Нийтлэл
“Дэлгэрэх”-ийн Ганбаа, ИЙМ…
Армаг цоог цасны дүн зүүдэн дороос энэ хаврын нялх яргуй үнэгчлэн буй урин цагийн нар оршоосон сэвшээ салхинд хуурын хөг залсан Дэлгэрэх сум.
Уран бүтээлийн ганзага нийлж уухилан зүтгэх моторын дууг давж хөөрөлдсөн бидний яриа замын уртыг мэдрэхгүй, биеийн чилээг тоохгүй цэл залуухнаараа байнам. Тохиол бүрдсэн ийм гэгээн цаг дор тод хагарсан замаар цас сандарган давхихын жаргал залуу насны ч биз, мөн ч сайхан…
Хуучин цагийн улс намтар зузаантай хүнийг хүндэтгэн амьдралын насан дундаас олсон буурал түүхийг нь нандигнан өвлөдөг ёс Монголынх юм. Өөрийн амьдралынхаа тууш суртахууны мөр замыг засах сургамжийг ч олж авдаг гэлтэй дурсан сайлцгаадаг учиртай билээ. Маналын Ганбаатар бид Монголын Зохиолчдын “ХУРМАСТ ТЭНГЭР” төвийн ам бөл улс. Уран бүтээлийн онгодтой насан дээрээ учралдан золгосон нөхөд юм.
Сурагч ахуй үеэсээ эхлэн бөхийн чөлөөт, сонгомол барилдаанаар хичээллэж “Найдвар” клуб, НИК, “Алдар” спорт хороо, Улсын шигшээ багийн дэвжээнүүдэд 2001 он хүртэл бэлтгэл сургуулилтын ааганд хүмүүжсэн Ганбаагийн анхны багш нь Жамцын Батбилэг. Олимпийн мөнгөн медальт Жамцын Даваажавын төрсөн ах, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч ах, дүү гавъяат Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багш гэхээр бөхийн хорхойтнууд андахгүй.
1994 оны Улсын баяр наадмын Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд 128 бөхөөс 16-д үлдэж байсан түүхтэй. Сүүлд 2020 оны Жюү Жицүгийн Улсын аваргын 94 кг-ын Хүрэл медаль хүртсэн юм.
Боловсролын байгууллагын Нийгмийн ажилтнаас удирдах албанд чигч шударгуу зүтгэн яваа нь хэнд ч сайшаалтай санагддаг. Нийгмийн ажилтан бол сургууль, сургуулийн орчин, сургууль гэр бүлийн харилцаа, даа яамаа гудамж талбайд ч сурагчидтай ажилладаг содон мэргэжил.
Оруулга:
2008, 2012, 2015 оны аймгийн “Шилдэг багш”-аар, 2010 оны аймгийн “Шилдэг нийгмийн ажилтан”-аар, “Алтан зул” цомын эзнээр, Биеийн тамир спортын Тэргүүний ажилтан, Боловсролын Тэргүүний ажилтанаар тус тус шагнагдсан нь түүнийг ажилдаа дөртэй, төртэй, нэртэй хөдөлмөрлөсний илрэл.
Шигтгээ:
Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс тодруулдаг “Алтан зул” наадмын анхдагч шагналтнуудын нэгээр 2015 онд шалгарсан. Боловсролын Нийгмийн ажилтны Тэргүүлэх зэрэгтэй.
Дорноговийн Даамын холбооны ойрын жилүүдийн амжилтын цуваанд М.Ганбаатарын нэр өндөр суудалд баттай суурь эзэлдэг. Амжилтын цуваа нь ч бахдал, бахархалтай үргэлжлэх нь түүний дасгалжуулсан хүүхдүүдийн амжилтаар илэрдэг юм.
– 2013 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 100 буудалт даамын Узбекистан улсын Ташкент хотноо Дорноговь аймгийн баг тамирчдыг ахлан дасгалжуулагч шүүгчээр оролцсон. Тамирчид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн.
– 2013 онд Франц улсад зохиогдсон Даамын спортын Дэлхийн залуучуудын олимпиадад Монгол улсын багийн дасгалжуулагчаар томилогдож байв.
– 2014 онд Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнд Тайланд улсын Бангкок хотноо Дэлгэрэх сумын тамирчинг дасгалжуулан оролцож мөнгөн медаль хүртсэн.
– 2015 онд Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнд Узбекистан улсын Ташкент хотноо Дорноговь аймгийн баг тамирчдыг ахлан дасгалжуулагч шүүгчээр оролцсон. 4 алт. Нийт 16 медаль хүртсэн аймгийн Даамын холбооны Шилдэг дасгалжуулагч билээ.
