Аян замын тэмдэглэл

Хатан голын эргээр орших Гансу мужийн сонин сайхан

Томилолт

Өмнөд хөршөөр зорчиж Гансу мужаар хэд хоног аялахдаа олж мэдсэн зүйлээ өгүүлсү. Гансу муж бол Хятадын баруун хойд хэсэгт байршдаг. Зүүн талаараа Шанши муж,  өмнө талаараа Сичуань муж, Хөх нуур, баруун талдаа Шинжаан Уйгарын Үндэсний өөртөө засах орон, /ШУҮӨЗО/, умард талаараа ӨМӨЗО, Нин Шиатай хил залгана.

Харин манай улсын Говь-Алтай, Ховд аймагтай 60 гаруй км газраар хиллэдэг гэнэ лээ. Хятадын худалдаа арилжаа, торгоны замын уулзвар энэ бүс нутаг 26.3 сая хүн амтай, жилийн дундаж температур 0-15 хэм.

Түүхийн нугачаа, хүнд бэрх цаг үеэс үүдэж эх газраас нүүдэллэн ирсэн Монголчуудыг энд Цастын монголчууд гэх. Одоогоос 400 орчим жилийн өмнө нүүдэллэн суурьшсан нүүдэлчин монголчуудын үр удам хэдийгээр олон зуун жил дундад улсын харьяанд байж соёл, аж амьдралд нь өөрчлөлт гарсан ч монгол ёс, зан үйлээ тодорхой хэмжээнд авч үлдсэн гэх.

Хятад Улс сүүлийн жилүүдэд үндэсний цөөнхүүддээ тусгай бодлого явуулж эхэлсэний нэг нь Цастын монголчуудын зан үйл, тэмээн хөсөг зэргийг аялал жуулчлал хөгжүүлэхэд өргөнөөр ашиглаж эхэлжээ.

Үүний жишээ Жиюү Чуан хотын Сайхан завь боомт хотын аялал жуулчлалын цогцолборт Цастын монголчуудын тэмээн хөсгийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож үзүүлснээс харж болно.

Ирсэн гийчдэд тэмээ унуулж доллар халаасалдаг бол мөн л монгол гэж хэлэхээр бие галбиртай морьд аялал жуулчлалын түүчээ болж байна. Монголчууд Шар мөрөн заримдаа Хатан гол гэж  нэрлэдэг энэхүү гол Хөх нуураас эх авч Ланжоу хотын төв дундуур урсан хотын иргэдийн үзэх харах, жуулчдын нүдээ чилээх нэгэн үзмэр, байгалийн сонин тогтоц болон хоногшжээ.

Хатан голын эргээр зугаалж, зоог барьж, голын усны чимээ сонсон элдвийг хүүрнэн суух нь хотын иргэдийн соёл бөгөөд амар тайван амьдралын эх гэлтэй.

Хатан голын хоёр эргийг холбосон төмөр гүүр зуу гаруй жилийн түүхтэй бөгөөд мөн л хотынхон орой үдшийн цагаар гүүр дээр гарч хотын хоёр талыг саравчлан зогсоно. Гансу муж цаг агаар нэн тааламжтай тул халуунаас дайжсан иргэд, мөн гадны жуулчид Гансуд ирж амрах, зугаалах нэн дуртай гэсэн.

Ланжоу хотын эргэн тойронд элсэн цөл байсан бололтой уул толгод үргэлжилнэ. Элсэрхэг энэ говийг нөхөн сэргээж, байгалийн ургамал тариалах тал дээр ихээхэн анхаарснаар нүцгэн говийг ногоон байгууламжтай хүн амьдрахад таатай газар болон хувиргажээ.

Нийслэл Ланжоу хот эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн бөгөөд 2200 гаруй жилийн түүхтэй 3.2 сая хүн амтай. Энд Хятадын эрчим хүч, хөдөө аж ахүйн үйлдвэрлэл, шинжлэх ухааны бааз  төвлөрчээ.

Жиюү Чуан хотын Хөдөө аж ахуйн тариалангийн судалгааны газар нь бүх хятадын тариалангийн үр үрсэлгээний 50 хувийг дангаараа хангадаг төдийгүй газар тариалангийн үйлдвэрлэлийн нарийвчилсан судалгааг энд хийж, туршиж тариалалтад нэвтрүүлдэг байна.

Өөрөөр хэлбэл энд шинжлэх ухаанд суурилсан газар тариалангийн томоохон судалгааг хийж дараа нь газар тариалангийн паркад тарьж ургуулах бөгөөд төгсгөлд нь зах зээлд нэвтрүүлдэг гурвалсан холбоо бүхий зөөлөн дэд бүтцийг буй болгожээ.

Энд “Yatai sheng tai guan” нэртэй цахилгаан авто машины үйлдвэр бий. Цахилгаанаар ажилладаг жижиг суудлын авто машин 80.000 юань буюу монгол мөнгөөр 30 сая орчим төгрөг аж. Мөн барилгын материалын үйлдвэртэй.

