Нийтлэл

Газрын тосны эх орон Зүүнбаян

Зээрийн сүрэг бэлчээрлэсэн  Зэлүүд нутаг энд буй.

/Тэр үеийн яруу найрагчийн шүлгээс/

Цуврал 1.

Зүүнбаян гэх нэрийг сонсоогүй хүн Монголд цөөхөн. Сонсоход сонин, сонирхуулах түүхтэй энэ нутаг Монгол орны хөгжил дэвшил бүтээн байгуулалтад нэгэн цаг үед онцгой үүрэг гүйцэтгэж цэрэг армийн сүр хүчээрээ“Хаалттай”хот байлаа.

Зүүнбаянд цэргийн алба хаасан ах нарын яриа, дурсамжаас хөврүүлбэл эдүгээ уртаас урт цаг хугацааны дараалал үүсэх нь лав. Зун, намрын аагим хурц халуун нар энд л илүү төөнөж, элсэн их говийн хөрс шороо цэрэг эрийн тэвчээр хатуужлыг илүү шалгадаг байсан гэдэг.

Энд алба  хаахаар ирсэн харцуул гурван жил болоод буцахдаа насаараа ярих түүхтэй, жинхэнэ эр хүний хуйх  болоод буцдаг байв. Монголын бүхэл бүтэн дивиз, цэргийн хуаран байсан болохоор   бусад ангиудаас  дэг, дотоод дүрэм журмаараа  онцгой байсан гэдэг. Харинөчигдөр, өнөөдрийн цаг хугацааны хэлхээнд Зүүнбаян хэрхэн өндийж, хэрхэн уруудав.
Баянгийн  сав газрыг эрт дээр үед Гурван хоосон гэж нэрлэдэг байсныг  Говийн V дүрийн Эрдэнэ мэргэн ноён хутагт  Лувсанданзанравжаа одоогоос 200-гаад жилийн өмнө өгүүлэхдээ “Энэ газар хоосон бус баялаг ихтэй учир Гурван баян” хэмээн нэрийдэх лүндэн буулгасан гэдэг.

Гэгээнтэн цааш шинжихдээ “Энд түм түчигнэж, бум бужигнах цаг ирнэ. Хожмын энд баригдах их балгадын чинь хаалга хойшоо харж байх нь ээ. Уг нь ганцхан авдар мөнгө байгаа юм.  Харин Цагаан суваргад хоёр авдар мөнгө байгаа шүү” гэжээ. Цагаан суварга  гэдэг  нь  Мандах  сумын нутагт байдаг “МАК”-ын эзэмшилд буй дэлхийд томоохонд тооцогдох зэсийн орд билээ. Ноён хутагт Равжаагийн хэлснээр   Зүүнбаян 1949 онд нефтийн үйлдвэрийг түшиглэсэн  Монголын анхны хүнд үйлдвэрийн төв  болон хөгжих эхлэлээ тавьсан   байдаг.

Эдүгээ орос маягийн энэхотхоныг хэн хэзээ, хэрхэн яаж босгосныг батлан  өгүүлэх гэрч ховор байна.Зүүнбаянгаар нутагтай, олон түмэндээ хүндлэгдсэн Самдангийн Зоригтбаатар гуай энэ нутагт хөл нүцгэн  гүйж ботго, гүрвэл хоёртой тоглож өссөн буурал. Түүний ярьснаар  1938 оны үед  эрээн мод барьсан,   өндөрхөн нарийн  шонд  аппарат маягийн юм зоож энэ тэрийг дурандсан  орос хүмүүс Зүүнбаянд анх хөл тавьж байсан нь өнөөх газрын тосны хайгуулын эхлэл нь байжээ.

Удалгүй эх орны дайн эхлэхэд өнөөх оросууд буцаад явчихав. Гэтэл дайны дараа 1945-1946 оны үед хайгуулын баг дахин ирж судалгаа хийж өндөр нарийхан байшин  барьчихаад дахин алга болох нь тэр. Тухайн цагт  нам  төрийн ажилд идэвхтэй оролцдог  нутаг усандаа нэр  хүнд хүлээсэн “Өөхөн” Гомбо” гэдэг хочтой хүн байж.  “Зүүнбаянгаас нэгдүгээр цагаан бензин гарч гэнэ. Үүнийг “Өөхөн” Гомбо шинжлэх ухаанд явуулж батлуулсан байна” хэмээн  ам дамжин  ярилцах болж.