Шигтгээ:
Тэрбээр 2015 онд 100 буудалт Даамын спортын Олон Улсын шүүгчийн болзол биелүүлсэн. /Одоогоор Монгол Улсад Даамын спортын Олон улсын шүүгч тав байдаг бөгөөд хөдөө орон нутагт ажиллаж буй нь нэгэн онцлог юм. Дэлхийн залуучуудын олимпиадад нэг удаа дасгалжуулагчаар /Франц/, Азийн аваргад дөрвөн удаа шүүгч дасгалжуулагчаар /Узбекистанд хоёр, Тайландад нэг, Монголд нэг/ томилогджээ.
Уран бүтээлийн ганзага нийлсэн бид наран ээвэрлэж шижир ай цацраг нь уулын өвөрт нойрмоглосон үдийн хойно Дэлгэрэх сумнаа ирлээ. Түүний шүлгийг нь зохиосон “Тайжийн хурд” дууг нь МУСТАжилтан Эрдэнэсүрэнгийн Төрмандах дуулж дүрсжүүлсэн нь орон даяар цацагдаж хит болсон гэхээр онгодтой уран бүтээлч ээ. Аймгийн “Хүрэл тулга” наадамд сумаасаа ногт ганзагалж ирдэг багш нарын нэг яахын аргагүй Ганбаатар.
Өмнөхөн үед нь Дэлгэрэхээс О.Дуламсүрэн багш, шавь А.Урантогос нар Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга” наадамд олон жил түрүү авсныг нь бид одоо ч ярилцан суудаг юм. Дараа үеэ өсгөн өндийлгөж баймаажин санаа амардаг нь уран бүтээлч хэн бүрийн цагаан зовлон юм даа.
Тэр жил Дэлгэрэхийн сургуулийн есдүгээр ангийн сурагч О.Алтангэрэлийг аймгийн “Хүрэл тулга-2018” наадамд дагуулан ирж Дэд байрын шагнал хүртсэний дараа бидэнтэй танилцуулсан юм. О.Алтангэрэл тэр зунаа МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Г.Цэдэвдорж багшийн нэрэмжит Зүүн бүсийн Өсвөрийн яруу найрагчдын “Мөнгөн морь” наадамд түрүүлж, Төрийн шагналт, Ардын Уран зохиолч Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Эзэн заяа-2019” Өсвөрийн яруу найрагчдын Улсын наадамд мөн түрүүлж, “Батзэвэг-2020” яруу найргийн Улсын онлайн наадамд Дэд байр эзэлсэн нь “ХУРМАСТ ТЭНГЭР”-ийн дараа үеийг бидэнд баттай хүлээлгэн өгсөн гавъяа билээ.
Бүтээл:
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын сургууль, Сайхандулаан сумын сургуулийн Сүлд дууны үгийг зохиосон. “Янзага зээрд”, “Цантын босоо хар унага”, “Айлтгүйн хээр”, “Зээрд морь мину” зэрэг морины дуу, “Гэгээн мөрөөдөл”, “Тэмээний дуу” зэрэг хүүхдэд зориулсан дуу туурвисан. “Шавьдаа өргөх дуу” багш нарын дуу 2019 онд, 2011 онд “Андын дуу”, 2020 онд “Цантын босоо хар унага” дуунууддаа клип хийлгэсэн.
“Дорноговь судлал” Эрдэм шинжилгээний түүвэрт “Тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн “Үлэмжийн чанар тэргүүтэн зарим зохиолд хийсэн шинжлэл” илтгэл нь хэвлэгдсэн. “Равжаа судлалын тойм” бүтээлийн чуулганд “Равжаа судлал”-ын бүтээл нь мөн хэвлэгдсэн билээ.
Мөн “Тайжийн хурд” Морин спорт уяачдын холбооны Нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед нь Аймгийн “Шилдгийн шилдэг Уяачдын холбоо”, Улсын “Шилдэг уяачдын холбоо”-гоор шалгарч байсан. Дэлгэрэх нутгийн Уяачдын олон жилийн хүсэл мөрөөдөл болсон “Мөнгөн морь” цомыг мөн тэр үед анх удаагаа сумаараа хүртсэн гээд алтан туурт хүлгүүдийн хийморийг нутагтаа залсан лундаатай эр ээ.
Зүйрлэл магтаалын малгай духдуулчихаад чимээгүйхэн суугчдын энэ нийгэмд зөв хүн байхын үлгэр болсон найзын минь оролцсон ажил, хүссэн зорьсон үйл хэрэг нь хэн хүний нүдэнд ил, бахдал төрүүлэхийн үнэнч совинтой байдгийг учирлан би магтаад байгаа хэрэг биш юм аа. Хийсэн зүйл нь энэ шүү дээ гэж нэг санах гээд байгаа л хэрэг. Үнэн зүйлийг магтахын жаргалыг мэдрэх бас л таатай.
