БНХАУ хөдөө аж ахуйн салбараа бодлогоор дэмжиж байна
Томилолт
Саахалт айл нь хэдэн мал адгуулж, хаашаа нүүж, ямар бэлчээр эзэмшиж, хэрхэн аж төрж байгааг бид андахгүй мэддэг билээ. Үүн лугаа хөрш орнууд аль зүгт ямархуу бодлого чиглэл баримталж буйг анзаарч байх нь ч чухал байх.
Монголын сэтгүүлчдийн сурвалжлах баг энэ оны долдугаар сарын 08-наас 14-нийг хүртэл БНХАУ-ын Төрийн зөвлөлийн урилгаар Бээжин хот, Гансу, Юньнань мужийн чиглэлд хоёр хэсэг болон хуваагдаж тус улсын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа ажил, хөгжил дэвшилтэй танилцлаа. Сэтгүүлчдийн багийг Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Ш.Төмөрбаатар, МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Э.Болортулга нар ахалж явав.
Бидний эхний буудал Хятадын ХААЯ-ны Удирдлагын инситут болон хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Иллион ресурс” групп байлаа.
Сэтгүүлчдийг Хятадын Хөдөө аж ахуйн яамны нарийн бичгийн дарга Лю Лей хүлээн авч уулзсан. Хятадын ХААЯ нь тус улсын Төрийн зөвлөлийн харьяа 26 яамны нэг бөгөөд 2018 онд /хуучин ХААЯ/ болон Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо, Эдийн засгийн яам, Газрын эх баялгийн яам, Усны яамны хөдөө аж ахуйтай холбогдох хэсгийг нэгтгэж шинээр үүсгэн байгуулсан яам аж.
Хятадын Коммунист намын 19 дүгээр хурлаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тариачны амьдралыг сайжруулах, хот хөдөөгийн ялгааг арилгах, хөдөөгийн тосгоныг өөрчлөн хөгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, тариачдыг соёл боловсролтой болгох, интернет худалдааг хөгжүүлэх, орон сууцжуулах зэрэг асуудлыг хэлэлцэж хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх стратеги бодлого баталжээ.
Гэхдээ энэ бодлого зорилт нь тус улсын ядуурлыг бууруулах бодлоготой уялдаа холбоотой төдийгүй хүн амын ихэнх болсон тариачдын амьдрал руу чиглэсэн байна. Хөдөө аж ахуйн бодлогыг хэрэгжүүлснээр Хятадын ядуу өрх 2012 онд 98 сая байсан бол 2019 онд 18 сая болж буурсан гэх тоог албаныхан өглөө.
Мөн будаа тарианы үйлдвэрлэлийн хэмжээ 650 сая тонн хүрч мах, сүү, загасны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлсэн бол 280 сая гаруй хүн интернет худалдаанд холбогдсон талаар албаныхан ярьсан.
Хятадын хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогыг хүний гарыг хөнгөвчилсөн, шинэ технологид суурилсан бүтээмж өндөртэй салбар гэж хэлэхэд хэтийдэхгүй болов уу.
Гол аж ахуй болсон газар тариалангийн хөрс элэгдэж, шим тэжээл муудсан, мөн уламжлалт газар тариалан зардал ихтэй, хөдөлмөр шаардаж буй тул үүнийг шинэ техник технологиор хөнгөвчлөх, жилийн турш бага талбайд чанартай, экологийн цэвэр ургац хураан авах зорилт юун түрүүнд чухал болжээ.
Цөлжилтийг сааруулахад үндэсний томоохон компани дэмжлэг болж байна
“Иллион ресурс” групп үйл ажиллагаагаа танилцуулж байгаа нь
Элсэрхэг цөлийн бус нутгийг нөхөн сэргээх, тэнд төрөл бүрийн ургамал тариалах, үүгээр дамжуулж нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх Хятадын төрийн бодлогод тус улсын томоохон компани гар бие оролцдог байна.
Иргэдээ ядуурлаас гаргах, байгаль экологийг нөхөн сэргээх үйлсэд Хятадын Засгийн газраас үндэсний томоохон компанид их хэмжээний санхүүжилт олгодог аж. Үүний нэг жишээ хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Иллион ресурс” групп.
1988 онд байгуулагдсан тус компани элсэрхэг цөл нутагт хөвчийн загвар буюу экологийн нөхөн сэргээлтийг хийснээр НҮБ-ын байгаль орчин болон хөгжлийн шагналыг хүртжээ.
Тус группын 30 гаруй жилийн үйл ажиллагаа нь 50 тэрбум юанийн өртөг бүхий байгаль орчны эх баялгийг бүтээсэн аж. Компанийн нийт хөрөнгө 10 тэрбум юань бөгөөд нийт 8000 гаруй ажилчидтай. 2000 онд Шанхайн хөрөнгийн бирж дээр үнэт цаас гаргажээ. Цөлжиж эвдэрсэн газарт тохирсон говийн гоёо, чихэр өвс, чихэрлэг төрлийн ургамлыг урт хугацааны турш тариалснаар тухайн газрын хөрс зөөлөрч ургамал ургах боломжийг буй болгосон гэх.