1940-өөд оны сүүлчээр Зоригтбаатар гуайнх Дунд баянд нутаглаж байхад тэрээр аймгийн наадам үзэхээр   мориор Зүүнбаянгийн орчимд дэргүүлэн явтал оросуудын барьсан өндөр нарийн худгийн байшингийн дэргэд  30-аад гэр эгнүүлэн  барьсан нь сүртэй харагджээ.

Харамсалтай нь урд гэрийнх нь хаалгыг хойш нь, хойд гэрийнх нь хаалгыг хажуу тийш нь харуулж барьсан  нь монгол ёс жаягийн хувьд эвгүй байсан ч наадам үзчихээд буцаад ирэхэд гэрийн  хаалгыг урд зүг рүү харуулаад барьчихсан байжээ.

Орос хоригдлуудын нүцгэн гар Зүүнбаянг босгов

Гэрэл зураг эх сурвалж: https://www.tolgoilogch.mn/_nhz+gt6co7

Дэлхийн хоёрдугаар дайны халуун цэгт  фашист германы  эсрэг тулалдаж явсан зөвлөлтийн генерал  Власов армиа  аргагүйн эрхэнд бууж өгөх тушаал буулгаснаар эх орноосоо урвасан гэх хатуу ялд унахад тэдний цөллөгийн газар энэхүү Монголын Дорнын хязгаар нутаг  болжээ.

Фашист германы хүчтэй довтолгооны өөдөөс чин зориг гарган тэмцэхдээ аргагүйн эрхэнд хүчин мөхөстөн, дайралтаа зогсоосон тэднийг тухайн цаг үеийн нийгмийн “хатуу шуурга” дайран өнгөрсөн аж. Эх орны дайны ялалтын уухай цуурайтаад удаагүй байсан цаг.Сайншандын айл өрх бүр хорогдох байртай, иргэний хамгаалалтын бэлэн байдалд байсан үед Зүүнбаянд ирээдүйн нефтийн үйлдвэрийг босгохоор оросын хоригдол цэргүүд өдөр шөнөгүй, хөлс хүчээ дуслуулан ажиллаж байлаа.

Хот байгуулахад эхлээд шугам хоолой, усны шугамыг барьсан бөгөөд Олзворын хонхроос нефтийн туслах агуулах руу явах шугам, машин завод руу ирэх гээд барилгын иж бүрэн магистрал шугамыг хоригдлууд барьжээ. Орон сууцны тэрхүү шугам хоолойн нүх учиргүй гүнзгий. Дараа нь Зүүнбаянд одоо ч сүндэрлэсээр байгаа чулуун байшингуудыг бас л тэд  барьлаа. Харин хоригдлууд газар доогуур ухсан зимлянкад хоригддог байв.

Хөлс хүчээ дуслуулан бүтээн байгуулсан тэдний ажил ер үнэлэгдсэнгүй.1953 оны үед нефть боловсруулах үйлдвэр, нефть боловсруулах завод гэдгийг байгуулж тэнд ажилчин авахад цэргээс халагдаж ирсэн Зоригтбаатар ажилтан болсон аж.

Нефть үйлдвэр гэж юу байдгийг мэдэх нь байтугай урьд өмнө огт сонсогдож байгаагүй уул уурхайн өрмийн мэргэжлээр Монголын олон залуу оросуудыг дагалдаж  ажиллах болсны нэг нь  80 гаруй насыг зооглосон тэмээ хочит  Банзрагч гуай юм. Тэрээр одоо ч Зүүбаяндаа амьдарч байна.

Орос ажилчдын гуанзанд ачигч, сахиул хийж байсан түүний санаанд  нэгэн аймшигт үйл явдал ер  мартагдсангүй.Сахиул хийж байсан тэр нэгэн  шөнө гэнэт   автомат буу пижигнээд явчихаж.Ядрах, өлсөхийн  туйл болсон хоригдлууд шоронгийн хүнд нөхцлийг эсэргүүцэн бослого гаргажээ.Эсэргүүцэл үзүүлсэн хүн бүхнийг газар дээр нь буудаж хорооход машины тэвшээр  дүүрэн  үхдэл болсныг Цагаантээгийн энгэрт аваачиж  нүх ухаж булсан аж.

