Мөн зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сурагчдын дунд орос хэлний олимпиад, орос дуу, шүлгийн уралдаан, Монгол-Оросын найрамдалт харилцаа сэдэвт эсээ бичлэгийн уралдаануудыг тус тус зохион байгуулав.
Олимпиадад амжилттай оролцсон найман суралцагч Оросын Холбооны Улсын их дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнуулж, олимпиадад амжилттай оролцсон Орос хэлний багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.