Дэлгэрэхийн сургуулийн захирлаар томилогдоод бас л ажлыг үр бүтээлтэй, хүртээмжтэй өрнүүлжээ. ЕБС-ийг их засварт оруулах ажлыг төлөвлөж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, тухайн үеийн аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, сумынхаа Нутгийн зөвлөлийн тэргүүн О.Батжаргал нартай хамтран батлуулж 2020 оны Улсын төсөвт оруулан амжилттай хэрэгжүүлсэн.
– Сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх талаар ажиллаж 2016-2020 онуудад сургуулийн анги танхимын ширээ сандлыг үе шаттайгаар бүрэн шинэчилсэн.
– Дотуур байрны гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилсэн.
– Мэдээлэл зүйн кабинет
– Чөлөөт бөхийн дэвжээ
– Сургууль дотуур байрыг камержуулалт
– Гадна болон дотор иж бүрэн гэрэлтүүлэг
– Сумын хэмжээнд төсвийн байгууллагуудаас анх удаагаа бараа үйлчилгээ худалдан авах ажиллагааг бие даан зохион байгуулж тендер зарлах зэргийг гүйцэлдүүлжээ.
– Сургуулийн багш, ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, ажлын ачааллыг хөнгөвчлөх талаар ажиллаж сантехникч, мужаан, галч /гурав байсныг нэмэгдүүлэн дөрөв болгосон/
-Дотуур байрны багшийн орон тоог тус тус нэмэгдүүлэхийн зэрэгцээ нэгдүгээр анги, зургаадугаар ангиудыг нэгтгэлгүй хувааснаар ажиллах, суралцах нөхцөл боломж нэмэгдсэн. Үр дүнд нь анги, бүлгийн тоо 11 /өмнө ес байв./, багш ажилчдын тоо 33 /өмнө 29 байв/, суралцагчдын тоо 300 гаруй болов.
– ЕБС-ийг Соёлын Гавъяат Зүтгэлтэн Л.Одончимэдийн нэрэмжит болгох талаар Аймаг, Сумын ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран хань, үр хүүхэд, дүү МУ-ын Гавъяат багш Л.Чимэддорж нартай холбоо тогтоон ажилласан.
– Тус сургуулийн суралцагчид аймгийн хэмжээнд зохион байгуулдаг байгалийн ухааны олимпиадад физик, газар зүй, хими, математикийн төрлүүдээр 2017, 2018, 2019 онуудад /2020 онд цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй/ дараалан аварга сургуулиар шалгарчээ.
– 2017 онд тус сургуулиас анх удаагаа хичээл төрлийн олимпиадад сурагч Г.Аргилмаа Тэргүүн байр
– Аймгийн Музей, сургалт судалгааны төвтэй хамтран суманд холбогдолтой үзмэрийг орон нутагтаа авчран суралцагчид болон эцэг эхчүүд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэв.
– МЗЭ-ийн Дорноговь аймаг дахь салбар Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвийн уран бүтээлчдийг урин суралцагчидтай чөлөөт ярилцлага зохион байгууллаа.
– Сүүлийн жилүүдэд тасраад байсан Д.Нацагдорж тэмдэгтэн суралцагч гурав шагнагдсан.
– МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Дэлхийн хошой аварга, Олимпийн мөнгөн медальт З.Ойдовыг урин сургуулийнхаа багш суралцагчидтай төдийгүй аймгийн сургуулиудын суралцагчид, БТСГ-аар зочлуулан “Амжилтын үндэс” лекц, “Ойдов мэх”-ийг биечлэн заалгасан гээд хөдөлмөрлөх насныхаа хөлсний үнэтэй бүтээлч ажлаа гүйцэтгэсээр л явна.
Адал сонин аян замын ганзага хоосон буцвал уран бүтээлч бидэнд ховорхон олдох таатай тохиолт цаг гомдох вий хэмээн сэрэмж хайж эрхэм нөхрийн тухай бичин сууна. Урин цооносон нарны ирж яваа цаг байна даа, уулын сүүдэр хүүшилсэн намуун оройг уран бүтээлч бүхэн хүсэмжилдэг шиг тийм нэг таатай орчинд яриа завдал үүсгэн суухын гарцаагүй ерөөл бидэнд бий. Иогийн чиглэлээр:
-Халуун төмөр долоох, шил идэх, хадаас, шилэн дээгүүр явах зэрэг үзүүлбэр, мөн цөөн хэдэн илбийн номертой шүү дээ хэмээн хэлээд инээснийг нь мартах шахаж.
Ах дүү тавуулаа даамын спортын мастер цолтой, аав, ээж, ах дүү бүгдээрээ багш мэргэжилтэй гэхээр бас л ховорхон тохиол шүү.
Илбийн юм шиг энэ орчлон хорвоогийн нөөлөг цаг хугацаанд итгэж болох хүмүүс нэгнээ олно гэдэг юутай завшаан.
Дэлгэрэхийн Алтан овооны оройд анхны борооноор солонго татвал тэр миний мэнд болог хэмээгээд эрхэм нөхөртөө урам ерөөе.