Цагаан тээг

Зүүнбаянгаас баруун хойхно тав орчим километрт Цагаантээг гэдэг газар бий.Энд эх орноосоо урвасан гэх аюумшигт хэрэгт ял тулгагдан ирсэн харийн хүмүүсийн зовлон зүдгүүрийнтүүхийн гэрчзуун дамнан оршсоор.Хэрэв  эндхийн уул ус,ургамал, салхи бороо нь хүртэл ярьдагсан бол болсон үйл явдлыг үнэнээр нь өгүүлэх байсан биз.

Хоригдлууд рууэнгийн иргэдийг ер ойртуулахгүй. Автомат буутай, нохой дагуулсан  хянагч нар тэднийг өглөөд  малтууж байгаа юм шиг туугаад гарна. Нефть олзворлож байсан Олзворын хонхорт  аваачаад улаан даавуугаар гортиг татан хаашаа ч гаргалгүй  шороо ухуулж байгаад орой болохоор аваад явчихдаг байжээ.

Цагаан тээгийн энгэр тухайн үед  өтгөн бууцтай айлын өвөлжөө байв. Үе үе хоригдлууд хянагчдын  өөдөөс эсэргүүцэл үзүүлээд байхаар нь  газар дээр нь буудаж хороогоод  машины тэвш дээр ачин  баруун хойхонтой байх Хаалгын уулын энгэр эсвэл тааралдсан газраа аваачаад  нүх ухаж шарилыг нь булдаг байсныг хожим нефть үйлдвэрт боловсон  хүчний ажил хийж байсан өдгөө 80 насыг зооглож явааБ.Батсүрэн гуай өгүүлсэн.

Тэрээр Зүүнбаянд 50 жил амьдарчээ. Хоригдлуудыг  буудаж хороогоод тааралдсан газар аваачиж хаяад байхаар нь нутгийн иргэд эвгүйцэж хэл ам хийсэн учир  Цагаантээгт  аваачиж  булсан аж.

Хянагч нараа нохойтой нь алаад зугтсан хориод хүн  зүүн говьд зугтаж ирснийг барьж Цагаантээгийн энгэрт аваачин буудаж амийг нь хороогоод  газарт булжээ.Хоригдлууд гар дээрээ тусгай  ноймортой.Тэднийг  буудаж амийг нь хороосноо баталгаажуулахын тулд нойморыг нь   зөвлөлт рүү явуулдаг байсан тухай яриа бий. Тэр үед  олны дунд  ийм үг гарч гэнэ. “Хууль гэдэг хэцүү юм, хүн гэдэг үхдэггүй юм байна” гэсэн гэдэг.

Диктатурын, захиран тушаах арга тун чанга байсан тухай яриа үүгээр батлагдана. Хааяа нутгийн ард иргэд ажил хийж байгаа хоригдлуудын ойрхон морьтой зөрөөд өнгөрөхөд тэд гараа гозгонуулантамхи, энэ тэрийг гуйх нь өрөвдөлтэй.

Нэг удаа шоронгоос хоригдол оргожээ. Хоригдол  оргосон тухай  хөдөөний айлуудад албаныхан зар тараахдаа “Хоригдлууд та нарыг айлгаж ичээх юм бол шууд буудан хороо, та нарт ял тулгахгүй. Харин баруун гар дээр нь  байгаа номерыг бидэнд авчирч өгөхөд л болно” гэсэн зар  гэмээр амлалт ч  гэмээр  хөндий хүйтэн мэдээ  малчин Жавхлант гэдэг хүний сонорт хүрчээ.

Хувцас  хунар нь урагдаж, гар нь  хагарч, цус нь гоожсонхоригдол зугтаж яваад тэдний гэрт очиход айлын эзэн малын өөхөн тос аваад өгтөл өлссөн хоригдолидчихэв. Хоригдол цэрэг зугтаж яваа тухайтөврүү хэл дуулгаснаар буутай харгис хянагч давхин ирж гэрийн эзэн, эхнэрийнх нь нүдэн дээр хоригдлыг буудан хороох нь тэр.