Сүүлийн үед техник технологийн дэвшлийг ашиглаж нисдэг дрон мөн нарны гэрлийг ашиглаж ногоон байгууламжийг буй болгож байгаа аж. Хятадын хуулийн дагуу тухайн газарт оршин сууж буй иргэн, аж ахуй нэгж урт хугацаагаар газар эзэмшдэг төдийгүй цөл газрыг нөхөн сэргээх ажлыг иргэд, аж ахуй нэгж, төрийн дэмжлэгээр хийж буй.
Жишээ татахад Хатан голын сав дагуух элсэн говийн 36 иргэнд газар эзэмшүүлж байгалийн ургамал тариалснаар байгаль экологи сэргэж аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж буй болсон төдийгүй нутгийн иргэдийн амьжиргаа дээшилжээ. Тухайлбал тус бүс нутгийн нэг иргэний сарын орлого 120 мянган юань хүрсэн нь өмнө байгаагүй амжилт аж.
Хүлэмжийн хувьсгал буюу газар тариалангийн салбарын шинэ эрин
Хөдөө аж ахуйн чиглэлээр Хятадад өрнөж буй өөрчлөлт шинэчлэлийг ийн нэрийдэж болохоор. Бид Хятадын Гансу муж дахь Хөдөө аж ахуйн тэнхим, Ланжу хотын шинэ дүүргийн хөдөө аж ахуйн хэд хэдэн паркаар орлоо.
Мөн Жиюү Чуан хотын Сү Жү дүүргийн зарим хөдөө аж ахуйн парктай танилцсан. Олон газраар орсон тул зарим зүйлийг товчлох нь зүйн хэрэг байх. Хөдөө аж ахуйн тэнхим нь орон нутагтаа газар тариаланг хөгжүүлэх бодлогын чиглэлийг ажлыг хийдэг бөгөөд хөдөө аж ахуй салбарыг зургаан чиглэлээр хөгжүүлж байгаа талаар ХАА-н тэнхимийн удирдлага өгүүлсэн.
Тухайлбал иргэдээ хоршоожуулах хамтрал хэлбэрээр ажиллуулах, хөдөө аж ахуйн шинэ брендийг буй болгох, экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргаж авах, инновацийг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг бодлого хэрэгжүүлэхээс гадна цэцэг, хүнсний ногоо, жимс, эмийн ургамал тариалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. 2018 онд 12.1 сая тонн төмс, 4 сая тонн алим, 23 сая тонн хүнсний ногоо тариалжээ.
Ухаалаг системтэй хүлэмж
Хүлэмжийн аж ахуй монголд хөгжөөд удаагүй ч энэ чиглэлээр тариалалт хийдэг өдий төдий компани, хувь хүн Монголд буй. Гэхдээ Хятадууд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шинэ технологийн талаар туршиж, ажил хэрэг болгожээ.
Бидний очсон Ланжу хотын шинэ дүүргийн хөдөө аж ахуйн паркад нийт 10 мү газар ухаалаг системтэй хүлэмжийг сүүлийн хоёр жилээс эхлэн байгуулсан аж. Нэг мү нь монголоор 0.6 га-тай тэнцэнэ. Онцлог нь хүлэмж бүхэнд зөвхөн нэг төрлийн жимс, цэцэг, ногоо тариалсан гэх. Бид зарим жимс жимсгэнэ тарьсан хүлэмжийн байгууламжид түр саатав.
Химийн биш экологийн цэвэр бордоо хэрэглэсэн гэв. Усалгааг нарийн гуурсан хоолойгоор шийдсэн бөгөөд энэ нь тухайн ургацын иш навч бүр дээр дусна. Усалгаа арчилгааг тусгай төхөөрөмжтэй холбож ургалтын явц, агаарын чийгшил, дулаан зэргийг гар утаснаасаа хянах боломжтой аж.
Ингэснээр хүний оролцоо багасч ашиг шим нэмэгдсэн, тариалангийн талбай багассан, чанар сайжирсан гэж үлгэр жишээ паркийн дэд захирал Чайзун юэй өгүүлэв. Харин нэг мү талбайгаас таван кг помидор хурааж авдаг бөгөөд зах зээл дээр нэг кг-ыг нь 30 юанаар худалдаалдаг гэх.
Тэгвэл Жиюү Чуан хотын Сү Жү дүүргийн өөр нэг Зунь Жай говийн хөдөө аж ахуйн паркийн 10 метр өргөнтэй, 100 метр урттай нэг хүлэмжид нэг хүн ажилладаг бөгөөд бусад нь автомат төхөөрөмжид холбогджээ.
Харин тэрхүү тариачны жилийн орлого 250 мянган юань аж.1.6 га газраас жилдээ 9500 кг ургац авдаг төдийгүй 60 мянган юанийн ашиг олдог гэсэн. Хөрсийг бэлтгэхдээ үхрийн баас, аргаль ашигладаг бөгөөд газар тариалангаас гарсан хог хаягдлыг задалж хиймэл хөрс бэлтгэдэг байна.
2019.07.18.
Үргэлжлэл бий…