Гомбосүрэн Эрдэнэхатан Сүгимура: Япон орны амжилтын нууц нь үнэнч хөдөлмөр
Японы Шизүока мужийн ЗДТГ-т ажилладаг монгол залуутай онлайнаар ярилцлаа. Тэрээр Монгол Улс Япон Улс хоорондын харилцааны гүүр болж ажилладаг төдийгүй Дорноговь-Шизүока муж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хөдөлмөр зүтгэл гарган ажилладаг юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юун түрүүнд Та өөрийгөө манай уншигчдад танилцуулах уу?
-Миний нэр Гомбосүрэн Эрдэнэхатан Сүгимура.2004 онд Япон Улсын Эзэн хааны торгон цэргийн академийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн.Төрсөн нутаг Архангай аймаг Хотонт сум. Япон улсын Шизуока мужийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэст зөвлөх даргаар ажилдаг.
-Таныг Монгол-Японы хооронд гүүр болж байгаа чухал хүн гэж боддог. Монголоос хүн ирвэл та газарчилна, Японоос монголд хүн ирвэл мөн л газарчлаад явдаг. Та ажилдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Ажилдаа сэтгэл хангалуун байдаг. Монгол улсдаа бага ч гэсэн тус нэмэр болох юмсан гэж үргэлж бодож явдаг.
-Таныг Японы төлөөлөгчдийг дагуулаад Монголд бас Дорноговьд үе үе ирэхэд мэндлээд өнгөрдөг байснаас уулзаж байсангүй. Дорноговь аймаг Японы Шизүока мужтай хамтын ажиллагаа тогтоосон 2011 оноос хойш Та Дорноговьтой холбогдсон байх.
-2010 оноос анх холбогдсон. Өнөөдрийг хүртэл найман жил Дорноговь аймагтай хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, төрийн алба гээд өргөн хүрээнд Дорноговь аймгийн иргэд Японд зорчиж туршлага судалсан.
Мэдээж хэрэг олон зүйлийг сонсож нүдээр харж өөрийн оронтойгоор харьцуулан үзэх боломж нээгдсэн нь хамгийн чухал болов уу. Японоос ч олон хүмүүс ажил үүргийн дагуу тал нутагт зочилж туршлага судалсан.
-Арлын оронд хөл тавих нь говь нутгийн хүүхэд залууст мөрөөдөл байсан байж магад. Гэтэл Япон руу явна гэдэг Монголын баруун аймгууд руу явахаас ч амархан болсон байж мэдэх?
-Даяарчлагдсан нийгэмд гадаад явах асуудал тун амархан болсон.
-Ялангуяа сурагч солилцооны хөтөлбөр ач холбогдолтой, үр дүнтэй санагдсан?
-Сурагч солилцооны ажил тун их үр дүнтэй ажил. Япон Монгол хүүхдүүдийн нүдний харц энэ ажиллагаанд оролцсоны дараа маш өөр болсон байдаг.
-Монгол хүүхдүүд хилийн дээс алхаж арлын орныг үзээд дараа нь сэтгэлгээ, үүрэг хариуцлага нь яаж өөрчлөгдөж буйг Та анзаарсан л байх ?
-Тэмүүлэлтэй болдог. Миний бие чадах чинээгээрээ үлгэр дуурайл үзүүлэх гэж хичээдэг.
-Монгол-Япон хүмүүсийн хоорондын ялгаа ялангуяа дунд сургуулийн сурагчдын дунд, насанд хүрсэн хүмүүсийн дунд ямар байдаг бол?
-Дунд сургуулийн хүүхдүүдийн хувьд их ялгаа байхгүй. Том хүмүүсийн хувьд асар их ялгаа бий. Бүгдээрээ биш л дээ, гэхдээ монгол хүмүүс маань худлаа хэлдэг. Япон хүмүүс бас худлаа хэлнэ л дээ.
Япон хүмүүсийн худлаа хэлэх нь хуурах гэсэн үүднээс хэлж буй биш тус асуудалд тодорхой хариулт өгөхгүй гэсэн үүднээс булзааруулж тойруу байдлаар асуудлыг саармагжуулдаг. Үүнийгээ шууд орчуулж хэлвэл “Нийгмийн хэллэг ” гэж хэлнэ.
-Аймаг муж хоорондын хамтын ажиллагааг Та хэрхэн үнэлж дүгнэж байна? Дорноговь-Шизүока муж хоорондын хамтын ажиллагаа бусад аймгуудыг арлын Японтой ойртуулах, хамтран ажиллах суурийг тавьсан юм болов уу гэж боддог?
-Орон нутаг хоорондын гадаад харилцааг хөгжүүлэхэд Дорноговь аймаг Шизуока муж хоорондын харилцаа их үүрэг гүйцэтгэж байгаа нь үнэн. Тоттори муж Төв аймаг хоорондын харилцаа хамгийн удаан явагдаж буй. Гэхдээ энэ нь бидний хийж буй хамтарсан ажиллагаа гэж боддог.
Дорноговь аймгаас гадна Сэлэнгэ аймаг, БСШУСЯ, ХХААХҮЯ, Эрчим хүчний яам, БХБЯ, Хавдар судлалын эмнэлэг гэх мэт олон газартай хамтарч ажиллаж байна. Бидний харилцаа Дорноговь аймгаас эхэлсэн учир ямарваа нэгэн ажиллагааг хэрэгжүүлэхэд зайлшгүй Дорноговь аймгаа нэгдүгээрт тавьдаг. Энэ нь Япон заншил бөгөөд анхны нөхөрлөл бол хамгийн чухал гэдэг утга санааг агуулдаг.