 Ланжоу хотын шинэ өнгө төрх

Хятадууд цөл газар хот босгож буйн жишээ Ланжоу хотын шинэ дүүрэг юм. 2011 оноос эхэлж байгуулсан сууринд зам талбай, дэд бүтцийг байгуулснаас гадна мөн л хөдөө аж ахуй, шинжлэх ухааны чиглэлээр Боловсрол технологийн төв, Мэргэжлийн институт, Худалдааны институт, газар тариалангийн үйлдвэрлэлийн парк, хүүхдийн цэцэрлэг, ясли, сургуулийг иж бүрнээр байгуулжээ.

Ер нь Ланжоу хотод барааны үнэ Бээжингийнхтэй ойролцоо байдаг талаар хамт яваа хөтөч Хувьсгалт орчуулан өгүүлсэн юм. Иргэд орон сууцанд орохдоо улсаас зээл авч болдог. Орон сууцны нэг ам метрийн үнэ 5500 юань буюу монгол мөнгөөр хоёр сая орчим төгрөг. Харин хаусны үнэ  ам метр нь 9000 юань байдаг гэсэн. Шинээр барьж байгаа орон сууцны захиалга дуусч 2019 оны есдүгээр сар хүртэл захиалга зогссон байна.

Ланжоу хотын музей

Аяллын завсраар бид Ланжу хотын музейг сонирхлоо. 1942 онд байгуулагдсан музей үндсэн гурван хэсэгтэй.

Үүдээр ороход л Ланжоу хотыг цайны, торгоны их зам байсныг илтгэх газрын зургийг хөтөч тайлбарласан. Энэ бүс нутгаар үндсэн дөрвөн зам дайран өнгөрдөг байжээ.

Шаазан болон үнэрт усны зам, цайны зам, торгоны зам. Хаш чулуун үзмэрүүд цөөнгүй тааралдах бөгөөд гадуураа дөрвөлжин хийцтэй байгаа нь газар дөрвөлжин, дотроо дугуй нь тэнгэрийг бэлгэддэг гэв.

Энд Хятад, Уйгур, Тангуд, Монгол зэрэг угсаатан, улсууд өөр өөрийн шашин соёлтой  оршин тогтнож байжээ. Эртний Сюй /Sui 581-618 / Улсын гар бичмэл хийгээд Тангуд улсын эд хэрэглэл, Чин гүрний  үеийн коран судар дэлгээстэй. Мөн эртний угсаат хаад ноёдын хувцас, гоёлын хэрэгсэл, торго, даавуун эдлэл энд байна.

Хятадын өөр нэгэн Цагаан хэрэм Жиюү Чуан хотод бий

Жиюү Чуан хотын Сайхан завь боомт хотын аялал жуулчлалын цогцолборт зочиллоо. Энд дэлхий нийтийн мэддэг Хятадын цагаан хэрэмтэй төстэй өөр нэгэн Цагаан хэрэм байх.

Энэ байгууламжийг 1372 онд Мин гүрний үед дайн тулааны бэхлэлт, худалдаа арилжааны гол зам болгож барьж эхэлсэн бөгөөд барилгын ажил 60 гаруй жил үргэлжилжээ.

Мин гүрний цагаан хэрэм 8000 орчим км үргэлжилдэг гэх. Олон жилийн туршид хэрэмийн зарим байгууламж элэгдэж муудсан учир дахин сэргээж орчин үед аялал жуулчлалын чиглэлээр ашиглаж эхэлжээ.

Эртний улс, угсаатны аж амьдрал, торгон зам, өнгөрсөн цаг хугацааны түүх, үйл явдлыг харуулсан түүхэн музей байгуулсан нь гадаад дотоодын жуулчдын сонирхлыг ихэд татсан байна.

Мөн аялал жуулчлалын үзмэрүүд, хоолны газар, тэмээн хөсөг унах, морьтой аялах гээд хэн хүний сонирхлыг татах аялал жуулчлалын бүтээгдэхүүн буй. Жиюү Чуан хотод буудаллах зуураа энэ нутгийн үүх түүхийн тухай нутгийн хүний яриаг товчхон тэмдэглэж авсан юм.

Жиюү Чуан гэх нэр рашаан буюу архи гэсэн утгатай аж. Эрт цагт энэ нутгийн хаан дайснаа дараад ялалтаа тэмдэглэж  архиар цэргүүдээ дайлсан нь хожим ийм нэрээр  үлджээ.

Хорьдугаар зууны модон анжистай орноос эдүгээгийн хорин нэгдүгээр зууны технологи нэвтэрсэн, хөгжилтэй орон болсоны нууц нь эргэлт буцалтгүй замнах нэг л улс төрийн бодлого, хөдөлмөрч иргэдийн зүтгэл гэж хамт явсан өвөр монгол хөтөч яриандаа цухас дурдсан юм.

Аяны жолоогоо энд хүрээд татсан тул эртний түүхтэй Хатан гол  эрэгээ халин шуугисаар ард хоцров оо.

2019.07.18.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button