Эхнэр нь айж ухаан алдах шахжээ. Хянагч  үхдэл рүү харан даажигнаж “Таны гомдлыг бид ингэж барагдууллаа” хэмээн гэрийн эзэнтэй гар барин оджээ.Ийнхүү Зүүнбаянгийн бүтээн байгуулалтыг улаан гараараа босгосон  хоригдлуудыг нэг л өглөө нутаг руу нь  ачаад явчихав. Тэр жил  1950-иад оны дунд үе байлаа.

    Олзворын  хонхор

Зүүнбаянгийн зүүн урдхан талд гурван км орчимд Олзворын  хонхор гэх уудам тал бий. Энэ нэрийг оросууд өгчээ.  Нэгэн жарны өмнө оросууд  энд түүхий нефть олзворлож бензин үйлдвэрлэж байсан бол өнөөдөр хятадууд  мөн түүхий нефть олборлосоор. Энэ хэсгийн  газрын гүн тэнгис далай мэт шингэн нефть агуулжээ. Дундарсан ч дуусдаггүй, баялагийн их уурхай одоо ч өглөгөө өгч байна.

Нефть үйлдвэр баригдсан нь

1951 оны 12 дугаар сарын 25-нд маршал Х.Чойбалсан Зүүнбаянд ирж Олзворын хонхорт хамгийн анхны нефть олборлох төхөөрөмжийн кнопыг дарснаар Монголд нефть үйлдвэр ажиллаж эхэлснийг дэлхий дахинд тунхаглав. Газрын тос боловсруулах үйлдвэр 1950 оны 12 дугаар сард ашиглалтад орж тухайн ондоо 209.4 тонн тос олборложээ.1951 онд энгийн нэрлэгийн байгууламж, 1952 оноос дулааны  крекинг байгууламж, мөн оны сүүлчээр коксын байгууламж ашиглалтад орсон байдаг.

1957 оны 5 дугаар сард Москва хотод болсон Монгол Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр “Монгол нефть” трестийн Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн цогцолборыг  манайд үнэ төлбөргүй шилжүүлэхээр шийдвэрлэсэн төдийгүй  нефтийн үйлдвэрийн цогцолборыг Монгол Улсад шилжүүлэх хоёр улсын комисс томилогдоход Зөвлөлтийн талаас ЗХУ-ын Нефтийн үйлдвэрийн яамны орлогч сайд В.И.Кулявин, Монголын талаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Г.Балжид даргалсан түүх эдүгээ хуучцуулын  ам дамжин яригдана.

Монголчуудтай аягатай хоолоо хувааж иддэг байсан орос мэргэжилтнүүдийн түрүүч 1962 оноос буцаж эхлэхэд  үйлдвэрийн хамаг л техник тоног төхөөрөмжөө манайханд  зааж сургав. Гэхдээ оросуудын мөрдөж байсан дүрэм журам, хариуцлага монголчуудад шилжин ирснээс  хойш суларчээ.  Нефтийн үйлдвэр  10  гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсны бензин, дизелийн түлш, кокс, мазотыг гадагш нь гаргадаг мянга гаруй ажилчинтай том үйлдвэр байлаа.

Зүүнбаян сэргэн мандав

Тухайн үед Зүүнбаянд 330-аад айлын 13500 м квадрат талбай бүхий 88 орон сууц, 500 метр квадрат талбайтай гуанз, 700 метр квадрат талбай бүхий дэлгүүр, эмнэлэг, цэцэрлэг, 160 хүүхдийн сургууль, талхны газар, клуб, халуун усны газар, усан бассейн байлаа. Томчуулын “орос” дэлгүүр гэж тухайн үед хаалттай хаалга шиг “өндөр” босготой дэлгүүр зөвхөн зөвлөлтийн мэргэжилтнүүдэд  үйлчилнэ.