-Хоёр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд гэрээ хэлэлцээр байгуулж шууд харилцаж эхэлснээр ямар давуу талууд, боломжууд бий болсон бол?
-Шууд харилцах нь тун чухал. Ажиллагааг маш хурдацтайгаар хэрэгжүүлж чаддаг. Дорноговь аймаг олон чадварлаг ажилтантай тул хамтарч ажиллахад амар байдаг. Япон хэлтэй боловсон хүчин бэлдэх үүднээс бүтэн найман сарын хугацаатайгаар Дорноговь аймгийн нэг мэргэжилтнийг сургаад буцаасан. Дараагийн сургалтад хамрагдах мэргэжилтэн нь мөн Дорноговь аймгаас сонгогдсон байгаа.
–Монголоос та хамгийн сүүлд ямар хүмүүсийг хүлээн авав?
-Хамгийн сүүлд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй төлөөллийг хоёрдугаар сард хүлээж авсан. Энхтүвшин засаг даргаар их бахархдаг. Сэтгэл сайтай хүн. Засаг даргын хажууд чадварлаг олон улсын дипломат хүн ажиллаж байгаа гэж боддог. Тийм учраас Засаг даргыг түшиж буй залууг хараад их хүндэтгэдэг. Нэрийг нь Өсөхбаяр гэдэг.
-Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Шизүока мужтай хамтран ажиллах таван жилийн гэрээг 2017 онд байгуулсан.Энэ гэрээнд ямар онцлог зүйлүүдийг тусгасан бэ?
-2017 онд байгуулсан гэрээ 2011 оны гэрээний үргэлжлэл гэж ойлгож болно. Шинэ зүйл нэмж ороогүй. Тус гэрээ бичиг нь бүх салбарыг хамруулсан асар том цар хүрээтэй бичиг. Гэхдээ хамтарсан харилцааг шинэ шатанд ахиулж хэрэгжүүлнэ гэдэг тал дээр санал тохирсон. Дашрамд хэлэхэд танай аймгаас сонгогдсон УИХ гишүүн Б.Дэлгэрсайхан. Энэ хүнтэй анх уулзахад нилээд ширүүн хүн болов уу гэж санагдаж байсан. Хамтарч ажиллахад урамтай байсан шүү. Сэтгэл зөвтэй хүн байна билээ.
-Японы төрийн алба хаагчдын үйл ажиллагаандаа баримталдаг чанар, ёс зүй, цаг баримтлал, хариуцлагын талаар юу ярих вэ? Япон хүмүүс нэг ажлаа дуустал үр дүнтэй гүйцэтгэдэг нь амжилтын нууц ч байж болох?
-Миний бие Монгол гаралтай япон иргэншилтэй хүн гэдэг үүднээс Японд байдаг ганцхан албан ёсны гадаад төрийн ажилтан. Богино гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс бий.
Япон хүмүүс цаг сайн барина, биенээ маш их хүндэлж харьцдаг, Ажилдаа үнэнч, Багаараа ажиллахдаа сайн. Уншигч нар маань мэдээж энэ зүйлүүдийг сайн мэдэж байгаа. Монгол ажилтнууд ч сайн шүү дээ. Ажлаа сайн хийдэг гэж боддог бас чадвартай. Харамсалтай нь тогтворгүй юм даа. Удлаа гэхэд дөрвөн жил ажилладаг.
-Япон орны амжилтын нууц юу вэ?
-Амжилтын нууц бол ердөө үнэнч хөдөлмөр.
-Бид юун дээр голдуу алддаг юм бол?
-Эхэлсэн ажлаа үргэлжлүүлдэггүй, уламжлал байдаггүй учраас алддаг.
-Монголд болж байгаа нийгэм, улс төрийн амьдралын мэдээллийг нийгмийн сүлжээнээс хангалттай авч байгаа байх. Чухам танд юу бодогдох юм?
-Нийгмийн сүлжээнээс ихэнх мэдээллээ авдаг. Би их олон дүүтэй хүн. “Хатнаа ахаа одоо би яах вэ” гээд л маш их олон зөвөлгөө нэхнэ шүү дээ. Томчууд их онцгүй байна аа. Бухимдлыг л харж байна даа Монгол сошиал ертөнцөөс.
-Хоёр орны харилцааг та ямар түвшинд байна гэж хардаг вэ? Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжиж, харилцааны хүрээ өргөжин тэлснээр эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн шинэ түвшинд дэвшин, гүнзгийрэн хөгжиж байна?
-Харилцаагаа эрүүл цэгцтэй байлгах хэрэгтэй. Эдийн засгийн харилцан туслалцах гэрээ EPA 2016 онд тогтоогдсон. 2010 онд Стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Хамтын ажиллагаа хөгжөөд 46 дахь жилдээ явж байна. Хоёр улсын харилцааг улам хөгжүүлэх салбар бол аялал жуулчлалын салбар юм.
-Бидний яриа өндөрлөх дөхөж байна. Япон орны бас нэг имиж нь үзэсгэлэнт сакура. Та үүний тухай товчхон дурдах уу?
– Маш үзэсгэлэнтэй цэцэг. Бараг 600 гаруй төрлийн сакура байдаг. Энэ цэцэгт япон хүмүүс татагддаг нь түүний богинохон нас болов уу. Дөнгөж долоо хоног цэцэглээд унадаг.
Ярилцсанд баярлалаа.
2018.06.12.