Монголчууд найзархаг учраас хааяа орос анд нарынхаа ар өврөөр нь гүйж байгаад дэлгүүр рүү ороод санаснаа авчихдаг  аргатай. Хэдийгээр  чөлөөт арилжаа наймаагүй социалист нийгэм боловч орос, монголчуудын бизнес далд хэлбэрээр цэцэглэдэг байж.

Энд Монголын хамгийн том усан бассейн байсан, одоо ч бий. Монгол Улсын усанд сэлэлтийн аварга шалгаруулах анхны тэмцээн 1967 онд энд болоход   Зүүнбаянгийн  дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч Тлехан, Андрeй гэх орос нэртэй монгол хүү орост бэлтгэгдсэн мэргэжлийн усанд сэлэгчдийг ардаа орхин   түрүүлсэн ч насанд хүрээгүй  шалтгаанаар  хоеуланг нь  байр ухраасан  сонин түүх бий.

Нэг зүйлийг онцлоход тухайн үед ажиллаж байсан  зарим монгол аав ээж  Зүүнбаянд төрсөн хүүхдүүддээ  нэр өгөхдөө орос найз нөхдөө, монгол оросын найрамдалт харилцааг бэлгэдэн Юра, Шура, Борис, Александр, Алексей, Андрeй, Иван, Володя, Октябрь зэрэг  орос нэр өгч байсан тухай яригддаг. 1950-иад оны үед Улаанбаатарын захын хорооллын айлууд модон жорлонд бие засаж байхад Зүүнбаянгийн албан хаагчид орос маягийн амьдралын хэв маягт дасаж халуун хүйтэн устай тохилог орон сууцанд  амьдарч  байсан нь  соёлын хувьд түрүүлсэн алхам байлаа.

Нефть үйлдвэр хаагдлаа

1969 оны  11 дүгээр  сарын 07-ны өдөр Монголд октябрын баяр тохиов.Зүүнбаянгийн  дунд сургуулийн  сурагч Сугарбаатар  нефть үйлдвэрийн соёлын төвд  хүүхдүүдэд зориулсан  кино үзэхээр иржээ.  Өдрийн 15  цагийн  үе.

Соёлын төвийн үүдээр хүүхдүүд овоорсон байхад  халааснаасаа 50 мөнгө гаргах гээд  тэмтэрсэн түүний нүдэнд  200-гаад метрийн цаана байх үйлдвэрийн нэрлэгийн байгууламжийн дээгүүр улаан гал дүрэлзэж  хар утаа манарч дэлбэрэх нь тэр. Дэлбэрэлтийг зогсоохоор  слесарь Дулмаа  нэрлэгийн колони /шат/  руу авирч байгаад галд  түлэгдэж амь насаа алджээ.

Нэрлэгийн байгууламжийн үйл ажиллагааг буруу тооцоолсон, техник тоног төхөөрөмжийн эдэлгээ хугацаа нь дуусаж  үеэ өнгөрөөсөн зэрэг шалтгаан бодитой юм. Өвлийн эхэн сар гарсан ч гадаа сэржигнүүр салхитай ийм л өдөр Монголын хүнд үйлдвэрт  анхны  дэлбэрэлт бий болов.  Дэлбэрэлтийн дуу  чимээ  баруун хойно  Шарилын уулнаа  нядлагааны  мал ачихаар явж байсан машины жолоочид  тодхон сонсогдсон байдаг. Ингээд үйлдвэр хаагдлаа.

Нефтийн үйлдвэр дэлбэрснээс хойш арав гаруй хоногийн дараа 1969 оны 11 дүгээр сарын 8-нд  тэр үеийн Батлан хамгаалах яамны сайд, генерал Дорж  нисдэг тэргээр  Зүүнбаянд  буув. Зүүнбаян цэргийн хот болох нь гэсэн яриа олны дунд тарсан нь  үнэн байлаа.

Дараа нь  Дорнод аймагт байсан Сэнгээ захирагчтай Хуягт бригадыг Зүүнбаянд нүүлгэн авчирснаар нефтийн үйлдвэрийн бааз суурийг цэргийн ангид бүрэн шилжүүллээ. Цэргийн анги 1970 оны нэгдүгээр сарын 01-нд Бригад, 1972 онд Дивиз болон өргөжсөн түүхтэй.

Үргэлжлэл бий…

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button